logo
Буруу явбал С.Баярцогтдоо нэг хөшөө босгож өгөөд л дуусна

Буруу явбал С.Баярцогтдоо нэг хөшөө босгож өгөөд л дуусна

2013/04/15
УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөртэй ярилцлаа. Боловсролын салбарын шинэчлэлээс эхэлсэн бидний яриа яалт ч үгүй өнөөдрийн хувьд хамгийн эмзэг сэдэв болоод байгаа уул уурхайн бодлого руу хальтарч ороод болсонгүй. Тиймээс бидний яриа нэлээд сунжирсан тул уншигчдаасаа хүлцэл өчөөд, тэвчээртэй уншихыг хүсье. Тэгсний дараа та заавал нэгийг бодох биз.

-Боловсролын шинэчлэлийн ажил юу болж байна аа. Баахан багш нарыг бужигнуулаад л, сургаад байгаа сураг байдаг. Харин салбарынх нь сайд дуугүй яваад байх юм, тийм их завгүй ажиллаж байна уу?
-Салбар бол маш хүнд байна. Үндсэндээ манай суурь боловсролын систем өөрөө номлолын шинжтэй, цээжилдэг, багш нар тодорхой номлолыг хүүхдэд тогтоолгох ёстой гэсэн ажлын хөтөлбөр, удирдамжтай, тэр тогтоох, номлох ажиллагаа нь нарийн програмчлагдсан, түүнийгээ хэр цээжилсэн байна гэдгээр нь шалгаж дүгнэдэг хуучны систем л дээ. Энэ систем өнөөдөр цаг үетэйгээ үнэхээр таарахгүй байна. Цаг үе маань хувь хүнд маш их сорилтыг бий болгож байна шүү дээ. Маш зөв шийдвэр гаргах шаардлагыг хувь хүнд тулгаж, хувь хүн амьдралаа авч явахын тулд биелүүлэх даалгавар өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өнгөрсөн зууны 40-50 оны үеийн өндөр боловсролтой хүний хийдэг ажлыг өнөөдөр мэргэжлийн сургууль төгссөн хүн л хийж байна шүү дээ. Амьдралын орчин, өгөгдсөн даалгавар нь тийм байна. Тэр үеийн суутнуудын хийж байсан ажлыг өнөөдөр манай дундаж бакалаврууд хийгээд явчихаж байна. Тэгэхээр өнөөдрийн цаг үед тэр үеийн сургалтын арга технологи тохирохгүй л дээ. Тэр тохирохгүй юмыг нь өөрчлөх итгэл үнэмшил дутуу, бодит судалгаа бага хийгдсэнээс болоод өнөөдрийн шаардлагад нийцсэн хүн бүтээх, тийм хүн болж төлөвших асуудал хоцроод байна. Тийм учраас бид суурь сургалтын арга зүйн философийг шинэчлэх ажил хийж байна.

-Яг ямар байдлаар өөрчлөх гэж?

-Өнөөгийн цаг үе хувь хүнээс асар их мэдлэг хуримтлуулсан байхаас гадна ухаалаг шийдвэр гаргах чадварыг шаардаж байна. Хуучин систем бол мэдээллийг зүгээр л дамжуулдаг, авсан мэдээллээ эргээд үнэлүүлдэг, тэр үнэлгээ нь гайгүй байвал боловсролтойд тооцогддог тийм л систем байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр ямар ч мэргэжлийн, ямар ч ажил хийж байгаа хүн өөрөө шийдвэр гаргах тохиолдол асар их болсон байна. Маш олон зүйл дээр хувь хүн өөрөө шийдвэр гаргах ёстой болдог. Тэр чадварыг хүмүүст өгөх арга зүй, технологийн шинэчлэлийг л бид хийж байгаа юм. Үүнийг олон өгөгдөлтэй тэгшитгэл гэж харах юм бол өгөгдөл нь "юу сурах вэ, яаж сурах вэ, сурсныг нь хэрхэн үнэлэх вэ" гэсэн гурван том даалгавар байна.

Юу сурах вэ гэдэг агуулгын хувьд бид дэлхийгээс 20 хувь, зарим хичээл, зарим шинжлэх ухаан дээр 30 хувь хоцорчихоод байна. Шинжлэх ухааны нээлтүүд асар хурдтай явж байгаа учраас тэднийг хүлээж авах бидний хурд хоцроод байгаа юм. Юуг мэдсэн байх ёстой вэ гэдэг энэ даалгавар дээр Боловсролын хүрээлэн ажиллаж байна. Үндсэн агуулгынхаа хэм хэмжээг бид энэ хавар гэхэд гаргачих юм.

-Боловсролын хүрээлэн маань гэвч ямар хүмүүсээс бүрдэж байна вэ? Тэнд хоцрогдол байхгүй болоод боловсролын салбар ингэж хоцрогдсон гэж үү?

-Боловсрол судлалын хүмүүсээс бүрдэж байгаа. Бүрэлдэхүүний хувьд бол өнөөдөр шаардагдаж байгаа тэр агуулгаа бариад хийчих чадамж дутуу. Дутуу учраас ном сурах бичгээ хөндлөнгийн зохиогчдоор хийлгэдэг байсан уламжлалт ажлууд нь одоохондоо байж л байна. Ойрын үед бид ном сурах бичгээ өөрсдөө хийчих хэмжээний бүрэлдэхүүнийг Боловсролын хүрээлэн дээр бий болгохыг зорьж байгаа.

Дараагийн асуудал нь яаж сурах вэ, яаж мэдлэгийг авах вэ гэдэг даалгавар. Түрүүний миний хэлсэн мэдээлэл дамжуулдаг системийг эвдээд мэдээллийг мэдлэг болгож авдаг, ухаалаг шийдвэр гаргаж чаддаг хүн болж төлөвших энэ процесс өөрөө цоо шинэ арга зүйг шаардаж байна. Энэ ажлууд сургуулиуд дээр хийгдэнэ, хамгийн эхний оролцогч нь багш нар маань байна. Багш заана гэж дайрахаасаа илүү тухайн хүүхдийг сурахад нь тусалдаг туслагч, сайн нөхөр, сайн хамтрагч болох ёстой. Хуучин бол багш самбар дээр бичээд, хүүхдүүд түүнийг нь хуулж аваад гардаг байсан. Одоо бол аль болох самбар дээр бичдэг цагаа багасгаж, хүүхдүүдийнхээ оролцоог нэмэгдүүлнэ. Нэг үгээр хэлбэл хүүхдүүд тухайн хичээл дээр үзэж байгаа сэдэв, мэдэж байгаа даалгавраа олон талаас нь дүгнэдэг, мэтгэлцдэг, хүүхдүүдийн оролцоог бий болгосон сургалтын орчинг бүрдүүлэх юм. Энэ ажлыг багш нарынхаа хүрээнд эхлээд явж байна. Багш хөгжлийн төв дээр бид багшийн багш нараа үндсэндээ бэлтгээд бэлэн болгочихлоо. Төвийн хажууд дахиад багшийн багш гээд 105 багш бэлэн болчихлоо, зөвлөх баг ажиллаж байна. Үндэсний хэмжээнд бүх багш нараа арга зүй, технологийн шинэ системд шилжүүлэх юм.

-Тэгээд хэр урт хугацааны сургалтад хэдэн багшийг хамруулж байгаа юм бэ?

-Үндсэндээ бүх багш нарыг гурван жилийн дотор хамруулах зорилго тавьж байгаа. Ийм потенциаль, боломж бидэнд байна, багш нар бас өөрсдөө үүнд бэлтгэлтэй байна. Олон жил конспектоор ажлаа дүгнүүлж ирсэн зарчмыг халж, багш нар маань өөрсдөө хүн судлаач, философич, танин мэдэхүйн хүсэл эрмэлзлийг нь байнга өдөөж байдаг хүмүүс болж өөрчлөгдөнө. Манай багш нарт унаган авчихсан тийм сургалтууд нь байдаг. Даанч түүнийгээ ашигладаггүй, ашиглах боломжгүй болгосон байхгүй юу. Багшид итгэдэггүй, сургуульд итгэдэггүй учраас маш нарийн программуудыг өгдөг. Та есдүгээр сарын 1-ний эхний цагт энэ мэдлэгийг өг, хоёрдугаар цагт энэ мэдлэгийг өг гэж олон жижиг хэрчмээр хувааж өгдөг. Тэгж мэдээллийг олон хэрчмээр хувааж өгөхөөр хүүхдүүд тухайн мэдээллийг мэдлэг болгож хуримтлуулж чадахгүй байна. Тийм боломж ч байхгүй юм. Хүүхэд хэзээ мэдээллийг мэдлэг болгож авч чаддаг вэ гэхээр танин мэдэх хүсэл нь оргилж байгаа үед л чаддаг. Гэтэл тэр танин мэдэх хүслийг нь хаагаад "Чи энэ цагаан толгойг л унш, үсэглэж сурах нь, цээжлэх нь л чиний ажил" гэдэг, хүүхдийг танин мэдэх гэсэн оргил цаг дээр нь дардаг, хязгаарладгийг бид сургалтын шинэ арга зүйгээр халж байна. Эхнээсээ сургалтад хамрагдсан багш нар маань өмнө нь яамнаас өгч байсан хатуу программыг зөөллөнө. Багшид нэг л жилийн программ өгдөг болно. Өдөр, цагаар хэмждэг байсан программыг одооноос "Энэ нэг жилийн хугацаанд та хүүхдэд энэ мэдлэгийг өгөөрэй, хэзээ ямар хичээлээ орох нь таны асуудал" гээд багшид эрх мэдлийг нь өгч байгаа юм. Эрх мэдэлтэй болсноор багш өөрийгөө дайчлах боломж бүрдэнэ.

Эндээс багш өөрийгөө дайчилсан, дайчлаагүйг юугаар үнэлэх вэ гэдэг үнэлгээний шинэ систем хэрэгтэй болно. Хэрхэн үнэлэх вэ гэдэг дээр хоёр л зүйл байгаа. Нэгдүгээрт хүүхдүүдийн үнэлгээ, хоёрдугаарт багшийн ажлын үнэлгээ. Өмнө нь бид багшийн ажлыг олимпиадад хэр олон хүүхэд оруулсан, конспектоо хэр сайн хийсэн бэ гэдгээр нь үнэлдэг байсан. Харин одоо тэр ангийн хүүхдүүдийн хөгжил, багшийн арга зүйн шинэчлэлийг хичээл дээр нь сууж үзээд л дүгнэчихнэ шүү дээ. Ийм шинэ системийг хийж байна. Хичээл гэдгийг бид хичээнэ гэж ойлгох хэрэгтэй. Өмнө нь энэ нэг цагийн хугацаанд багш хичээдэг байсан бол одоо хүүхдүүд хичээдэг болно. Багш цагтай уралдаж самбартай ноцолддог байсан бол одоо хүүхдүүд асуудлаа тойрч ярьдаг, мэтгэлцдэг болно гэсэн үг. Мэдээлэл хэзээ мэдлэг болдог юм бэ. Түүнийг олон өнцгөөс дүгнэж, олон үйл явдлаар чимж байж мэдлэг болдог байхгүй юу. Нэг удаа сонсоод өнгөрөхөд бол тархинд байж л байна л даа. Гэхдээ тэр нь гарч ирдэггүй, олддоггүй. Хамгийн амархан гарч ирдэг, амархан олддог мэдлэг бол маш олон үйл явдлаар чимсэн, маш олон өнцгөөс дүгнэсэн мэдээлэл байдаг.

Номоор жишээлэхэд "Энэ бол ном, номыг сурахад хэрэглэнэ" гээд л мэдлэг олгох ажил маань дуусчихаж байгаа байхгүй юу. Үүнийг хэдэн төрлийн ном байдаг, номыг хэн зохиодог, зохиох арга нь юу байдаг, хэн уншдаг, унших ямар арга байдаг, номыг уншихаас өөрөөр яаж хэрэглэдэг, аль ном хамгийн их зарагдсан гэх мэтчилэн номыг тойруулаад маш олон мэдээллүүдээр бүчих юм бол номны тухай маш сайн ойлголттой болно. Энэ ойлголтыг өгөхийн тулд багш зөвхөн яриад, бичээд байх биш, хүүхдүүд өөрсдөө гаргаж ирдэг болох ёстой. Нэг үгээр хэлэхэд тухайн шинжлэх ухааныхаа ойлголт, агуулгыг илүү баян болгож, илүү олон үйл явдлаар чимж зузааруулж өгөх юм бол тэр жинхэнэ мэдлэг болдог. Хүүхэд аливаа асуудлыг эсрэгээр нь бодож, асуулт тавьж, тэрнийхээ хариултыг өөрөө олж чаддаг байх ёстой. Танин мэдэхүйн тийм сэдэл, эргэлзээ хүүхдэд байнга байдаг. Түүнийг нь л хөгжүүлэх, ил гаргах нь багшийн ажил. Хариулт нь чамд байхгүй, зөвхөн багшид байгаа гэдэг одоогийн номлолын арга хэлбэрээсээ татгалзах хэрэгтэй. Ер нь их номлолд өртсөн, изм-ыг шүтсэн хүмүүс сүүлдээ хэн ч биш л болдог байхгүй юу. Яагаад гэвэл тэр изм, номлолоос чинь хальсан маш олон даалгаврууд амьдрал дээр биднийг тосч байна.

Танин мэдэхүй гэдэг угаасаа гайхаж тээнэгэлзэх, эргэлзэхээс эхэлдэг. Хүүхдийн тэр эргэлзэж тээнэгэлзэх, үл итгэх сэтгэхүйг л хөгжүүлэх ёстой байхгүй юу. Тэгээд тайллыг нь өөрөө олж чаддаг чадварыг суулгаж өгмөөр байна. Тайлал нь таны дотор байгаа гэдэг итгэл, тэр чадварыг суулгаж өгөөгүй учраас л изм-ээр хүмүүжсэн энэ хүмүүс манай нийгэмд хамгийн том бэрхшээлийг авчирч байна шүү дээ. Ерөөсөө ийм л байх ёстой гээд итгэчихсэн, өөрийнх нь хувийн дүгнэлт огт байхгүй учраас өнөөдөр манай монголчууд мэргэн ухаан, сайн сайхан зүйлийг дандаа өөрөөлөөс хайдаг. Өөрөө уул уурхайн компанид ажилламаар байгаа мөртлөө уул уурхай бол муухай, өөрөө баян амьдармаар байгаа хэрнээ баян хүн муу, өөрөө хэзээ ч малчин болохыг хүсэхгүй мөртлөө малчин бол сайн ажил гэдэг байхгүй юу. Хамгийн зөв зүйл өөрт чинь байгаа гэдгийг ойлгодоггүй. Хэрэв та хүүхдээ их сургуульд сургамаар байгаа бол бусад бүх хүн тэгж хүсэх эрхтэй гэдгийг л ойлго. Гэтэл өөрөө хүсч байгаа мөртлөө өрөөлийг болохоор сурах албагүй гэж байгаа байхгүй юу. Өөр хийх ажил дүүрэн байна, ер нь ажил хийдэг хүн алга болчихлоо ч гэдэг юм уу. Чи юу бодож байна, тэр чинь бүх монгол хүнд түгээмэл, зайлшгүй зүйл гэдгийг л ойлгох хэрэгтэй.

-Өөрт хүсэхгүй зүйлээ бусдад бүү хүс гэдэг шиг үү?

-Тийм. Жишээ нь чи сэтгүүлч хүн, өөрийгөө үнэлдэг. Өөр хэнээр ч тэр үнэлгээг тогтоолгохыг хүсэхгүй. Тэгсэн мөртлөө миний уух ундааны үнийг хэн нэг нь тогтоож өгөөсэй, миний идэх хоолны үнийг чи зохицуулж өг гэж болохгүй биз дээ. Тэрийг чинь ч гэсэн хүн хийж байгаа. Чи өөрийнхөө хөдөлмөрийг өндрөөр үнэлэхийг хүсч байгаа шиг бусад хүн ч гэсэн хөдөлмөрөө үнэлмээр байгаа. Үүнийг харилцаа л зохицуулдаг байхгүй юу. Чиний бичиж байгаа нийтлэл гэхэд түүнийг авч байгаа хүний төлбөрийн чадвар, уншигчдын хэмжээгээр үнэ тогтоно. Гэхмэтчилэн өөрт тохиолдож байгаа зүйл үнэн биш, өрөөлийн тухай өөрийн чинь дүгнэлт л үнэн гэж итгэдэг мулгуу зүй тогтол манай нийгэмд тогтчихлоо шүү дээ. Энэ ноёлчихсон зүй тогтол хаанаас эхлэлтэй вэ гэхээр мэдээлэл дамжуулж ирсэн аргазүй, технологи, боловсролын системтэй холбоотой байна. Боловсролын систем нэг үе тодорхой шинжлэх ухаан хүний сэтгэн бодох чадварыг задалдаг гэдэгт хэт их итгэж явсан. Энэ итгэлээр математикт сайн хүмүүс нь ухаантай, математикт муу хэсэг нь жаахан мулгуудуу хүн гэдэг ойлголт олон арван жил үргэлжилжээ шүү дээ. Энэ ойлголтод найдаад үлдсэн сургалтыг бүгдийг нь изм, номлол болгосон, номлол бол зайлшгүй мөрдөх зарчим гэж итгэсэн. Сүүлийн 10, 20, 30 жил, түүнээс өмнө бойжсон бүх хүмүүс дандаа номлол дээр бойжсон. Ямар хүмүүс арай зөв шийдвэр гаргаад яваад байна вэ гэхээр өөрийнхөө амьдралаар тодорхой ухаарал авсан, үйл явдлын өрнөл дундаас өөрийгөө таньж мэдсэн хүмүүс арай нэг зөв явж байна.

-Гэвч боловсролын систем, сургалтын технологи маань өөрөө нийгмийг ийм харанхуй байдал руу түлхээд байна гэдгийг багш нар өөрсдөө хүлээн зөвшөөрдөг үү?

-Үүний эсрэг хөдөлгөөн сүүлийн 30 жил өрнөсөн. Ялангуяа багш нарыг бие даалгаад өг, багш нар хичээл заах чөлөөтэй цагтай болмоор байна, сургалтын хэрэглэл алга, сургалтад мөнгө зармаар байна гэж. Гэтэл "чи сургалтад мөнгө зарж болохгүй, чөлөөтэй сэтгэн бодож болохгүй, яг тогтсон графикийн дагуу заана" л гэдэг байхгүй юу. Жишээ нь нэгдүгээр ангийн математикийн хичээлийг заахдаа эхлээд хүүхдийнхээ сэтгэн бодох чадварыг тоо бодох хэмжээнд авчирчихаад дараа нь тоо бодлогоо ордог байж, хүүхэд өөрөө хүсч байж уншиж сурах тэр программыг бий болгож яагаад болохгүй гэж. Одоо манай зөвлөх баг үүн дээр ажиллаж байна, тэр нь цаашдаа боловсрол судлалын институт болж төлөвших юм. Ийм дархлаа Монголд байх ёстой, аргазүйн судалгааг бид байнга хийх хэрэгтэй. Яагаад гэвэл дэлхий дээр өдрөөс өдөрт аргазүйн цоо шинэ технологи бий болж, маш олон хүн үүн дээр ажиллаж байна. Яавал хүүхэд хурдан уншиж, яавал уншсанаа шууд тогтоож, тогтоосноо яаж зөв илэрхийлж сурах вэ гэхчилэн хүний оюун ухааныг хөгжүүлэх, илүү ухаалаг болгох программ дэлхий даяар туршигдаад явж байна. Үүнийг сорж авдаг, цуглуулдаг, сургуулиуд дээр аваачиж өгдөг институтууд манайд бий болно. Бид энэ ажлыг хийж байна. Гаргасан бодлогоо Багш хөгжлийн төв дээр байгаа сургагч багш нар, багшийн багш нараар дамжуулаад багш нар луу хүргэнэ.

-Энэ шинэчлэлийг хийхэд хэр их хугацаа орох бол?

-Энэ мэдээж нэг жилийн дотор хийгдэхгүй. Хоёр жил, гурван жилийн дараа хийгдэнэ, хугацаа хэрэгтэй. Эхний ээлжинд юу сурах юм бэ гэдэг агуулга дээр Боловсролын хүрээлэнгээ институт болгож бэхжүүлье. Яаж тэр агуулгаа хүргэх вэ гэдэг дээр сургуулиудаа бие даалгаж, багш нараа эрх мэдэлтэй болгоё. Үнэхээр чи "Энэ сургуулийг төгссөн багш" гээд диплом өгсөн бол итгэ, итгэхгүй бол битгий диплом өг гэдэг зарчим руу бид шилжиж байгаа. Гэхдээ багш байнга хүүхэдтэйгээ ноцолддог учраас арга зүйн шинэ технологийг гаргаж ирэхэд хэцүү л дээ. Тиймээс тэр технологийг Боловсролын судалгааны төв дээрээ боловсруулаад тэндээс гарсан бүтээгдэхүүн нь Багш хөгжлийн төв, аймаг дүүргийн боловсролын газраар дамжаад сургуулиуд дээр очино. Аймаг дүүргийн боловсролын газар өнөөдрийг хүртэл багш нарыг хянадаг газар байсан бол одооноос тэр технологийг дамжуулдаг төв болно. Боловсролын судалгааны төв дээр гол нь хүн судлах программуудыг хийх юм. Хүнийг таньдаг, тархинд байгаа мэдээллийг уншдаг, түүнд нь үнэлгээ өгдөг программуудыг хийнэ гэсэн үг. Энэ чинь бүхэл бүтэн шинжлэх ухаан байхгүй юу. Институтын хувьд Монголд хэн ч маргалддаггүй л хүчирхэг институтуудыг байгуулах ёстой. Бидний өнөөдөр явуулах бодлого арван жилийн дараах монголчуудад хэрэгтэй. Арван жилийн дараах монголчууд өнөөдрийнхөөс хэд дахин илүү хэцүү даалгавартай тулгарах нь ойлгомжтой байна. Тэр асуудлыг шийдэх чадвар монгол хүнд хэрэгтэй. Бид тийм цаг үеийн хүнийг бэлтгэж байгаа гэдгээ л ухаарах хэрэгтэй. Ер нь Монголыг боловсрол л аварна гэдгийг л ойлго. Өөр юу ч аврахгүй. Тэр тусмаа уул уурхай дээрээ улаан гэрэл асаачихсан нөхцөлд.

-Яагаад улаан гэрэл асаачихсан гэж?

-Ухаалаг шийдвэр гаргахад маш хүнд байна шүү дээ. Өнөөдрийг хүртэл төрийн компаниа л шүтдэг байдал арилахгүй байна. Тийм учраас уул уурхай руу мөнгө орж ирэхээсээ өнгөрсөн байх вий гэж санаа зовж байна. Харин ч яаж өрөнд орохгүй, дампуурчихгүй шиг салах вэ гэдгээ л сайн бодох ёстой.

-Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" хамгийн түрүүнд энэ дампуурлын эхийг тавих байх гэж бодож байна?

-"Эрдэнэс Тавантолгой"-д төрийн менежмент заавал байх шаардлага байгаа юм уу. Тэр менежментийг бид хараат бус менежментийн багт үнийг нь тохироод л өгөх хэрэгтэй шүү дээ. Мөнгө төлж ажил хийлгэж сурья л даа. Яаж ийм бага цалинтай захирлуудтай ийм баг тэр том уурхайг ажиллуулах юм бэ. Гурав, дөрвөн тэрбум төрөгийн үнэтэй баахан таардаггүй дугуй аваачаад зооринд нь хураачихсан л гэж яригдаж байна. Хүн сайн бол аваад явчихна гэж ойлгож болохгүй. Ямар үед хүн сайн байдаг вэ гэвэл хийсэн ажилтайгаа тэнцүү төлбөр авч чадаж байж л тэр сайн хүн байдаг, сайн ажилладаг. Тийм учраас төрийн өмчийг шүтсэн, төрийн өмчид дулдуйдсан энэ сэтгэхүй ноёлж байгаа цагт бол бидэнд үнэхээр хэцүү шүү. Горьдох юм байхгүй, бүгд хаалгаа барина.

-Тэгээд уул уурхай, хөрөнгө оруулагчид Монголыг орхисонд хэн буруутай юм?

-Уг нь бол Монгол өөрөө дэлхийн сонирхлыг татах боломжтой улс орон байсан. Харамсалтай нь тэгж чадаагүй, одоо бүр л хэцүү болох болов уу. Ийм боловсролтой, ийм ухаалаг бус шийдвэр гаргадаг нөхцөлд шүү дээ. Хэн нэг хувь хүнээс шалтгаалж биш, нийгмийн ерөнхий хандлага нь ингэж давамгайлж байна. Ийм ухаалаг бус байдал давамгайлж байгаа тохиолдолд найдвар тасарчихаж байгаа юм. Манайд хөрөнгө оруулаач, тэгвэл бид ийм таатай нөхцөл бий болгоно гээд Хятад, Америк хоёр уралдаж байна гээд бод доо. Тэгэхэд Монгол үгүй гэж байна, бүгдээрээ л үгүй гэсэн шүү дээ. Хөрөнгө оруулагчийн хэрэг алга, бид өөрсдөө хийнэ л гэсэн. Тийм учраас ирээдүй маш бүрхэг байна, энэ бүрхэг байгаа ирээдүйг аврах ганцхан арга байна. Тэр нь ухаалаг монголчуудыг бэлтгэх явдал. Бидний өнөөдөр амьдарч байгаа нөхцлөөс хэд дахин илүү хэцүү даалгаврууд арван жилийн дараа бидний хүүхдүүдийн өмнө гарч ирэх нь байна. Тэр хэцүү даалгаврыг биелүүлж чадах хүмүүсийг л бэлтгэх ёстой. Мэдээж өнөө үеийнхэн мэдээж тэр даалгаврыг тодорхой хэмжээнд нугална л даа. Нэг өдөр бүх асуудал гараад ирэхгүй учраас өдөр өдрөөр гарч ирж байгаа асуудлыг буруу, зөв ч гэсэн шийдээд, буруу шийдсэнээсээ дараа нь сургамж аваад явна. Гэхдээ л хүсээд байгаа зөв шийдвэрээ өөрийнхөө толгойгоор гаргаж чадахгүй байна. Хэцүү сорилтуудыг давах тухай ойлголт тун бага байна.

-Танай Засгийн газар ч гэсэн тэгж л яваа шүү дээ?

-Нэг Засгийн газар гэхээсээ илүү нийтлэг монголчуудын үзүүлэлт болчихжээ гэдгийг л би хэлж байна. Зүгээр л изм ярьдаг, номлодог, түүнийг нь дагадаг, номлож байгаа хэсэг нь номлолыг нь дагах ёстой гэж боддог. Өөрөө малчин болохгүй байж малчны тухай ярьдаг, өөртөө хамааралгүй бүх юмыг үнэн гэж ярьдаг, өөртөө хамааралтай юмыг болохоор нуудаг. Тийм өвчтэй болчихоод байгаа байхгүй юу. Үүнийг өвчин гэхүү, үзэгдэл гэх үү. Одоо бид залуу үеэ жаахан чөлөөтэй сэтгэж чаддаг, арван жилийн дараа энэ улс орныг аваад явчих хэмжээний бүтэн үе бэлтгэхийн төлөө явмаар байна. Бид цөөхүүлээ учраас илүү ухаалаг байх шаардлагатай, боловсрол өндөртэй олон хүнтэй болох хэрэгтэй. Боловсрол өндөртэй, ухаалаг шийдвэр гаргах чадвартай хүмүүс нь 80 хувь байх юм бол Монгол дажгүй явна. Өмнө нь 50:50 хувь байсан бол сүүлдээ шийдвэр гаргах чадвартай хүмүүс нь 30 хувь болчихлоо гэж ярьж байна. Ийм л нөхцөл байдал үүсчихээд байна.

-Боловсролын асуудал дээр таны барьж байгаа байр суурь үнэхээр сонирхолтой бөгөөд шинэлэг байна. Гэхдээ Засгийн газар танхим бүхэлдээ энэ шинэчлэлийг гараа өргөн дэмжиж байгаа юу, хөрөнгө мөнгө гаргах уу?

-Боловсролын яам нь үүнийг хийхэд л хангалттай. Заавал Засгийн газрын том бодлого болгоод, цоо шинэ юм хийх гээд байгаа юм биш. Манай багш нар ойлгочиход л болно. Багш нар ойлгоод, эцэг эхчүүд ч гэсэн миний хүүхдэд хосгүй авьяас бий гэдэгт итгэ. Миний хүүхэд маш өндөр боловсролтой, ухаалаг хүн болно гэдэгт итгэ. Чадалтай хүн болоод өөрт чинь хэдэн сая доллар олж ирнэ гэдэгт итгэж, тэр хөгжилд нь тусал. Хөгжлөөрөө тэргүүлж байгаа улс орнууд юу хийсэн бэ, ерөөсөө л ард түмэн нь сүүлчийн сохор зоосоо хүүхэддээ зарсан. Гэтэл манайхан яаж байна. Нэг ном аваад өгчих, үгүй. Хөгжим аваад өгөөч, үгүй. Одоо манай хүүхдүүд олигтойхон дүрэмт хувцастай болно, би ийм шаардлага тавина. Дэлхийн хамгийн чанартай дүрэмт хувцсыг монгол хүүхдүүд өмсөнө шүү, аав ээжүүд мөнгийг нь төлөөрэй гэж хэлнэ. Аягүй бол төлөхгүй гэж зөрүүдлэнэ л дээ. Тэгээд хэзээ төлдөг гээч. Хүүхдийн баяраар баахан чихэр, шоколад авч өгнө. Цагаан сар, шинэ жил болохоор амттанаар эрхлүүлнэ. Өөрсдөө гадуур зугаалдаг, архиддаг мөртлөө яг хүүхдэд хэрэгтэй зүйл дээр нь мөнгө зардаггүй.

-Сурах бичгийг яах вэ? Хэний ч хамаагүй бичсэн сурах бичгийг сургуулиас үнэгүй аваад өөрсдөө үзэх ч үгүй хүүхэддээ өгсөөр байх уу?

-Сурах бичгийг хүүхэд болгон худалдаж авна. Мэдээж хамгийн чанартай, сайн сурах бичгийг авна. Гэхдээ үнэхээр ядуу хүмүүсийн нэрс нь бол манайд байна, тэр хүмүүст төрөөс үнэгүй өгнө. Үнэгүй юманд хэт дурлах бол үндэстнээрээ, улс орноороо сүйрэх том аюулыг дагуулна шүү. Бид одоо хүүхдүүддээ хамгийн чанартай дүрэмт хувцсыг өмсгөнө, хамгийн сайн сурах бичгийг авч өгнө, хамгийн сайн цүнхийг бариулна. Өнөөдөр манай боловсролын систем унасан хамгийн том шалтгаан бол аж ахуйд мөнгө зарсан, сургалтад мөнгө зараагүй. Солонгосын нэг сургуульд яваад очиход хүүхдэд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн гэхэд 140 мянган төрлийн контент байна, манайд байхгүй. Сурах бичгээс өөр юм байхгүй. Гэтэл хүүхэд сурах бичгээс түүн дээр бичсэн зүйлийг л авна. Тэнд бичсэн зүйлийг өөр байдлаар тайлбарлах, өөр зүйлтэй хамаатуулж, харьцуулж судлах хэрэгсэл нь байдаггүй. Сурагчдаа ч гэсэн бид судлаачдын баг л гэж ойлгох хэрэгтэй. Судлаачдын баг нэг нэгнийхээ араас хараад сууж болохгүй, тойрч суугаад мэтгэлцдэг байх ёстой. Яагаад хувийн сургуульд орсон хүүхдүүд сайн сураад байгаа юм, нэг ч хүүхэд хоцрохгүй байна шүү дээ. Үндсэн шалтгаан бол тэнд хатуу чанга хараа хяналт байхгүй, багшид нь итгэсэн, багш нь хүүхдүүдээ тойруулж суугаад хүүхдүүдтэйгээ ярьдаг, хүүхдүүд нь хоорндоо ярилцдаг, мэтгэлцдэг. Илүү чөлөөтэй сэтгэж, танин мэдэхүйн эргэлзээ тээнэгэлзээг нь тас цохихгүй байна шүү дээ. Бидний хийх зүйл бол арав, хорин жилийн дараа монгол хүмүүс илүү ухаалаг л болох ёстой. Ирээдүйн монголчууд юмыг харьцуулж үнэлдэг, гаргалгааг өөрийнхөөрөө хийдэг, хийсэн гаргалгаандаа үнэнч байдаг, алдаа гаргавал түүнийгээ зөвшөөрч чаддаг байх ёстой. Ийм монголчуудыг сургах орчныг л бид бүрдүүлэх гээд байна л даа.

-Үүнийг нэг яам, нэг сайд дангаараа хийж чадах болов уу?

-Мэдээж Засгийн газар, УИХ-аас гарах шийдвэрүүд байгаа. Яг одоохондоо бол бидний өөрсдийн хийх ажил их байна. Яаман дээрээ, сургуулиуд дээрээ хийх ажил байна, багш нарынхаа дотор сургалт явуулах хэрэгтэй байна. "Авьяас хөтөлбөр", "Ном" хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн цаад утга санаа нь үүгээр дамжуулаад "танай хүүхдэд боломж бий шүү" гэдгийг л бүх эцэг эхчүүдэд ойлгуулах гээд байгаа юм. Өөрийнх нь хүүхэд авьяастай, сайн байх юм бол эцэг эхчүүд хүүхэддээ бүгдийг зориулдаг биз дээ. Гурван хүүхэдтэй бол нэгэнд нь зориулаад бусдыг нь орхидог хандлага байна. Гэтэл бүгдэд нь авьяас байгаа. Авьяас гэхээр зөвхөн дуу хуур гэж ойлгодог бол буруу. Зохион бүтээх, одон орон судлах, инженер зохион бүтээгч болох, тоо бодох, физикийн механик үйлдлүүдийг сайн ойлгоод угсардаг тоглоомуудыг зохион бүтээх гээд ямар ч авьяастай байж болно шүү дээ. Дуу, хуур бол зөвхөн нэг хэсэг нь. Тэгээд клубуудыг сургуулиуд дээр бий болгоно. Клубуудыг зөвхөн багш удирдана гэдэг бас буруу. Тухайн чиглэлээр хамгийн их авьяасаа нээж чадсан хүүхэд нь удирдаад явчихдаг, тэр хүүхэд төгсөөд явахад дараагийнх нь удирддаг болно. Чөлөөт бөхөөр барилдаж чадахгүй, бие султай хүүхэд байж болно шүү дээ, тэд нар нь менежерийг нь хийгээд явчихдаг, хүүхдүүд өөрсдөө тэр зохион байгуулалтаа хийдэг, сургууль, багш нар түүнд нь зөвхөн тусалдаг л байхад болно.

-Сургалтад өмнө нь мөнгө зардаггүй байжээ. Тэгвэл одоо мөнгө зарах уу, клубуудыг санхүүжүүлэх үү?

-Жишээ нь "Авьяас" хөтөлбөрт мөнгө зарж байна. Клуб, дугуйлан ажиллуулж байгаа багш нартаа мөнгө зарна. Одоо жишээ нь Засгийн газрын хуралдаанаар бид гүнзгий сургалтын сургалтын төлбөр тухайн сургуульд үлддэг байх асуудлыг оруулах гэж байна. "Ном" хөтөлбөрийн дагуу бүх сургуулиуд дээр ангийн номын сан бий болгох гэж байна. Дээр нь бид энэ жилийн худалдан авалтаараа дандаа сургалтын хэрэглэгдэхүүн худалдаж авна. Өмнө нь дандаа сургуулийн байшин буддаг, ширээ сандал, компьютер авдаг байсан бол одоо тэгэхгүй. Физикийн хичээл, математикийн бүрэн танхим хэрэгтэй байна. Биологийн хичээл үзэж байгаа хүүхэд хүний бие эрхтэн ямар байдгийг харах хэрэгтэй, барьж үзэх ёстой. Үнэндээ манай сургуулиуд хүүхдүүдийг хөгжихөд ашиглах хэрэглэгдэхүүн тун багатай. Нэг л сайхан ханын цаас, ханын самбар л дүүрэн. Ханын самбар, ном хоёрт ямар ялгаа байгаа юм. Ханын самбар нь том л болохоос биш номон дээр л байгаа зүйл шүү дээ. Гэтэл тэрийг бодитоор нь барьж, имэрч үзэх хэрэгтэй байхгүй юу. Бөмбөг унагаад чөлөөт уналтыг хурдыг хэмжиж үзэх хэрэгтэй. Юм өнхрүүлээд инерцийн хуулийг шалгаж үзэх ёстой шүү дээ. Ингэж байж хүүхэд мэдээллийг мэдлэг болгож авдаг.

Ялангуяа манай аймгуудын ИТХ боловсрол дээр маш сайн мөнгө тавьж байгаа. Ер нь цаашдаа Засаг дарга нарыг боловсролд ээлтэй, ээлгүйгээр нь зарлаад явна. Аймаг орон нутгаа хөгжүүлнэ, нутаг орноороо бахархана л гэж байгаа бол хорин жилийн дараа юу тэр аймаг, орон нутгийн бахархал болох вэ, хүн л байдаг байхгүй юу. Завханыг жишээ нь хар. Я.Санжмятав дарга хүүхдийн хөгжилд маш их юм хийсэн. Завханы хүүхдүүд ирэх арав, хорин жилд үнэхээр аймгийнхаа нэрийг дуурсгана, баталгаатай. Ийм л Засаг дарга нар байх ёстой. Тэнд хүүхдүүд хөгжим тоглож, нот бичиж, хөгжим туурвиж байна. Шатар тоглож чадаж байна, анхаарлаа төвлөрүүлж чадаж байна. Зөвхөн шатар, морин хуур хоёроор л өөрт чинь бүх зүйл байгаа шүү гэдгийг хүүхдүүдэд ойлгуулж чадсан байхгүй юу. Хүүхэд болгон компьютертэй болчихсон. Зөвхөн морин хуур тоглож сурсанаараа математикийн хичээлд нь ахиц гарч байна шүү дээ Хүүхдүүд итгэл авч байна. Нэг ангийн хүүхэд гучуулаа морин хуур тоглоод сурчихаар "ер нь бид бүх юмыг чадах юм байна" гэдэг итгэл авч байна. Гэтэл хуучин ямар байсан юм. Арван жилийн өмнө Завханд очоод морин хуур тоглуулсан бол гурван хүн л тоглох байсан. Тэгээд тэр гурвыгаа гоц авьяастан, бусад нь сонсголгүй, авьяасгүй гэх байхгүй юу. Одоо "Манайх бүх хүүхдээ зуруулж сургана, зургийн багш өг" гэсэн аймаг байна, өгье. Зардлыг нь гарга гэж байна, хамтраад гаргая. Үр дүнд нь Монголд алдартай зураачид гарч ирнэ. Зураг зурах бол гайхамшигтай ажил. Гэхдээ л хүсвэл хүн бүхэн зурж чадна. Ном зохиох ч адилхан, бүх зүйлд технологи бий. Ингээд сургууль болгон онцлогтой болно. Спортын сургууль, хэлний сургууль, уран зохиолын сургуультай болно.

-Ингэснээр багш нарын ачаалал нэмэгдэх юм биш үү? Эсвэл ажиллах сонирхол нь илүү нэмэгдэж байна уу?

-Сонирхол нь нэмэгдэж байна. Манай багш нарт нэг том давуу тал байна, тэр нь ажил хийх хүсэл. Яагаад гэвэл хувийн хобби бага байна, яг үнэнийг хэлэхэд. Монгол хүнд хувийн амьдрал бага байна, үүнийг л бид хамгийн сайн өгөгдөл гэж харж байна. Тэгэхээр манай багш нар өөрсдөд нь эрх чөлөө өгөх юм бол үнэхээр тэр ажлыг нугалж чадна. Манай багш нар ажлынхаа төлөө бүх юмаа зориулья гэж байна, 80 хувь нь тэгж хэлж байна. Хорин хувь нь бол үнэхээр өөрийгөө нээж чадаагүй хүмүүс байна, сургууль нь муу учраас. Гэтэл хүн хэдий насандаа ч хөгжиж болдог юм байна л даа. Багшийн сургууль сайн байх үед бол хүүхдүүд 18 настай багшийн сургуульд ороод ирэхэд нээгддэг байсан байна. Нээж чаддаг байсан байна, нэг хэсгийг нь. Сая нэг хэсгийг нь бол үнэхээр нээж чадаагүй төгсгөсөн байна. Мэргэжилдээ дургүй ч хүмүүс тэдэн дотор байна, өндөр настай болоод залхсан хүмүүс ч бас байна. Гэхдээ бид багшийн сургалтаараа дамжуулаад нээж чадаж байна. Хамгийн гол нь багш нар өөрсдөө үүнийг хүсээд байсан байхгүй юу. Дөчин жил үүний араас явсан багш нар байна. Энэ технологиор бид хичээл заахгүй ээ, мэдээлэл дамжуулдаг чинь буруу байна гэж. Ардчилал, зах зээлийн нийгэмд хэн сайхан амьдрах вэ, өөрийгөө нээж чадсан хүмүүс л сайхан амьдарна. Яагаад гэвэл өрөөлийн эрхэнд халдаж болдоггүй, өөрийнхөө эрхийг мэддэг нийгэм шүү дээ.

-Сонгуулийн өмнө л таныг боловсролын салбарт ажилламаар байна гэхэд чинь би их гайхаж байсан юм. Өмнө нь Боловсролын сайдыг таарсан хүн болгон хийдэг байлаа. Гэтэл та бол амлаж байгаад авсан хүн. Ингэж шалтгаан, суурь нь юу байсан юм бэ?

-Миний боловсролын салбар луу чиглэсэн шалтгаан гэвэл энэ нийгмийн ерөнхий өрнөлд өгсөн дүгнэлт л байсан. Энэ хүмүүс нийгэмдээ нийцэж амьдрахгүй байна, шийдэл гаргаж чадахгүй байна. Дандаа өрөөлийн тухай ярьдаг, өөрийнхөө тухай ярьдаг хүн байхгүй. Өөрийнхөө тухай ярихаар дандаа магтдаг, гомдоллодог, уйлдаг. Өөрийн чинь явж байгаа зам өрөөлийн ч гэсэн замнал шүү гэдгийг хүлээн зөвшөөрөх чадвар байхгүй. Хаана ийм болчихов оо гээд харахаар боловсролоос л эхэлсэн байдаг. Систем нь өөрөө изм, номлол болчихсон, мэдээлэл дамжуулагч болчихсон. Шийдвэр гаргах чадваргүй ийм ард түмэн байвал, ийм эрдэмтэд байх юм бол Монголын ирээдүй байхгүй. Харагдахгүй байна. Зүгээр л даган баясдаг, дуурайдаг. Тиймээс би өөрөө энэ улс орны төлөө хариуцлага хүлээнэ гээд ажиллаж байгаа бол хамгийн чухал цэг дээр нь ажиллахыг л хүссэн. Тэр чухал цэг нь өнөөдрийн энэ чадваргүй олон шийдвэрүүдийн аль нэгийг их зөв болгоё гэж гүйхээсээ илүү ирээдүйн чадварлаг монголчуудын төлөө ажиллах юм байна гэж шийдсэн. Өөр сонголт бидэнд алга байна шүү дээ. Хүссэн хүсээгүй бид энэ хүндрэлийг даваад ард нь гарна л даа, суралцаад л явна. Гэхдээ ирээдүйд баталгаатай, цэгцтэй ард түмэн хэрэгтэй байна шүү дээ.

Хоёрдугаарт би амьдралдаа хоёр мундаг хүнтэй уулзаж байсан юм. Тэд судлаачид байсан. Гэхдээ хүний тархийг, генийг судалсан хүмүүс байсан. Тэд нэг л зүйлийг хэлсэн. Хүн болгон адилхан шүү, ямар ч ялгаа байхгүй. Нэг хэсгийг нь тэнэг мулгуу, нэг хэсгийг нь ухаантай мэргэн гэдэг ч тийм юм байхгүй. Зүгээр л эргэлзэж, тээнэгэлзэх дадлаа илүү их идэвхижүүлсэн хүн л илүү их нээлт хийсэн байдаг гэж. Энэ худлаа даа гэж эргэлздэг, учрыг нь олох гэж тэмцдэг хүн илүү их нээлт хийдэг байна. Тиймээс монгол хүн болгон адилхан, хүн бүхэнд боломж байгаа гэдгийг энэ ард түмэнд ойлгуулахыг л би хүсч байна. Бидний хамгийн том даалгавар бол монгол хүн болгон, хүүхэд болгоныг хөгжүүлж чадна гэдэгт итгүүлэх явдал.

-Сүүлийн үед нийгмийн хар масс, харанхуй хэсэг гэж их ярьдаг болж. Хэрвээ таны хэлсэнчлэн 30 хувь нь боловсролтой, шийдвэр гаргах чадвартай гэж үзвэл үлдсэн 70 хувийг тэр хар масс руу оруулах уу?

-Аль ч улс орон боловсролынхоо системд 50:50 гэдэг итгэлцүүрийг бариад яваад байгаа юм. Гэхдээ бид бол 100 хувь гэдэг даалгавар тавьчихсан байгаа. Яг өнөөдөр байгаа нөхцөл байдлыг харахад нийгмээ бүрэн таниад, энэ нийгэм дотор зөв, ухаалаг шийдвэр гаргаад явж байгаа нь хэдэн хувь бэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Сайхан явж байгаа хүмүүс байна, сайн ажил хийж байгаа хүмүүс ч байна. Гэхдээ цаг үеийнхээ даалгаварыг биелүүлж чадаж байгаа нь хэдэн хувь юм бэ. Энэ маш эргэлзээтэй. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш шүү дээ, боловсролынх нь системийн л буруу байхгүй юу.

-Харамсалтай нь тэр "хар масс", харанхуй байдал гэдэг чинь баян ядуугаасаа шалтгаалахгүй, боловсролтой боловсролгүйгээсээ ч бас шалтгаалахгүй байгаа юм биш үү? Төр барилцаж байгаа хүмүүсээс маань ч гэсэн тийм их ирээдүйгээ харсан гэгээлэг зүйлүүд харагдахгүй л байна шүү дээ...?

-Би бол үндсэн хандлагыг л хэлж байна. Үндсэн хандлага нь хөрөнгө оруулалтыг урин дуудаж байж улс орон хөгждөг гэдгийг жишээ нь үгүйсгэж байна. Уул уурхайг ашиглаж чадсангүй. Тэгэхээр дахиад л дутуу байна аа л гэсэн үг. Ардчилал бол боломж, эрх чөлөө бол боломж. Тэр боломжийг ашиглах л ёстой байхгүй юу. Уул уурхайгаа ашиглаад хурдацтай хөгжих боломж Монголд нэг удаа ирсэн. Ашиглаж чадсангүй. Уучлаарай, одоо эргэлзээтэй болчихлоо. Одоо Монголд хөрөнгө оруулалт орж ирэх ямар сайн орчин байгаа юм, хэцүү л харагдаж байна. Хуульд итгэх итгэл хаана байгаа юм, бас л хэцүү.

-Өнгөрөгч сард Засгийн газар олон улсын зах зээл дээр бонд гаргаад, бондынхоо орлогоор үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, дэд бүтцээ хийнэ гэсэн. Энэ ч гэсэн манайд гаднын хөрөнгө оруулалт орж ирэхгүй болчихсоны л дохио биз дээ?

-Орж ирж байгаа хөрөнгө оруулалт байхгүй болчихсон. Хөрөнгө орүулалт байхгүй болохоор түүнийг нөхөхийн тулд хүчээр хөрөнгө оруулалт хийж, зээл авч байна л даа. Түүнийгээ харин одоо хэрвээ чи өөрөө хөрөнгө оруулагч байсан бол хаашаа хийх вэ л гэдэг асуудал үлдсэн. Хөрөнгө оруулагчид бол нэг удаа манай Засгийн газарт итгээд л өгчихсөн. Зөв юм руу хийчих байх гэж итгээд. Харин ч үүн дээрээ Засгийн газар өөрөө шийдэж хөрөнгө оруулалт хийхээсээ илүү хөрөнгө оруулалтын арвин туршлагатай хүмүүсээс зөвлөлөгөө авах ёстой. Монголд тийм хүмүүс зөндөө байна. Банкуудас зөвлөгөө ав л даа, ядаж. Тэгвэл тэд хэлээд өгнө, аль нь хамгийн ашигтай вэ гэдгийг. Тэр ашигтайг харин төр өөрөө хийж чадах уу? Яг өнөөдрийнхөөр бол чадахгүй. Маргааш ч бараг чадахгүй. Тиймээс хувийн хэвшилд нь даатгах хэрэгтэй. Хувийн хэвшил рүүгээ хандах юм бол энэ хөрөнгө оруулалт зөв байна аа гэж би харж байна.

