logo
Техникийн хяналтын үзлэг, оношлогоо бүтэн жилийн турш явагдах тул яарах хэрэггүй

Техникийн хяналтын үзлэг, оношлогоо бүтэн жилийн турш явагдах тул яарах хэрэггүй

2013/04/15
Энэ өдрүүдэд автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношлогоо орон даяар явагдаж байна. Орон даяар өрнөж буй энэ үйл ажиллагааны тухай Автотээврийн үндэсний төвийн захирал Т.Болдбаатараас тодрууллаа.

-Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношлогоо орон даяар явагдаж байна. Одоогийн байдлаар оношлогоо хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношлогоо орон даяар явагдаж байна. Улсын хэмжээнд 54 мянга орчим тээврийн хэрэгсэл оношлогоонд хамрагдаад байна. Үүнээс Улаанбаатарт 40 мянга орчим, орон нутагт 13700 тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагджээ.

-Жолооч нарын хувьд дараалал ихтэй байгаад нэлээн бухимдаж байгаа. Жил бүр үүсдэг энэхүү асуудлыг зохицуулах ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Хяналтын төв дээр дараалал үүсч, жолооч нар бухимдаж байгаа нь үнэн. Тэр ч бүү хэл жолооч нарын хувьд бүр өглөөний 05.00 цагт ирж дугаарлаж байна. Тиймээс ч энэхүү ачааллыг бууруулахаар бид бүхий л боломжоо ашиглан ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр дараалал үүсч байгаа бас нэгэн шалтгаан нь жолооч нарт байгаа юм. Учир нь тэд буруу ойлголттой байгаад байна. 2008 онд батлагдсан Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар авто­тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношлогоо бүтэн жилийн турш явагддаг болсон юм. Гэтэл иргэдийн хувьд хуучин сэтгэхүйгээгээрээ зөвхөн хаврын улиралд багтаж оношлогоондоо орох гээд яараад, дараалал үүсгээд байна. Иргэдийн хувьд татвартай андуураад байгаа юм. Тээврийн хэрэгсэл болон өөрөө явагч машин механизмуудын хувьд татвараа эхний хагас жилд багтааж төлөх ёстой. Тэгвэл техникийн хяналтын үзлэг бүтэн жилийн турш явагдана. Өнгөрсөн оны үзлэг, оношлогооны үеэр олгосон гэрчилгээ байгаа. Жолооч нарын хувьд гэрчилгээгээ харах ёстой. Тухайн гэрчилгээний өмнөх аль нэгэн тоог сэтэлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, зургаа­гийн тоог сэтэлсэн байвал энэ нь 2013 оны зургадугаар сар хүртэл хүчинтэй гэсэн үг. Хэрэв 10-ын тоог сэтэлсэн байвал аравдугаар сар хүртэл техникийн хяналтын үзлэгт хамрагдах шаардлагагүй гэж ойлгож болно. Тиймээс ч заавал дөрөвдүгээр сард багтаж оношлогоондоо орох гэж дараалал үүсгэх шаардлагагүй гэдгийг дахин сануулмаар байна. Жолооч нарын хувьд гэрчилгээгээ хараад цаг хуга­цаандаа орооч ээ, битгий өөртөө хүндрэл учруулаач гэж хэлмээр байна.

-Уртасгасан цагаар ажил­лаж байгаа гэсэн?

-Техникийн хяналтын үзлэгийг чирэгдэлгүй, чанартай зохион байгуулах зорилгоор Улаанбаатар хотын “Баянгол” , “Сонгинохайрхан” , “Баянзүрх” техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг энэ сарын 08-наас эхлэн ажил, амралтын өдрүүдийг харгалзахгүйгээр өдөр бүр 08.00-20.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажил­луулахаар шийдвэрлэсэн. Тээв­рийн хэрэгсэл эзэмшигч болон нийт жолооч нар тээврийн хэрэгслээ гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулж, ачаалал үүсгэхгүй байхыг хүсч байна.

-Автотээврийн үндэсний төв нийслэлийн хэмжээнд болон орон нутагт хэчнээн салбартай вэ. Орон нутагт техникийн хяналтын үзлэг оношлогоо хэрхэн явагдаж байна вэ?

-Автотээврийн үндэсний төв Улаанбаатар хотод техникийн хяналтын “Баянгол”, “Сонгино­хайрхан”, “Баянзүрх” төвүүд, хот хоорондын зорчигч тээв­рийн үйлчилгээний “Сонгино­хайрхан”, “Баянзүрх” авто­вокзалууд болон орон нутагт техникийн хяналтын 22 төвтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ нутаг дэвсгэрийн харьяал харгалзахгүйгээр жолооч нар маань нийслэлийн хэм­жээнд үйл ажиллагаа явуулж буй дээрх гурван төвөөр үйлчлүүлж, оношлогоондоо орох боломжтой. Орон нутгийн хувьд 21 аймагт техникийн хяналтын төв үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр хяналтын төвүүд мөн адил бүтэн жилийн турш жолооч нарыг үзлэгт хамруулна. Харин сумдын хувьд явуулын оношлогооны станц хоёр сарын хугацаанд үзлэг, оношлогоог зохион байгуулдаг юм. Энэхүү ажлыг тухайн орон нутгийн ЗДТГ, цагдаа, татварын алба хамтраад нэг болоод зохион байгуулдаг.

-Техникийн хяналтын үз­лэг, оношлогооны үеэр тани­лаараа дамжуулж, гэрчил­гээ авах тохиолдол гар­даг. Иргэдийн хувьд ч машин нь үзлэг, оношлогоонд тээв­рийн хэрэгсэл нь тэнцэхгүй байсан ч мөнгө өгөөд аргалах ойлголттой байдаг. Үүнийг хэрхэн хянаж байна вэ?

-Монголд явж байгаа тээврийн хэрэгслийн 72 хувь нь насжилт өндөртэй. Тиймээс ч техникийн үзлэг, оношлогооны үеэр хамгийн их гардаг зөрчил бол утаа. Мэдээж насжилт өндөртэй тээврийн хэрэгслээс хорт утаа ялгардаг. Иргэдийн хувьд танилаараа дамжуулан гэрчилгээ авах, дарааллын урдуур дайрах явдал гардагийг үгүйсгэхгүй. Тиймээс ч бид энэ жил үүнийг хянахаар онлайнаар холбогдсон хяналтын сис­темийг байршуулсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн тухайн машин компьютерийн оношлогоонд орсон тохиолдолд л дүгнэлт гарна. Хүний үйл ажиллагаа орохгүй учраас ямар нэгэн зөрчил гарахгүй гэж бодож байна. Гарсан дүгнэлтийг өөрчлөх ямар ч боломжгүй болсон. Мөн Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд байгаа хяналтын төвүүдийн үйл ажиллагааг камераар хянаж байна. Тиймээс ямар нэгэн зөрчил гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа.

Эх сурвалж: http://www.teever.gov.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш