Сургалтын төрийн сангийн зорилго нь тус сангийн дүрэмд заасанчлан дээд боловсролыг санхүүжүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид зохих журмын дагуу тэтгэлэг, зээл олгох, зээлийг эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулдаг байна.
Сайдын мэдээлэлд дурдагдсанаар, 2012 оны жилийн эцсийн байдлаар Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуульд суралцах гэрээ байгуулж, зээл авсан нийт 1513 хүнээс 664 хүн сургуулиа төгсөн эх орондоо ирээд Сургалтын төрийн санд бүртгүүлсэн, 436 нь эх орондоо эргэж ирээгүй буюу төгсөж ирээд бүртгүүлээгүй, 15 хүн сургуулиа төгсөж чадаагүй, 413 хүн одоо гадаадад суралцаж байгаа юм байна. Түүнчлэн төгсөх хугацаа нь болсон боловч эргэж ирж Сургалтын төрийн санд бүртгүүлээгүй 436 хүний 244 хүн нь 2003 оноос явсан өмнө буюу зээлийн барьцаагүй, 192 хүн нь 2003 оноос хойш буюу зээлийн барьцаатай иргэд байгаа ажээ.
Эх орондоо эргэж ирээд Сургалтын төрийн санд бүртгүүлсэн, гэхдээ зээлийн гэрээ нь дуусгавар болоогүй 479 төгсөгчийн 332 нь төрийн байгууллагад, 112 нь хувийн хэвшилд ажиллаж жил бүр тайлангаа өгч тус сантай байнгын холбоотой байдаг бол 35 хүн одоогоор ажилгүй гэсэн бүртгэлтэй байгаа гэлээ.
Гадаадын их, дээд сургуульд 2008-2012 онд 525 хүн Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилттэйгээр элсэн суралцсан бөгөөд Сургалтын төрийн сангаас тэдний сургалтын төлбөр, амжиргааны зардалд зориулж 2008, 2009 онд тус бүр 2,9 тэрбум төгрөг, 2010 онд 3,9 тэрбум төгрөг, 2011 онд 2,7 тэрбум төгрөг, 2012 онд 5,6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. 2012 оны эцсийн байдлаар Сургалтын төрийн сангийн зээлийн авлага нийт 50,9 тэрбум төгрөг байгаа ба үүний 60 орчим хувь буюу 30,3 тэрбум төгрөг нь өндөр хөгжилтэй оронд суралцагчдад олгосон зээл, 10,4 тэрбум төгрөг нь зээлийн хүүгийн авлага байна.
Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөгдсөний дагуу ойрын хугацаанд дээд боловсрролын шинэчлэлийн бодлого, зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох харилцааг зохицуулах журмын төслийг дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, журмын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж буйгаа Л.Гантөмөр сайд танилцууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Хаянхярваа, Л.Эрдэнэчимэг, А.Тлейхан, Г.Уянга, А.Бакей, Д.Дэмбэрэл, Л.Энх-Амгалан, Д.Ганхуяг, З.Баянсэлэнгэ нарын гишүүд асуулт асууж хариулт авав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь буюу 70 мянган төгрөгийн тэтгэлэгийг оюутнуудад олгодог. Тэгвэл өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг болж байгаатай уялдуулж оюутнуудын тэтгэлэг нэмэгдэж олгогдох уу “ гэдгийг тодруулсан бол УИХ-ын гишүүн А.Тлейхан, “Төрийн сангийн зээлээр гадаадад сурч байгаа хүмүүс сураггүй алга болдог. Энэ асуудалд яамны зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ. Мөн гадаадад суралцагчдын дийлэнх нь эдийн засаг, нийгмийн чиглэлээр сурч байна. Цаашид ямар чиглэл, ямар шалгуураар гадаадад сургах бодлого барьж байна вэ ” гэсэн асуулт асуув.
Л.Гантөмөр сайд хариултдаа, “ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг болж нэмэгдэж байгаатай уялдуулан оюутнуудын тэтгэлэгийг нэмэх саналаа Сангийн яаманд хүргүүлж байгаа. Ингэснээр оюутнуудад олгогдож байгаа 70 мянган төгрөг ирэх есдүгээр сараас 96 мянга болж очих ёстой. Бид хуулийн дагуу ажиллаж байна. Түүнчлэн оюутнуудыг инженер, технологийн чиглэлээр сургахыг тэргүүлэх чиглэл болгож байна. Одоо гадаадад сурч буй оюутнуудын 50 хувь нь нийгмийн чиглэлээр сурч байна. 1513 хүн сургалтын зээл авснаас 436 хүн сураггүй болсон. Эдгээр хүмүүсийн араас төрийн сан явна. Гадаадад суралцагчдаас эх орондоо эргэж ирсэн ч төрийн сантай холбоо барьдаггүй. Иймд зээлийн мэдээллийн сантай болсноор сураггүй хүмүүсийн нэрс ил болно гэсэн ойлголттой байгаа. Цаашид нано технологи, багш инженер, экологи, бусад нарийн мэргэжлээр оюутан бэлтгэхийг дэмжиж байна. Ер нь нарийн мэргэжлийн багш, судлаач, хүүхдийн эмч эрэлт хэрэгцээ ихтэй байгаа. Гадаадад суралцах хүсэлтэй хүмүүст сургуулийг нь олж өгөх бус харин сургуулиа олоод нөхцөл шаардлагыг нь хангасан хүнд төрийн сангийн зээл олгоход анхаарна. Төрийн сангийн зээлийг хувь хүний гар дээр өгдөггүй, тухайн суралцах сургууль руу нь шилжүүлдэг ” гэлээ.
Гишүүдийн зүгээс төрийн сангийн зээлд жирийн ардын хүүхэд явж чадахгүй байгаа. Иймд энэхүү зээлд нийт хүмүүс тэгш эрхтэйгээр хамрагдах боломжийг бий болгоход анхаарч хаана, ямар сургуульд ямар мэргэжлээр суралцах боломжтой талаархи мэдээллийг нээлттэй ил тод сурталчлах нь чухал болохыг сануулж байлаа. Түүнчлэн ёс суртахуунтай хүмүүсийг гадаадад сургана гэдэг бол том асуудал. Улсын зардлаар гадаадад сурчихаад монголд хэзээ өөрчлөлт болох гэж байна тэр цагт нь очиж ажиллана гээд хүлээгээд суух биш харин сурсан мэдсэнээ эх орондоо зориулж өөсрдөө өөрчлөлт шинэчлэлийг хийе гээд ирдэг байх ёстойг хэлж байв.
Ингээд мэдээлэлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан саналд үндэслэн Засгийн газарт чиглэл өгөх Төсвийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан тогтоол гаргах саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.
Байнгын хороодын хамтарсан хуралдааны дараа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дангаар хуралдаж Монгол судлалыг хөгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Тлейханаар ахлуулан ажиллуулахаар тогтлоо. Мөн тус байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгүүд дээр ажиллаж байгаа хуульчдын ажил үүргийн хуваарьт өөрчлөлт орсон тул Ажлын хэсгүүд дээр тодорхой өөрчлөлтүүд гарч байгааг Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ дуулгасан юм.