Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлсэн үгэндээ Дэлхий дахинд зоонозын халдварт өвчин давамгайлж байна, мөн шинэ болон сэргэж буй өвчний халдвар тулгамдсан асуудал болоод байгааг хэллээ. Эдгээр асуудалтай тэмцэхэд ганц эрүүл мэндийн салбар биш бүх салбар оролцож, бүс нутгийн хэмжээнд ажиллах шаардлагатай байна. Шувууны томуугийн А(H7N9) вирүс тархаад буй энэ үед хөрш зэргэлдээ 3 орны төлөөллүүд уулзаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Энэхүү олон улсын хурлаас гарах зөвлөмж, шийдвэрийг эрүүл мэндийн салбарын цаашдын бодлогод тусган ажиллана гэв.
“Нэг дэлхий-Нэг эрүүл мэнд” уриан дор явагдаж буй тус хурал нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Хурлын зорилго нь шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангахад салбар хоорондын болон хөрш зэргэлдээ орнуудын хилийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоох аж.
Хурлаар шувууны томуу, бруцеллёз, бэтэг, боом, Крым-Конгийн цусархаг халууралт зэрэг зоонозын халдварт өвчнүүдийн асуудлаас гадна цаг үеийн байдалтай холбоотойгоор шувууны томуугийн H7N9 вирусийн халдварын асуудал яригдаж байна.
Энэ удаагийн хурал шувууны томуугийн A(H7N9) вирүсээр сэдээгдсэн хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, дэлхий нийтийг түгшээж буй энэ цаг үед зохион байгуулагдаж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Хуралд Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл болон ОХУ, Буриад, Хятад улсаас мэргэжилтнүүд оролцож байна.