БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан Мазаалай баавгайг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэд хэдэн чухал шийдвэр гаргав.
Мазаалайн өвчлөлийн судалгааг 2014 оноос эхлүүлнэ
Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн тэргүүн Харри Ринолдс ажлын хэсгийнхэнд өөрсдийн хийж байгаа ажлынхаа талаархи мэдээллийг хүргэлээ. Тэд жил бүр хийдэг судалгааны ажлаа хийхээр удахгүй Говийн их дархан цаазат газрыг зорих юм. Тус нийгэмлэг 2005 оноос хойш Говийн их дархан цаазат газарт нутагладаг Мазаалай баавгайд сансрын хүзүүвч зүүн судалсаар байгаа юм. Одоогоор 13 мазаалайд хүзүүвч зүүжээ. Түүний багийнхан ажлаа эхлэхээсээ өмнө Мазаалай баавгай нь нэн ховор улаан номонд орсон, 1995 онд тоо толгой 20-50, 1950 оныхоос тархац нутаг нь 50 хувиар багассан гэсэн мэдээлэлтэй байснаа энэ үеэр дурьдсан. Тархац нутаг 50 хувиар багассан нь ойролцоо нутагладаг малчидтай холбоотой гэж дүгнэжээ. Мазаалайн иддэг ургамлыг тэмээ, ямаа иддэг учир тархац нутаг хумигдсан гэж таамаглаж байгаа аж. Мөн Романиа улсын хүрэн баавгайн тархац нутгийг Мазаалайнхтай харьцуулжээ. Тодруулбал, 1000 ам дөрвөлжин талбайд 430 хүрэн баавгай ногддог бол Мазаалайн ногдох тоо 1.47 байна.
Тэд нэмэлт тэжээлийн савыг тойруулан өргөст тор татаж Мазаалайн үснээс дээж авч ДНК түвшинд генетикийн судалгаа хийдэг. Үсний дээжид хүний хурууны хээтэй адил давтагдашгүй мэдээллүүд агуулагдаж байдаг. Өргөст тор нь Мазаалайг өвтгөж, гэмтээхгүй байхаар зориулагджээ.
Тэд нэгэн сонирхолтой судалгаа гаргасан нь 1997-2007 онд 13 бамбарууш бойжсон гэсэн мэдээлэл юм. Автомат камерын тусламжтайгаар харьцуулан дээрх тоог гаргасан байна. Мазаалайн ангилалзүйн судалгаанаас гадна өвчлөлийн судалгааг хийх зайлшгүй шаардлагатайг ноён Харри Ринолдс хэллээ. Олон улсын баавгай хамгаалах нийгэмлэгээс өвчлөлийн судалгааг 2014 оноос эхлүүлэх аж.
Таван тонн нэмэлт тэжээлийг 12 цэгт түгээжээ
Мазаалай баавгайд тавьж өгч байгаа нэмэлт тэжээлийн талаархи мэдээллийг сонсов. “Монгол бахархал” ТББ-ынхан хандив цуглуулан Мазаалай баавгайд зориулж 10 тонн идэш тэжээлийг Говийн их дархан цаазат газарт хүргүүлсэн. Одоогоор таван тонн нэмэлт тэжээлийг 12 цэгт тарааж байрлуулжээ. Энэ жилээс нохойн хоол, лууван, манжинг нэмэлт тэжээлээр хүргүүлсэн ч Мазаалай хорголжин тэжээлийг голдуу идэж байгаа аж. Харин нохойн хоолыг чоно идсэн ул мөр байгаа аж. Зуны сүүл сард буюу Мазаалай ичээндээ орохын өмнө гол тарга тэвээргээ авдаг. Тиймээс энэ үед нэмэлт тэжээл маш их хэрэгтэй юм. Хавар ичээнээс гарах үед өвс ургамал ургаагүй байдаг тул энэ үед ч нэмэлт тэжээл тавьж өгдөг.
Шилдэг бүтээл тодруулах комисс байгуулагдлаа
Яамнаас Мазаалай баавгайн ведио бүтээлийн уралдаан зарлаад 12 хонож байна. Уралдаанд бүтээлээ ирүүлэх сүүлийн хугацаа энэ сарын 19. Тиймээс шилдэг бүтээл шалгаруулах комисс байгууллаа. Комиссын даргаар яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар ажиллах ба гишүүнээр Мазаалай хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга А.Баясгалан, Дэлхийн байгаль хамгаалах сангийн тэргүүн С.Батсүх, Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Амгалан, эрдэмтэн н.Доржраа нар сонгогдлоо. Мөн Мазаалай баавгайн бүтэц, идэш тэжээл, зан ааш, хамгаалал ямар түвшинд байгаа болон олон нийтийн оролцооны талаархи шинжлэх ухаан танин мэдэхүйн кино хийх шийдвэр гаргалаа. Киноны нэр, агуулгыг дахин хуралдаж батлахаар болов.