logo
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өнөөдрөөс эхлэн мөрдөж байна

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өнөөдрөөс эхлэн мөрдөж байна

2013/04/15
УИХ-аас баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль  энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлж байна. Энэ хуулиар хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг зохицуулах юм.

Шинэ хуулийг дагаж мөрдөх бэлтгэл ажлын хүрээнд Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу авсан хуульчийн гэрчилгээ эзэмшигч  нь мэргэжлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхлэхийн тулд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгэлийг дээрх хууль хэрэгжилж эхэлсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хийх бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдлийн маягтыг www.jurist.gov.mn сайтаас татаж авах/, хуульчийн гэрчилгээний эх хувь, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /Шүүгч, прокурор, өмгөөлөгч нар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн магадлагаа, бусад хуульч  нар аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн сэтгэц, наркологийн кабинетын магадлагаа/ бүрдүүлж Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнд биеэр хүргэнэ.

Шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар Хуульчийн холбооны гишүүн болж, Хуульчийн анхдугаар их хуралд оролцох эрхтэй болно. Харин дээрх хугацаанд бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болох юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш