Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байгаагаас Завханы Баянхайрхан, Дорнодын Халхгол, Сэргэлэн сумдын нутгаар хаваржилт хүнд, харин Увсын Баруунтуруун, Завханы Баянтэс, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Төвийн Баянчандмань, Сүхбаатарын Баяндэлгэр сумдын нутгаар битүү цастай байгаагаас мал бэлчээрлэлт хүндэвтэр байгааг сайд мэдээллийн эхэнд дурдлаа.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар 6,507,346 хээлтэгч төллөж 6,464,852 төл буюу гарсан төлийн 99,3 хувь нь бойжиж байгаа юм байна. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 2.0 сая-аар нэмэгдэж төллөвөл зохих нийт хээлтэгчийн 41.4 хувийг эзэлж байгаа аж.
Түүнчлэн 2012-2013 оны өвөлжилт 18 аймгийн 987 суманд зудтай, 16 аймгийн 88 суманд зудархуу болж хүдэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн аймгуудад газар дээр нь үнэлгээ хийсэн дүгнэлтийг үндэслэн өвөлжилт хүндэрсэн орон нутгийн малчин иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх, зам даваа нээх, сумдад өвс, тэжээл хүргэх тээврийн зардал, хүн малын эмийн хангамжийг нэмэгдүүлэхэд нийт 4.4 тэрбум төгрөгийг шийдэрлэж үүний үр дүнд өвөлжилтийг харьцангуй хохирол багатай давсан байна. Мал аж ахуйн салбарын хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар “Малчиддаа туслая” аяныг орон даяар зарласан бөгөөд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам тус аяны хүрээнд хөрөнгө бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, түр журам батлуулан ажиллаж байгаа гэлээ. Аяны хүрээнд 400.0 гаруй сая төгрөгийн хандив цугларснаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дорнод, Хөвсгөл, Увс, Завхан, Булган, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар аймгуудын 54 сум, Улаанбаатар хотын 3 дүүрэгт нийт 1200 тн тэжээл, 2000 боодол өвс, 50 сая төгрөгийн бараа материал, хүчтэй шуурганы улмаас гэргүй болсон 5 малчин өрхөд гэр олгосон зэрэг нь өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад сэтгэл санааны болон эд материалын тодорхой дэмжлэг болслон гэж үзэж буйгаа салбарын сайд хэлсэн юм. Мөн мал аж ахуйн салбарт хийгдэж байгаа нэг гол ажил бол хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг биржийн арилжаанд оруулах үүний тулд малчдыг өрхийн үйлдвэрлэгчээр бүртгэх, малчин мэргэжлийн үнэмлэх, тэмдэгжүүлэх, хамтын хөдөлмөрөө нэгтгэн хоршоогоор дамжуулан оролцох явдал гэдгийг мөн тэрбээр дуулгалаа.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс малын хорогдолтой байгаа аймгуудад хуваарилсан мөнгийг ямар шалтгаанаар ялгавартай хуваарилсан талаар болон УИХ-аар баталсан “Монгол мал”, “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого” хөтөлбөр, “Түүхий эдийн биржийн тухай “ хуулийн уялдаа, хэрэгжиилт ямар байгаа, малын хорогдлын үндсэн шалтгаан аймаг бүрд ижил байгаа эсэх, цаашид малын зүй бусын хорогдлыг зогсоох талаар авч хэрэгжүүлэх ажлын талаар асуулт тавьж хариулт авсан юм.
“Малын хорогдолтой аймгууд дээр хуваарилсан мөнгийг Засгийн газраас шийдсэн. Ингэхдээ хуваарилалтыг эхний ээлжинд өвөлжилт хүндэрсэн Өвөрханагй, Архангай, Завхан, Хөвсгөл, Булган, Төв аймгийн баруун хэсэгт хийж, сүүлд нь Засгийн газрын хуралдаанаар аймаг, аймгаар нь шийдвэрлэсэн байгаа. Харин Дорнод аймаг дээр хөрөнгө онцгой төвлөрүүлсэн нь тус аймагт хаваржилт эхэлсэн хойно гурван удаагийн цасан шуурганаас болж нөхцөл байдал онц хүндэрсэнтэй холбоотой. Ингэснээр Дорнод аймагт Засгийн газраас нэмэлтээр 100 орчим сая төгрөг, мөн орон нутгаас 100 сая төгрөгийг шийдвэрлэсэн. Энэ байдалтай холбогдуулан тус аймагт Онцгой байдлын ерөнхий газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны удирдлага газар дээр нь очиж танилцсан. Цаг агаарын урьдчилсан мэдээллийг 7 хоног, сар, улирлаар байнга авч байгаа. “ гэсэн хариултыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэд сайд Ц.Туваан өглөө.
Мөн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа. Ингэснээр Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтын байдалтай танилцах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Дорноговь, Сүхбаатар аймагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийж буй байдалд Байгаль орчныг хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Говь-Алтай аймгийн нутагт төмрийн хүдэр олборлож байгаа байдалд Байгаль орчныг хамгаалах болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг, Баянхонгор, Архангай, Ховд зэрэг аймгуудад бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй байдалд Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай болон холбогдох бусад хуулиудын хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Химийн хорт болон аюултай бодисын тухай, холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарыг тус тус томиллоо.
Эцэст нь Байнгын хорооны хуралдаан 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталснаар өндөрлөв.
Б.Янжинлхам