logo
Байнгын хороо хууль сахиулах байгууллагын шинэтгэлийн багц хуулийн төслийг дэмжлээ

Байнгын хороо хууль сахиулах байгууллагын шинэтгэлийн багц хуулийн төслийг дэмжлээ

2013/04/18
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Засгийн газраас хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтын талаархи зургаан хуулийн төсөл, тэдгээрийг дагалдуулж зарим хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөсөн байлаа.

  Байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр төсөл санаачлагч гишүүн Х.Тэмүүжин Мөрдөх албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх хугацааг хойшлуулж, бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх саналтай байгаагаа хэллээ. Ингээд байнгын хорооны хуралдаанаар Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Маршалын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх эрх зүйн туслалцааны тухай хуулийн төслүүд, тэдгээрийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болов.

   Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Засгийн газраас хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны хүрээнд суурь шинэтгэлийн шинжтэй эрх зүйн бодлогын өөрчлөлт хийхээр төлөвлөсний дагуу эдгээр хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлснийг дурдаад хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэлийн талаар гишүүдэд танилцуулав.

   Дэлхийн ихэнх оронд цэрэгжсэн байгууллагыг хууль сахиулах байгууллагууд гэж үзэж эрх зүйн зохицуулалт хийсэн байдаг учраас манай улсын тухайд ч хууль сахиулах байгууллагын эрх зүйн статус, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг нь тодорхой болгох шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгаа аж. Тухайлахад, хууль сахиулах чиг үүргийн 70-аад хувийг дангаараа гүйцэтгэдэг цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй байх бол Мөрдөх алба нь улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, харин Маршалын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна.

  Ер нь Засгийн газар шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах шинэтгэлийн хүрээнд 11 хууль батлуулж мөрдөхөөр төлөвлөж, эхний таван хуулийн төслийг энэ удаад хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа. Харин Мөрдөх албаны тухай хуулийн төслийг удахгүй өргөн мэдүүлэх Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулийн төслүүдтэй хамтад нь хэлэлцүүлэх үүднээс энэ удаагийн хэлэлцүүлгээс хойшлуулахаар болсноо сайд хэллээ.

  Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүн Ц.Нямдорж байнгын хорооны хуралдаанаас хуулийн төслүүдийг бүхэлд нь хэлэлцэхийг дэмжээд ажлын хэсэг гаргаж ажиллуулъя гэсэн горимын санал гаргав. Мөн тэрээр эрүүгийн суурь хуультай хамт эдгээр хуулийг гаргах ёстой, иймээс ажлын хэсэг хуулийн төслүүдийн хэлэлцэх бэлтгэлийг хангаж байх зуур эрүүгийн хуулийн төслөө оруулж ирж хамтад нь хэлэлцүүлэх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Харин гишүүн О.Баасанхүү эдгээр хуулийн төсөлд салбарын байгууллагын саналыг заавал авах ёстой. Суурь хууль нь шинэчлэгдээгүй байхад төслүүдийг урьдчилж оруулж ирэх нь буруу. Иймээс Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх эрх зүйн туслалцааны тухай хуулийн төслийг үлдээгээд бусад төслийг буцаах саналтай байгаагаа хэллээ. Мөн гишүүн Ө.Энхтүвшин хэрэгжих үндэсгүй, насгүй хууль оруулж ирдэг, хуулийн төсөлд түргэн хуумгай ханддаг, тэр байтугай төсөл нь өргөн баригдаагүй байхад намын бүлгийн хурлаар хэлэлцэж дэмжсэн шийдвэр гаргаж байгааг шүүмжлэв. Гишүүн Р.Гончигдорж Ц.Нямдорж гишүүний горимын саналыг дэмжээд “Манай намын бүлгийн тухайд тухайн гишүүн санаачлан боловсруулах гэж байгаа хуулийн төслийнхөө үзэл баримтлалыг бүлгийн гишүүдэд урьдчилан танилцуулж дэмжих эсэх талаар санал сонсдог. Энэ нь хууль зөрчсөн явдал биш” гээд төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдчихээд ажлын хэсэг гаргая гэлээ. Гишүүн С.Баярцогт ч гишүүн Р.Гончигдорж, Ц.Нямдорж нартай адил саналтай байгаагаа хэллээ.

  Харин гишүүн Д.Лүндээжанцан төсөл санаачлагчаас зарим зүйлийг асууж тодруулаад хүний эрх, эрх чөлөө, амь нас, нэр төр, улсын аюулгүй байдалтай холбоотой эдгээр хуулийн төсөлд ихээхэн нухацтай, болгоомжтой хандах учиртай. Иймээс суурь хуулийн төслийг оруулж ирсний дараа хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн бол гишүүн Д.Ганбат хуулийн төслүүдийг хойшлуулах биш бүр яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэсэн санал хэлэв. Мөн гишүүн З.Энхболд эдгээр хуулийн төслүүд нь зөвхөн одоо яригдаж байгаа биш олон удаа, олон жил яригдаж ирсэн асуудал. Хууль зүйн салбарт хичнээн хурдан шинэтгэл хийнэ, үр дүн нь төдий чинээ хурдан гарна. Иймээс энэ нь намын ялгаагүйгээр дэмжих асуудал гэсэн байр сууриа илэрхийлэв.

  Ингээд байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг төсөл нэг бүрээр нь хэлэлцэхээр болж, хууль санаачлагч гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг гишүүдэд танилцуулав. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асуун, саналаа хэлж, хуулийн төсөл бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Ингээд байнгын хорооноос гишүүн Р.Гончигдоржоор ахлуулсан ажлын хэсэг гаргахаар болов. Мөн хуулийн төсөл бүр дээр дэд ажлын хэсэг ажиллуулах юм байна.

Ш.Содномжамц
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш