Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд С.Оюун Сайд нарын түвшний ерөнхий хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улс газар нутгийнхаа 30 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтанд авах, Монгол орны Говийн бүсэд 3000 шахам км ойн зурвас байгуулах зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа”-гаа онцлон дурьдаад эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал байгааг цохон тэмдэглэв. Мөн тэрбээр 2009 онд УИХ-аас Ойн сан бүхий газрыг уул уурхайн үйлдвэрлэлээс чөлөөлөх тухай хууль баталсан нь ойн экосистемийг хамгаалах чиглэлээр хийгдсэн чухал алхам болсон, ой хамгааллын ажилд нутгийн иргэдийн өргөн оролцоотой ойн тогтвортой менежментийг хөгжүүлэх талаар анхааран ажиллаж байгааг мэдээллээ. Олон улсын “Ойн форум” энэ сарын 19-нийг дуустал үргэлжилнэ гэж БОНХЯ-ны ХМА-наас мэдээллээ.