Салбарын хэмжээнд 2016 он хүртэл газар тариаланг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулсныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ онцлоод “Газар тариалангийн хөгжил өнгөрсөн 20 жилийн туршид өгсч, уруудсаар ирсэн. Дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж нөөц бий ч нэг хэсэг хүнсний гурилынхаа 70 хувийг гаднаас авдаг байсан цаг саяхан. Харин Атрын аян өрнөж эхэлснээр газар тариалангийн салбар сэргэх боломж өгсөн” гэж хэлсэн юм.
Хүнсний ногоо, жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлнэ
2012 онд газар тариалан 690 мянга орчим га талбайг эргэлтэнд оруулсан байна. Үүний бараг талд нь буюу 373 мянган га талбайд тариалалт хийжээ. Цаашдаа тариалалтыг нэмэгдүүлэх бөгөөд 2016 онд жилд 610 мянган тонн ургац хураан авах зорилт тавьсан байна. Энэ салбарт монголчууд арвин туршлага, бололцоотой ч хүнсний ногоогоо импортоор оруулж ирэхийг бүрэн халж чадахгүй байгаа. Үүний гол шалтгааныг тариаланчид хүнсний ногоо, бүтээгдэхүүнээ тариалж, бэлтгэчихээд хадгалах сав, агуулахгүйн улмаас олноор нь муутгаж, хөдөлмөрийнхөө үр шимийг амсч чадахгүй байна гэдэг. Тиймээс цаашдаа 130 мянган тонн агуулах барихаар төлөвлөж буй тухай зөвлөлгөөнөөр дуулгасан.
Салбарын хэмжээнд зөвхөн хүнсний ногооны газар тариалан бус жимс, жимсгэнийн тариалалтыг анхаарна гэдгээ ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ илтгэлдээ хэлсэн юм.Тухайлбал, гүзээлзгэнэ, чавга, бөөрөлзгөнө тариалах ажлыг анхааралдаа авах бөгөөд цөөн хэдэн хүн тусдаа жимсгэнийн тариалалт хийх бус том талбайд аж ахуйн, цэцэрлэгийн байдлаар хөгжүүлбэл оновчтой гэдэг санааг дэвшүүллээ.
Газар тариалангийн голлох бүс нутгийн нэг Төв аймгийнхнийг төлөөлж ирсэн тус аймгийн Цээл сумын Засаг дарга М.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Тариаланчдад агуулах сав, эрэлт буюу төмс, хүнсний ногоог нь худалдан авах асуудал нэн тэргүүнд хүнд байна. Өнгөрсөн жил олон аж ахуй нэгж үйлдвэрлэснээ гадагшлуулж чадахгүй хохирлоо. Хөдөө бол тариаланчдын зооринд юу л байна, төмс, хүнсний ногоо л бий. Ерөөсөө борлогдохгүй байна. Хадгалалтын горим алдагдаад, борлуулж чадахгүй болохоор төмс нь ялзраад байж байна шүү дээ. Гэтэл Хятадаас төмс, хүнсний ногоог хямд үнээр оруулж ирж шахдаг нь үндэсний үйлдвэрлэлээ үгүйсгэж байгаа төр засгийн алдаатай бодлого гэж боддог. Монголын хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа цэвэр байгалийн гаралтай төмс, хүнсний ногоог гадныханд гайхагдаж байхад ийм үед гадагш нь ч гаргаж чадахгүй, дотоодоо ч хангах боломжгүй, хашаанаасаа хэтрэхгүй, үндсэндээ тариаланчид хэлмэгдэж байна.
-Тэгэхээр тариаланчдын санхүүгийн байдал их хүнд байна гэж хэлж болох уу?
-Ер нь тариаланчид бүгд л Газар тариаланг дэмжих сангаас, томоохон шатахуун түгээгч компаниудад дандаа өр, зээлтэй. Сүүлийн үед Атрын гуравдугаар аян өрнөснөөс зээлийн хугацаа нь сунгагдсан ч ялгаагүй л өртэй байна шүү дээ.
-Таны хувьд асуудлыг яаж шийдэх хэрэгтэй бол?
-Бид өөрсдийгөө хүнсний бүтээгдэхүүнээр хангах боломжтой нь гол шүү дээ. Тиймээс төр засгаас нэгдсэн байдлаар тариаланчдаасаа төмс, хүнсний ногоог нь худалдаж, авдаг, борлуулдаг төв байгуулах байдлаар ч юм уу шийдэх хэрэгтэй. Мөн төрийн албаны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх хэрэгтэй байна. Том, бүс нутагт хөдөө аж ахуйн төрийн албан хаагч давхар малын ажил, бэлчээрийн ажил хариуцдаг нь хүндрэлтэй. Тиймээс орон нутгийнхаа эрх ашгийн төлөө орон тооны бүтцийг иргэдийнхээ хурлаар шийддэг болмоор байна