logo
Тогтоолын төслийг дахин нягталж хянахаар болов

Тогтоолын төслийг дахин нягталж хянахаар болов

2013/04/18
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /4-р сарын 17/ хуралдаанаар 3 асуудал хэлэлцсэний эхэнд “100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих” асуудлаар 2013 оны 03 дугаар 19-ний өдөр зохион байгуулсан нээлттэй сонсголын үр дүнг тус хорооны дарга Р.Бурмаа танилцууллаа.

  Түүний мэдээлснээр ӨБХ-ны Ажлын албанаас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй холбогдуулан Засгийн газраас гаргасан 6 тогтоол, 1 тушаал, захирамж, санхүүжилтийн 2 гэрээ зэрэг баримт бичгийг судалж, хөтөлбөрийн биелэлтийг хариуцсан байгууллагуудаас тайлбар, баримт гаргуулан авч, дүн шинжилгээ хийсэн байна. Түүнчлэн сонсголын бэлтгэл ажлын хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талаас холбогдох байгууллагын удирдлагууд болон сайд, ТНБД, захирлуудтай уулзалт зохион байгуулж, тайлбар авчээ. Мөн хөтөлбөрт оролцогчийн талаас 18 иргэн, 4 барилгын компанийн төлөөлөлтэй уулзан зохих тайлбар авч, ярилцлага хийсэн байна.

  Сонсголын үр дүнд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлыг энэ дөрөвдүгээр сард ӨБХ-ны хуралдаанаар хэлэлцэж, хөтөлбөрийн хэрэгжилтийн улмаас хохироод буй 2720 иргэний асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн тогтоол гаргахаар шийдвэрлэсэн юм. Байнгын хорооны гишүүд уг сонсголын үр дүн болон “Засгийн газарт үүрэг өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг сонсон хэлэлцэх үеэр тодорхой шалтгааны улмаас дээрх сонсголын талаар хангалттай     мэдээлэл аваагүй байсан зарим гишүүдийн саналаар өнөөгийн нөхцөл байдалтай сайтар танилцаж байж тогтоолоо батлахын тулд уг төслийг дахин хянаж нягтлах, тэгэхдээ гишүүдээс гарсан хэд хэдэн саналыг нэмж тусгахаар боллоо.

   Үүний дараа Өргөдлийн байнгын хорооны ахлах зөвлөх А.Сарангэрэл тус хороонд энэ оны нэгдүгээр 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ирсэн өргөдлийн агуулга, тэдгээрийг шийдвэрлэсэн байдлыг гишүүдэд танилцуулав. Түүний мэдэлснээр бол өнгөрсөн 3,5 сарын хугацаанд ӨБХ-нд иргэд, хуулийн этгээдээс 110 өргөдөл ирүүлсний 37 хувь нь хуулиар УИХ-ын бүрэн эрхэд харьяалах асуудлаар гаргасан өргөдөл байсан бол 72 хувь нь хуулиар УИХ-аас бусад байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийн хүрээнд хамрах асуудлаар гаргасан өргөдлүүд байжээ. ӨБХ-ны ажилтнууд иргэд яагаад тухайн асуудыг хариуцсан багууллага, албан тушаалтанд бус УИХ-д хандаад байгааг ч судалж дүн шинжилгээ хийсэн байна. Түүгээр бол иргэд хэнд, хаашаа хандахаа мэдэхгүй гэхээсээ төрийн байгууллага, албан тушаалтнууд өөрт олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхийн төлөө идэвх санаачилга гаргахгүй, төрийн үйлчилгээ авах гэсэн иргэдэд дорвитой мэдээлэл, заавар зөвлөгөө өгдөггүй, хуульд заагаагүй баримт бичиг, нөхцөл болзол биелүүлэхийг шаарддаг зэрэг шалтгаанаар УИХ-ын гишүүд, байнгын хороонд өргөдөл ирүүлэх нь их байгаа нь тогтоогдсон байна.

   Мөн хуулийн зохицуулалт байхгүйгээс, Р.Бурмаа даргын тэмдэглэсэнчлэн “хуулийн цоорхойгоос шалтгаалж” иргэд тодорхой асуудлаар хаана, хэнд хандахаа мэдэхгүй байх тохиолдол ч байгаа аж. Тухайлбал, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд ямар төрлийн одон олгох, урамшууллын баримт бичиг бүрдүүлэхдээ хэнд хандаж, ямар бичиг баримт бэлтгэх талаар л хуулинд зааснаас бус тухайн ээж одонгоо авахын тулд чухам хаана, хэнд хандах, уг одонг өөрт нь олгосон эсэхийг хэрхэн мэдэх талаар хуулийн зохицуулалт байхгүй байгаа аж.

  Энэ өдрийн хуралдааны эцэст ӨБХ-ны гишүүд УИХ-ын Тамгын газрын бүтцийн өөрчлөлтөөр тус байнгын хороонд ажиллахаар томилогдсон ажилтнуудтайгаа танилцсаны дээр хороон даргын зүгээс гишүүддээ цаашид хийх ажлынхаа талаар товч мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, ялын бодлогод дүн шинжилгээ хийх, Хонгор суманд эрүүл, аюулгүй орчинд аж төрөх боломжтой эсэхийг тогтоох зэрэг хэд хэдэн чиглэлээр судалгаа, хэлэлцүүлэг хийж, нээлттэй болон хяналтын сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан юм. Мөн иргэдийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, уг хэсэгт С.Одонтуяа, С.Ганбаатар нарын гишүүдийг ажиллуулахаар болов.

                                                                                                                                                                                                                                    С.Отгонцэцэг

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш