logo
Н.Алтанхуяг: Шинэчлэлийг хэрэгжүүлэх хүмүүс нь төрийн албан хаагчид юм

Н.Алтанхуяг: Шинэчлэлийг хэрэгжүүлэх хүмүүс нь төрийн албан хаагчид юм

2013/04/14

Шинэчлэлийн Засгийн газраас хийж байгаа ажил, зорьж байгаа төлөвлөгөөг төрийн албаны бүх шатандаа ойлгож хүчээ нэгтгэх нь чухал гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэл-Сэтгэл гарган хийх ажил” сэдэвт төрийн албан хаагчдын анхдугаар уулзалт дээр хэллээ. Монгол төрийн ачааны хүндийг үүрдэг яам, агентлаг болон нийслэлийн захиргааны бүх байгууллагын 7000 гаруй албан хаагч өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт цуглан, ойрын жилүүдэд төрийн бодлого хаашаа чиглэхийг, албан хаагчид ажилдаа ямар зарчим баримтлах ёстойг хэлэлцлээ. Төрийн албан хаагчид анх удаагаа өргөн бүрэлдэхүүнээр цугласан энэ уулзалтын үеэр Засгийн газрын бүх сайд хариуцсан салбартаа хийж буй ажил, шинэчлэлийг танилцуулсан юм. 

 

Хэм хэмжээ мөрдөггүй Монгол Улсыг стандарттай улс болгохоо Шадар сайд Д.Тэрбишдагва, нийгмийн бүх хүрээн дэх зуун задгай байдлыг халж, ажил хэрэгч хандлагад хөтлөх 45 том ажил эхлүүлснээ Ч.Сайханбилэг сайд, Монгол Улсаа гадаад орнуудаас гуйдаг биш хамтарч ажилладаг том түнш болгохоо Л.Болд сайд, зовлон ярьж хойш суудаггүй, бүтээхийн төлөө хөрөнгө төсөв босгож чадахаа Ч.Улаан сайд, хууль бүгдэд адил тэгш үйлчилдэг гэдэгт итгэдэг ард түмнийхээ найдлагыг сэргээхээ Х.Тэмүүжин сайд, хот хөдөөгийн хаана ч ая тухтай амьдрах боломж бүрдүүлэхээ Н.Батбаяр сайд дуулгалаа. Мөн иргэнээ ажил орлогоор нь ялгаварладаггүй орон сууцны зээлийн бодлого хэрэгжүүлэхээ Ц.Баярсайхан сайд, арын хаалга үйлчилдэггүй, амьдрах чадварт сургадаг боловсролын тогтолцоо бүрдүүлэхээ Л.Гантөмөр сайд, зам, дэд бүтцээр эх орноо хөндлөн гулд холбох түүхэнд байгаагүй бүтээн байгуулалт өрнүүлэхээ А.Гансүх сайд, зөвхөн Монголоор овоглох брэндүүдээ дэлхийн тавцнаа таниулахаа Ц.Оюунгэрэл сайд, бензин шатахууны хараат байдлаа халж, түүхий нефтээ гадаадад зардаг болгохоо Д.Ганхуяг сайд, эх орондоо ажилтай орлоготой, үнэ хүндтэй амьдрах нөхцөл бүрдүүлэхээ Я.Санжмятав сайд, хүнээ тэргүүн баялагт тооцож, халамжийн биш хамгааллын бодлого хэрэгжүүлэхээ С.Эрдэнэ сайд, цахилгаан дулааны олон эх үүсвэр барьж, хөгжлийн хөдөлгүүр болгохоо М.Сономпил сайд, оочер дугааргүй, ойлгомжтой тогтолцоотой эрүүл мэндийн үйлчилгээ нэвтрүүлэхээ Н.Удвал сайд мөн илэрхийллээ. Үйлдвэржилтийн шинэ үеийг эхлүүлж буйгаа ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл, баялаг нөөцөө үр ашигтай ашиглах ногоон хөгжлийн үзэл баримтлалыг бүх түвшинд мөрдүүлж, иргэдийнхээ тархинд “мод тарихаа” БОНХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд бас танилцууллаа. Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл төв талбайгаа тойрон төвлөрсөн ганц төвтэй нийслэлийг найман төвтэй орчин үеийн том хот болгон хөгжүүлэхээр ажлаа эрчтэй урагшлуулж байгаагаа онцоллоо.
Энэ мэтчилэн салбарт бүрт хийх ажлаа сайдууд танилцуулсны дараа дээрх бодлого, үйл ажиллагааг ард иргэддээ хүргэх гүүр төрийн албан хаагчиддаа сэтгэл гарган ажиллахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг захилаа. “Зах зээлд шилжсэн эхний хорин жилд нийгмийн бүх салбарт мөнгөнд хөтлөгдсөн хандлага сэтгэлгээ ноёрхож, үүний уршгаар төрийн бүх байгууллага авлигын сүлжээнд торлогдож, жирийн албан хаагчид албан тушаалтны өмнө хүчгүйдэж ирсэн. Болохгүй байна гэж бүгд хүлээн зөвшөөрсөн энэ байдлыг өөрчилье гэж уриалахын зэрэгцээ шинэчлэлийг гардан хэрэгжүүлэх хүмүүс нь төрийн албан хаагчид та нар юм шүү. Одоо сэтгэл зүрхний дуудлагаар, ур чадварын тэргүүллээр төрийн албыг залгамжлан авч явах цаг ирсэн” хэмээн Засгийн газрын тэргүүн тодотгож байв. Муу явдалтан оршиж болдоггүй, сайн нэгэн хэлмэгдэж хохирдоггүй төрийн тогтолцооны төлөө олон даваа давж, бэрхшээл туулж байгаа ч ийм шударга тогтолцооны төлөө19сайд биш, төрийн бүх албан хаагчид хүч оролцоо, сэтгэл зүтгэлээ нэгтгэн байж бий болгоно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш