Баялаг бүтээж, улсын хөгжлийн зүтгүүр болсон ТОП 150 аж ахуйн нэгж өнөөдөр тодорлоо. Эдийн засаг, нийгэм, бизнесийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, үүрэг хариуцлагыг нь үнэлдэг энэ шалгаруулалтыг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2001 оноос эхлэн явуулж ирсэн юм.
Илүү татвар төлж, илүү орлого олсон компаниудыг өмнөх жилүүдэд нэрлэдэг байсан бол энэ жил нарийвчилсан олон шалгуур үзүүлэлтээр дүгнэснийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын 2012 оны оны манлай аж ахуйн нэгж зарлах ёслол дээр онцоллоо. Мөнгө санхүүгээр нь уралдуулах биш нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэр үр дүнтэй биелүүлсэн, инновоци, дэвшилтэт технологийг яаж нэвтрүүлсэн, хээл хахуулийг халах ямар алхам хийсэн, хэдэн ажлын байр бий болгож, хэчнээн монгол хүнийг тогтвортой орлоготой болгосон зэрэг долоон шалгуураар 2012 оны шилдгүүдийг тодруулсан байна.
Бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр Шинэчлэлийн Засгийн газраас богино хугацаанд авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд лиценз зөвшөөрлүүд олгох шат дамжлага, хоног хугацааг цөөрүүлснийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг мөн энэ үеэр хэллээ. Түүнчлэн, хөрөнгө оруулагчдаа гадаад, дотоод гэж ялгалгүй дэмжих, стратегийн салбарт тавьсан хатуу босго заалтуудаа зөөлрүүлэх хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгааг бизнесийн салбарынханд дуулгасан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.