-Та жишээ нь энэ бондын орлогоос Засгийн газар боловсролын салбарт санхүүжилт хийж болно гэж хараагүй юу, үнэхээр л ирээдүйгээ бодвол?

-Мэдээж боловсролын салбарыг санхүүжилтийг эхний ээлжинд төсвөөс дайчлаад л явна. Хоёрдугаарт хэрвээ миний яриаг ойлгосон бол бидэнд мөнгөнөөс үнэтэй зүйл байна, суурь философи нь байна. Зарчим нь өөрчлөгдөж байгаа болохоос биш бүх юмыг мөнгөөр шийдье гэдгээ л больё. Өмнө нь боловсролын үзүүлэлтийг ярихдаа тэдэн байшин барьсан, дээвэр зассан, тэдэн анги зассан гэж л ярьдаг байсан байхгүй юу. Одоо тэдэн хүүхэд хөгжсөн гэж ярихын тулд заавал нэг том мөнгө нэхээд байх шаардлагагүй. Үнэхээр бид хүүхдийнхээ сурах аюулгүй орчныг бүрдүүлье гэвэл бидэнд 1,7 их наяд төгрөгийн хэрэгцээ байна. Энэ мөнгийг бид аль болохоор өнөөдрийн үнэ цэнээр нь биш, хөрөнгө оруулагч нарт үүрүүлээд хиймээр байна. Өөрөөр хэлбэл Концессийн хуулиар хийе. BLT буюу барь, менежментийг нь хий, дараа нь төрд шилжүүлж өг.

Жишээлэхэд Увс аймагт нэг цэцэрлэгийн байшинг 550 саяар авья гэж л байна. "Одоо та нар яаж болж байгаа юм" гээд асуусан чинь "30 саяар түрээсэлж байгаа" гэж байна. Тэгвэл 30 саяар нь түрээслээд л яв л даа. Өнөөдрийн 550 сая төгрөг арван жилийн дараа таван тэрбумын үнэ цэнэтэй. Бид таван тэрбумаар арван цэцэрлэг барих уу, 500 саяар арван цэцэрлэг түрээслэх үү? Түрээсэлсэн нь хамаагүй ашигтай. Тиймээс бид өөрийн хөрөнгөтэй болохын дон шүглэхээс илүү мөнгөний уян хатан менежмэнтийг л хараад байна л даа. Үнэндээ хөрөнгө оруулагч нарт хийх бизнес алга байна шүү дээ, ашигтай бизнес алга. Ямар бизнес хийх юм, мөнгөө хааш нь хийх юм. Банкинд хийе найдваргүй, одоо яах вэ гэсэн хүмүүс л байна шүү дээ. Тэгвэл сургууль, цэцэрлэгийн сайхан барилга барь, би түрээслэе. Менежмэнтийг нь та нар хий, засвар үйлчилгээгээ та нар хий. Тэгвэл манай сургуулийн захирлууд зөвхөн сургалтаа хариуцсан хүн болно. Санхүүгийн гачигдал, аж ахуйн ажлаас сургуулийнхаа захирлуудыг чөлөөлөх боломж надад гарч байна. Хувийн хэвшлийнхний эргэлтэд оруулж чадахгүй байгаа мөнгийг эргэлтэд оруулаад, бид өнөөдрийн үнэ цэнээр бага мөнгө зараад 25 жилийн дараа шилжүүлж авья л даа. 25 жилийн дараа өнөөдрийн үнэ цэнээс нь 50 хувь илүү мөнгө төлье, хамаагүй. Гэхдээ л өнөөдрийн 550 сая ирээдүйн 5,5 тэрбумын үнэ цэнэтэй гэдгийг бид харах хэрэгтэй. Өнөөдөр тавдугаар ангийн хүүхдэд хийж байгаа хөрөнгө оруулалт 10-15 жилийн дараа 10-20 нугардаг байхгүй юу.

Хамгийн ашигтай бизнес, хамгийн ашигтай хөрөнгө оруулалт бол боловсрол. Чамайг сэтгүүлч болгоход аав ээж чинь дөрвөн жилд дөрвөн сая төгрөг төлсөн, амьдрал ахуйд чинь зургаан сая төгрөг төлсөн байх. Дөрвөн жилийн дараа сайн сэтгүүлч болоод зах зээл дээр гар, сард хоёр сая төгрөг ол. Аав ээжийнхээ дөрвөн жилд хийсэн хөрөнгө оруулалтыг чи нэг жилд нөхөж байгаа байхгүй юу. Дараагийн жилээс дандаа ашиг шүү дээ. Гэтэл тэр мөнгөөрөө хэдэн үнээ худалдаж аваад чамаар маллуулсан бол тийм ашиг ирэх үү? Ямар ч сайн үйлдвэр бариад тийм ашиг ирэхгүй. Тэр баялгийг илүү үнэ цэнэтэй баялаг бүтээж чаддаг хүнд л хөрөнгө оруулж байгаа байхгүй юу. Ийм их үнэ цэнэтэй баялаг маань хэдэн зуун мянгаараа бий болж байгаа үед ирээдүйд бид маш их мөнгө олж чадах нь ээ. Яг ийм өндөр өгөөжтэй хүмүүсийг бэлтгэж чадвал энэ их өгөөжөөс маш их татвар орж ирнэ, бид маш их мөнгөтэй болно. Тийм учраас өнөөдөр бид их мөнгө зарж нэг байшин барьчихаад, тэрнийхээ хангамж энэ тэр гэж түүртэж гүйхээсээ илүүтэй хувийн хэвшилд ашигтай, бидэнд алдагдал багатай, гэхдээ ирээдүйгээ харсан, эрсдэл багатай алхмуудыг хийчих юмсан л гэж ажиллаж байна л даа. Тийм учраас би нэг их айхтар бондоос булаацалдаад, боловсролд наадахаасаа өг гээд байгаа юм алга. Хэрвээ Засгийн газар дээр ухаалаг шийдвэр гарах юм бол байгаа мөнгөө боловсролд зарж байх нь туйлын зөв. Энэ улс оронд хамгийн баталгаатай, алдагдалгүй, ирээдүйн хөгжилд хэрэгтэй, эх оронч сайн бодлого бол хүний хөгжил, боловсрол л байна.

-Багш нараа жилийн жилд л жагсаагаад, цалин нэмүүлэхийг шаардуулаад байдгаа хэзээ болих юм бэ? Ядахдаа сургуулиудад нь төсвийг нь өгчихдөг, захирлууд нь тэднийхээ хүссэн, таарсан хэмжээнд нь цалинг нь өгөөд авчихдаг байж болохгүй юу?

-Дөрвөн жилийн хугацаанд тэр лүү шилжинэ. Ер нь бол багш нарын цалинг төрийн албаны сүлжээнээс гаргаад чөлөөлчих хэрэгтэй юм. Гол нь цалин гэдэг дээр нэмээд манай Монголбанк монгол төгрөгөө үнэ цэнэтэй болгох хэрэгтэй шүү дээ. Монгол төгрөг үнэ цэнэтэй байх хамгийн найдвартай, цорын ганц арга нь алт олборло. Алтыг Монголбанк урьдчилаад худалдаад ав л даа. Алт ихтэй байвал төгрөг үнэ цэнэтэй байна. Төгрөг үнэ цэнэтэй байвал бидний авч байгаа цалин үнэтэй байна. Алтыг нь худалдаж авахгүйгээр баталгаагүй баахан цаас хэвлээд тараавал бидний өнөөдрийн цалин хэд дахин нэмэгдсэн ч ялгаагүй дүр зураг харагдаж байна.

Хоёрдугаарт санхүүжилтын системээ зөв болгоно оо. Яг манай яамны хувьд үнэхээр ажлын үр өгөөж, хүүхдийнх нь хөгжлөөр дүгнэдэг тэр системийг хэрэглэнэ. Сургууль болгон дээр тэр менежментийн багууд бий болно. Багш нарынхаа ажил, ачааллыг дүгнээд, өөрийнхөө сургуулийн онцлогт тааруулаад хэнд нь илүү их цалин өгөхөө өөрсдөө шийддэг болно. Хавтгайруулж л болохгүй.

-Хүүхдүүдийг ном уншдаг болгоно гээд "Ном" хөтөлбөр хүртэл гаргасан. Харин унших ном байна уу гэдгийг судалж үзсэн үү?

-Уншуулах ном бас хэцүү байгаа. Хүүхдэд зориулсан ном бүтээх маш том компанит ажил өрнүүлнэ. Мэдээж дэлхийн сонгодгуудыг манай хүүхдүүд унших хэрэгтэй, ертөнцийн гайхамшгийг таньж мэдэх хэрэгтэй. Хамгийн гол нь номыг хүүхэд дурладаг хэлбэрээр нь бид өгөх хэрэгтэй. Одоогийн хүүхдүүд чинь үзэх харах дадал аягүй сайн суугаад байгаа шүү дээ, дандаа телевизор үзсээр байгаад. Тийм учраас зурган хэлбэрээр илэрхийлэгддэг номуудыг сайн өгмөөр байна. Зохиолчиддоо төлбөрийг нь төлөөд хийлгэдэг больё гэж байна. Томоохон их дээд сургуулиудын нээлттэй программуудыг ч монгол руугаа буулгая гэж байна. Харвард гэх мэт том сургуулиуд бүх мэдээллээ нээлттэй болгочихлоо шүү дээ. Манай их сургуулиуд ч гэсэн тийм болох хэрэгтэй. Гэтэл манай багш нар нэг жижигхэн лекц бэлтгэж аваад, түүнийгээ халаасандаа нуугаад яваад байгаа. Самбар дээр биччихээд, бичсэнийгээ ярьж өгчихөөд, буцаагаад арилгачихдаг. Бичиж авч чадаагүй нь хохь нь гэж байна. Жаахан зоригтой нь бол хувилаад өгчихөж байгаа юм. Би хувьдаа тухайн хүүхдийн хичээлд сууж байгаа нэг цаг дээр тэр хүүхдийг бүрэн дайчлаасай л гэж хүсч байна. Хуулан бичлэг хийлгээд харж суудаг байдал алга болоосой. Дээд боловсрол дээр ч гэсэн энэ сургалт л улам арвижна гэсэн үг. Их сургуулийн удирдлагуудад би нэг зүйл хэлж байгаа. Та нар хичээлээ бүгдийг нь видео болгочих оо, есдүгээр сарын 1-нд ирэхээр нь бүгдийг нь өгчих гэж. Тэгээд хичээлийн цаг дээрээ орж ирээд "Миний тэр лекцийг уншсан уу, тэр тухай ярья" гээд хүүрнэх ёстой байхгүй юу.

Би Солонгост нэг эрдэмтэнтэй уулзсан юм. Орчуулагч нь тэр эрдэмтний урьд нь багшилж байсан сургуулийн оюутан байсан. Би тэр оюутныг хараад "Танай орчин үеийн хүүхдүүд бүгд ийм болсон уу" гэж асуусан. Би хувьдаа тийм л дүгнэлт өгнө, ний нуугүй хэлэхэд. Тэгэхэд эрдэмтэн "Ганц хүүхэд дээр би дүгнэлт өгч чадахгүй ээ" л гэсэн. Үүнийг л эрдэмтэн хүн гэж байгаа юм. Бид хоёрын ялгаа л тэнд харагдаж байгаа юм. Хашир бол "би сургууль дээрээ очьё, хүүхдүүдээ харья, тэгж байж дүгнэлтээ хэлнэ" гэж байна. Тэгэхээр тохиолдлын нэг үзэгдэл, тохиолдлын нэг баримт дээр том том дүгнэлт өгч шийдвэр гаргадаг маань бидний буруу байна аа. Илүү судалгаатай, бодитой байх хэрэгтэй. Тиймээс маш их номтой болмоор байна.

-Их сургуулиудын чанарыг сайжруулахын тулд магадлан итгэмжлэлээр оруулж байна гэж нэг хэсэг бужигнасан, одоо чанар нь сайжирсан гэж сонсогдохгүй л байгаа...?

-Магадлан итгэмжлэлийг төгс төгөлдөр болгох ёстой. Энэ бол гарцаагүй хийх ажил. Магадлан итгэмжлэлийнхээ шалгуурыг илүү ухаалаг болгох хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш тэдэн багштай байна, ийм ном хэрэглэнэ гээд материаллаг талаас нь шалгуур тавьчихаар тэр нь буруу болчихоод байна. Магадлан итгэмжлэл бол тухайн сургуулийг хөгжүүлэх программыг удирддаг байгууллага л гэж ойлгох хэрэгтэй. Магадлан итгэмжлэлээр орно гэдэг нь хөгжлийнхөө концепцийг харна гэсэн үг. Сургууль болгон дугуй зохиохоосоо илүү ерөнхий барих хөгжлийнхөө концепцийг л хэлж өг. Тэр итгэмжлэлийнх нь үзүүлэлтүүд жил болгон сайжраад явах ёстой байхгүй юу. Манайх түүнийгээ зогсоочихсон. Асуудал үүндээ л байгаа юм.

-Ижил мэргэжлээр бэлтгэдэг сургуулиудыг нэгтгээд явбал оюутны тоо ч олшроод, сургалтын чанар ч сайжраад явах биш үү?

-Ер нь бол сургуулиудаа томруулах бодлого зөв. Магадлан итгэмжлэлийнхээ итгэлцүүр, үзүүлэлтийг аль болохоор тэр лүү явуулах шаардлагатай. Гэтэл эсрэгээрээ манай энэ төрийн өмчит их, дээд сургуулиуд дээр маш жижиг олон сургууль байгуулсан нь маш том алдаа болсон. Одоо үүнийг буцаагаад хумих хэрэгтэй, факультетийг нь томруулах хэрэгтэй. Угаасаа хязгаарлагдмал нөөцөө бүрэн ашиглахын тулд том сав байх ёстой байхгүй юу. Жижигхэн жижигхэн нүхэнд орчихоод түүн дотроо л тийчигнээд байхаар явахгүй байна л даа. Дээд боловсрол дээр хийх хамгийн гол шинэчлэл нь нээлттэй сургалтыг бий болгох. Багш лекцээ нуух биш, тэр нь бүр хичээлд орж ирэхэд нь ил болчихсон байх хэрэгтэй. Оюутнуудаа судлаач л гэж үзэх хэрэгтэй. Чи судлаач биш бол энд сурч чадахгүй гэдгийг их сургуульд анх ороход нь хэлэх хэрэгтэй. Тэгээд хүүхэд болгоны репортыг ил болгоё, төгсөлтийн болон магистрын ажлыг нь ил болгоё. Ингэвэл хэнээс хэн дипломоо хуулсан нь ил болно, шинэ санаачлагууд гарна. Их сургуулиуд судлаачдын судалгаа хийдэг газар болно.

-Оюутны хотхон байгуулна, их сургуулиудыг нүүлгэнэ гэж өмнөх сайд нар чинь нэг хэсэг ярьсан. Энэ ажил зогссон уу, яагаад чимээгүй болсон бэ?

-Явж байгаа, гэхдээ аягүй түүхий байгаа. Түүхий байгаа юмыг би дэлгээд, болчихсон юм шиг яриад байж болохгүй. Болохоор нь ил гаргая. Одоо бол дэндүү түүхийгээрээ байна, өгөгдлөө буруу өгсөн байна. 500 мянган хүнтэй хот байгуулна гэж яриад байгаа байхгүй юу. Монголд ийм хот байгуулж чадахгүй шүү дээ, яагаад ч чадахгүй. Тийм учраас тэр өгөгдлүүд нь зөв байх хэрэгтэй, зураглал нь зөв гарах ёстой. Дээр нь их сургуулиуд нүүнэ гэсэн баталгаа хэрэгтэй. Гэх мэтчилэн ажиллагаа их байхад ажил нь хийгдээгүй байна. Хийгдээгүй юмыг хийх гэж байна гэж орилох хэцүү, хийж байгаа шүү гэж яриад байх хэцүү. Үндэслэлтэй сайн судалгаа, зурагнууд байж, бүх хүн түүнд итгэж байж явах ажил. Их том ажил учраас манайхан тэр хавьдаа чадах чинээгээрээ л ажиллаж байна. Тэгээд гарсан зургаа бид Ерөнхий сайддаа танилцуулья, Засгийн газартаа оруулья, хоттойгоо ярья. Үүн дээр нэлээд их ажил хийгдэнэ. Ямар ч байсан оюутан сурагчид маань ном сурах аюулгүй сайн орчинг бүрдүүлж өгөхөөс өөр аргагүй. Хотын энэ замбараагүй орчинд оюутнууд ном сурна гэдэг хүнд. Цаашдаа улам л хүндэрнэ. Одоохондоо яах вэ, номероор хязгаарлаад, улаан шон хатгаж бариад, нэгдүгээр эгнээг чөлөөлөөд, чадах чинээгээрээ хориглолтын арга хэмжээ л авч байна. Гэхдээ л хотын төвийн сургуулиудын амьдрах орчин улам дордоно. Тиймээс хотоос гарч л таарна. Гарахдаа яг яаж гарах вэ гэдэг судалгаанууд ид хийгдэж байна. Багануур гэдэг дээрээ тохирчихсон, шийдвэр нь гарсан, үүн дээрээ хатуу байгаа. Ер нь болсон болоогүй нөхцлөөр, янз бүрээр шийдвэр хувирдаг байх нь буруу. Ер нь С.Баярцогтын хэлсэн "Монгол хүний за бол андгай буй за" гэдэг бол гайхамшигтай үг шүү.

-Б.Ренчин гуай хэлж, С.Баярцогтын сануулсан уу?

-Тийм ээ. Энэ бол гайхамшигтай үг. Гаргасан шийдвэр дээрээ хатуу байдаг зан чанар бидэнд байх ёстой. Нэг хоёр хүн шүүмжилсний зоргоор "Болохгүй юм байна" гэж буцаад хэрэггүй. Эсвэл нэг их хөөрүү төлөвлөлт хийгээд, "500 мянган хүнтэй хот болно" гэж худлаа яриад алдагдалд орж болохгүй.

-ШУА-ийг яах вэ? Нэг л их төсвөөс мөнгө нэхсэн, тэгсэн хэрнээ судалгаа шинжилгээ огт хийдэггүй хүмүүс байдаг гэж шүүмжлэгддэг шүү дээ?

-Академийн хувьд ТББ учраас нийт гарч байгаа зардлынхаа ¼ орчмыг өөрсдөө олж байна. Миний тавих шаардлага бол 50 хувийг нь ол гэж байгаа. Үнэхээр л эрдэмтэд, судлаачид юм бол өөрсдийгөө үнэд хүргэж сурах хэрэгтэй шүү дээ. Захиалга ав, зөвлөгөө өгөх чадвартай бол, орчин үетэйгээ хөл нийлүүлж, өрсөлдөх чадвартай бол. Нөгөө талаасаа би академийг сүйтгэмээргүй байна. Үнэхээр суурь судалгааны хүмүүс хэрэгтэй, энэ хүмүүстээ төр засаг хайр халамжаа хүртээдэг болно гэдгээ сая бид харууллаа шүү дээ. Математикчиддаа Төрийн шагнал өглөө, физикийнхээ суурь судалгаан дээрээ бүтээлийнхээ 100 сая төгрөгийн шагналыг өглөө. Ер нь бол суурь судалгааг төрөөс байнга дэмжинэ. Гэхдээ эрдэмтэд юм бол, ТББ юм бол ТББ-аараа амьдарч чадна гэдгээ харуул. Чадахгүй бол улсад нь өг. Тэгэхгүй хэдэн хүн бөөгнөрч суучихаад бие биенээ хаацайлаад байж болохгүй шүү дээ. Хүмүүс нь солигдож, шинэчлэгддэг ч үгүй, өрсөлдөх чадвар нь ч нэмэгддэггүй. Тэгсэн хэрнээ хувь хувиараа судалгааны ажил хийгээд давхичихдаг, наанаа болохоор огт орлогогүй хэцүү байна гээд байдаг. Институцээ, хүрээлэнгээ бэхжүүлэх тал дээр ажил хийгээд явбал Засгийн газар дэмжихээд бэлэн байгаа. Асуудалгүй. Академи руу төлж байгаа мөнгийг бол нэг их харамлаад байх шаардлагагүй. Суурь судалгаа хийж байгаа хүмүүстээ тэр зэргийн төлбөр төлөх итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Нөгөө талдаа тэр хүмүүс ч гэсэн бас ганцаараа авч байгаа гэдгээ санах ёстой. Эрдэмтэд юм бол хөгжих ёстой. Хэтэрхий настай хүмүүсээр хүрээлэнгээ удирдуудахгүй шүү гэдэг саналаа ч гэсэн хэлж байгаа. Гэхдээ бид гол судалгааны ажлаа хаана найдаж байна вэ гэвэл Их сургуулиуд, ялангуяа төрийн өмчит сургуулиуд, бид тэднийгээ дэмжинэ, өмч нь Засгийн газрынх юм чинь үүн дээр бол шаргуу дамжлэг үзүүлнэ.

-Одоо таны сууж байгаа гол ажил чинь юу вэ?

-Яаман дээрээ, салбартаа хийж байгаа зүйлүүдээ УИХ, Засгийн газрын шийдвэр болгох ажил байгаа. Одоо бол бид заримдаа Засгийн газрыг давчихсан шийдвэр гаргаад л яваад байна л даа, цаг алдахгүйн тулд. Сайд хэн ч байж болно, бидний ажил нутагшиж үлдмээр байна. Дараа нь нэг сайд гарч ирээд "Өө, хамаг юм задгай тавьчихсан байна, ёстой буруудлаа. Бүгдийг нь хумих хэрэгтэй, цэргийн зохион байгуулалтад оруулна аа" гэдэг ч юм уу, хэн юу гэж солиорохыг бид мэдэхгүй шүү дээ. Тийм учраас энэ сургуулиудын бие даасан байдал, өмчийн асуудлыг УИХ, Засгийн газраар оруулж батлуулах хэрэгтэй. Үнэхээр орон нутаг өмчийн эзэн юм бол эзэн юм шиг байг. Сургуулиудыг түрээсээр ажиллах хуулийн орчинг бий болгох, Концессийн жагсаалтад оруулах гэх мэтчилэн УИХ, Засгийн газрын тувшинд хийх ажлууд байна. Хоёрдугаарт төрийн өмчит их сургуулиудынхаа бүтэц, зохион байгуулалтыг шийдэх асуудал байна.

Хамгийн их сэтгэл зовоож байгаа зүйл бол хүүхэд болгоныг хөгжүүлж болно гэдгийг яаж хүмүүст нотолж, итгүүлэх вэ гэдэг л хамгийн хэцүү байна. Нөгөө талаар хүүхэд чинь Монголын ирээдүй гэдгийг яаж эцэг эхчүүдэд ойлгуулах вэ. Итгэх хэрэгтэй байхгүй юу. Манайхан бид л Монголыг бүтээнэ гэж дайраад байгаа, тийм биш шүү дээ. Мэдээж бид Монголыг бүтээнэ л дээ, гэхдээ хэзээ ч төгс утгаар нь хийж чадахгүй. Аль нь ч барахгүй. Яагаад гэвэл бидний ерөнхий өгөгдөл их муу байна. Уучлаарай, маш муу байна. Мэдээж чадах чингээрээ манайхан ажиллаж байгаа, нойр хоолгүй ажиллаж байгаа. Гэвч үр дүн нь мэдэхгүй ээ. Яагаад гэвэл биднийг засаг авахаас өмнө богино хугацаанд үр дүн гаргадаг тэр юмнууд чинь зогсчихлоо. Хөрөнгө оруулалт зогсчихлоо, уул уурхай зогсчихлоо. Худлаа баахан бүртгэл, өөр юу ч байхгүй. Зах зээл дээр байгаа компаниудынхаа үнэлгээг хар, борлуулалтыг нь хар. Байхгүй шүү дээ. Хөрөнгө оруулья гээд ирж байгаа хүмүүсээ хар, байхгүй. Одоо нөгөө хөрөнгө оруулагчид чинь өөр улс руу явж байна. Африкийг "шинэ Ази" гээд зарлачихлаа. Гэтэл бид өөрсдийнхөө одоо байгаа байдалд хэт их үнэлгээ өгөөд байна. Түрүүчийн нөгөө нөгөө эрдэмтэнээс миний асуудаг л байхгүй юу. Ганц сайн жишээн дээр бүгдийг нь хардаг, ганц муу жишээн дээр бүгдийг нь хардаг. Гэтэл яагаад хөрөнгө оруулалт ирэхээ больчихов, уул уурхай уначихав гэдгийг томоор нь харах хэрэгтэй шүү дээ. Дэлхийн хамгийн том уул уурхайн компаниуд хайгуулын зардал, хөрөнгө оруулалтын зардлаа таналаа. Ойрын гурван жил хийхгүй гэдгээ зарлачихлаа. Тэд тэнэг биш шүү дээ, ард нь маш том институт, судалгааны баг ажиллаж байгаа. Уул уурхайгаас ирээдүйд ашиг олохгүй нь ээ гэж харсан учраас татлаа шүү дээ. Ашиг олно гэсэн бол хөрөнгө оруулалтаа тэлнэ биз дээ. Уул уурхай луу төвлөрч байсан хөрөнгө оруулалт алга болчихлоо. Уул уурхай дээрээ хөрөнгө оруулалт татах чадвар манай УИХ-д алга, Засгийн газарт ч байхгүй. Одоо хэн ч юу ч яриад нэмэргүй.

-Х.Баттулга, Д.Ганхуяг хоёрыг солиод ч нэмэргүй юу?

-Хүндээ биш байхгүй юу. Нийтлэг ойлголт нь уул уурхайг хөөгөөд гаргачихлаа шүү дээ. Хэрвээ энэ нөхцөл байдлыг ухаалгаар давж чадвал нэг явах байх. Ухаан муутай явах юм бол бид 10 жилийн дараа С.Баярцогдтоо нэг алтан хөшөө босгож өгөөд л сална. Ийм л юм болно.

-Гол нь УИХ, Засгийн газрын танхимд суугаа гишүүд, сайд нар нь үүнийг эсэргүүцээд, олон нийтийг залаад байгаад гайхдаг юм. Ялгаагүй харанхуй байгаа хэрэг биш үү?

-Ерөнхийдөө жирийн иргэн, малчин, багш, сайд, дарга ч бай, ерөнхийдөө дээр доорын ялгаа алга л даа. Энэ ард түмний хурц ухаан, ухаалаг шийдвэр гаргах чадвар үндсэндээ нэвтээрээ алдагдчихсан байна. Жаахан жаахан мэдсэн таньсан хэмжээндээ л харж байна шүү дээ. Багаасаа номлолоор толгой руугаа цохиулсаар байгаад нэг хүн гарч ирээд том номлол ярихаад "өө тийм үү" гээд дагаад давхидаг. Одоо манай хүүхдүүд хүртэл биднийг шоолж байна шүү дээ, та нар арай ч дээ гэж...

Сингапурыг манайхан их жишээлдэг. Төрийн хатуу бодлого, диктатураар улс орноо хөгжүүлсэн гэж. Гэтэл Сингапур зүгээр л хөрөнгө оруулагч нарт бүх боломжийг нь өгсөн л байхгүй юу. Тэгж байж улс нь хөгжсөн. Хонконг яаж босч ирсэн юм. Мөнгийг татах увдисыг бий болгосон улс орнууд л хөгжсөн шүү дээ. Одоо ч тэгнэ. Африкчууд баахан дайн хийж хийж байгаад сүүлдээ ойлголоо шүү дээ. "Уучлаарай, одоо бид тэгэхгүй ээ. Манайд хөрөнгө оруулалт хийвэл бид тэдэн жилийн баталгаа өгье" гэж байна. Хөрөнгө оруулагч нар яах вэ дээ, хууртагдаж ханадаггүй юм чинь тийшээ явж л байна. Ямар сайндаа Назарбаев манайд ирээд хэлсэн гэдэг биз дээ. "Болоогүй ээ, та нар дахиад жаахан оруулаадах, тэгж байгаад л хаадаг байхгүй юу" гэж. Амьхандаа л хөөрхий санаа зовж, заль хэлж өгч байна шүү дээ. Бид бол хэтэрхий эрт хаалгаа хаачихлаа л даа. Хичнээн том байгаад ганц хоёр "машин"-аар улс орныг эргүүлнэ гэж байхгүй. Монголд хорь, гучин Оюутолгойн потенциаль байсан. Одоо тавиад туучихлаа л даа.

Б.СЭМҮҮН
Эх сурвалж: http://www.meds.gov.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш