logo
Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, Бүгд Найрамдах Түрк улсын ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан нарын хамтсарсан мэдэгдэл

Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, Бүгд Найрамдах Түрк улсын ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан нарын хамтсарсан мэдэгдэл

2013/04/18
Монгол Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Норовын Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Түрк Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Рэжэп Тайип Эрдоан 2013 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

Хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийв. Түрк Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Рэжэп Тайип Эрдоан Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Эрхэмсэг ноён З.Энхболд нарт бараалхав.

Олон зууны тэртээ нэг нутаг дэвсгэр дээр хаяа дэрлэн хамт оршин сууж, ижил төстэй хэл соёл, өв уламжлал, түүхийн хэлхээ холбоотой болсон Монгол, Түркийн ард түмний уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд сэргэн хөгжиж ирснийг цаашид улам идэвхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх өргөн боломж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв.

Монгол Улс Гадаад бодлогын үзэл баримтлалдаа Бүгд Найрамдах Түрк Улсыг “гуравдагч хөрш”-өөр зарлан тунхагласныг түркийн тал талархан тэмдэглэв.

Хоёр тал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 онд БНТУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр гаргасан хамтарсан мэдэгдэлд дэвшүүлсэн “иж бүрэн түншлэлийн харилцаа” нь тодорхой зорилго зарчмын хүрээнд амжилттай хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид харилцааны түвшинг ахиулж, “стратегийн түншлэлд” хүргэх хэтийн зорилготой байгаагаа талууд санал нэгтэй тэмдэглэв.

Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаад түркийн тал баяр хүргээд, монголын талын хүсэлтийг харгалзан бололцоотой төсөл, хөтөлбөрт хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

2012 оны 7 дугаар сараас Истанбул-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг нээгдсэн нь хоёр улсын хооронд бизнес, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэх, улмаар харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөхөд чухал ач холбогдолтой болохыг талууд тэмдэглээд, монголын тал цаашид уг чиглэл дэх нислэгийн тоог нэмэгдүүлэх, Монгол Улсад зорчих Түркийн иргэдийг визээс чөлөөлөх асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээ илэрхийлэв.

2013 оны 3 дугаар сарын 27-28-нд Анкара хотноо болсон Эдийн засаг, худалдааны Монгол, Түркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 7 дугаар хуралдаан хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг тодорхой чиглэлээр идэвхжүүлэх шийдвэр гаргасныг онцлон тэмдэглэв. Тухайлбал, орон сууцны барилга, зам, гүүр барих, гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах, арьс, шир боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хоёр тал Засгийн газар хооронд болон хувийн хэвшлийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсоныг сайшаан тэмдэглэв.

Хоёр тал агаарын тээврийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Түркийн олон улсын хамтын ажиллагааны агентлаг (TICA) Монгол Улсад хөгжлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буйд монголын тал талархал илэрхийлж, цаашид уг хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа онцлов.
Хоёр тал НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг цохон тэмдэглээд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд бие биенээ харилцан дэмжих тохиролцоо байгуулсныг дахин нотлов.

Дээрх хамтын ажиллагааны хүрээнд EXPO-2020 үзэсгэлэнг “Илүү сайхан дэлхийн төлөөх шинэ арга замууд-Хүн бүр эрүүл энх” сэдвээр зохион байгуулагч орноор нэр дэвшиж буй Измир хотыг монголын тал дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа түркийн тал илэрхийлэв.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй , бие даасан, олон тулгуурт гадаад бодлого идэвхтэй явуулж, ЕАБХАБ-д гишүүн орон болсон, мөн 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг (АОХН) даргалах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад түркийн тал баяр хүргээд удахгүй Улаанбаатар хотноо болох АОХН-ийн Сайд нарын бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Бүгд Найрамдах Түрк Улс 2020 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулахаар өрсөлдөж, бүс нутагтаа хөгжил, дэвшлийн үлгэр дууриалал болж байгаад монголын тал баяр хүргэж, амжилт хүсэв.

Талууд БНТУ-ын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Рэжэп Тайип Эрдоаны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын түүхэн уламжлалт, дотно найрсаг харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэх, хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын  хамтын ажиллагаанд чухал түлхэц өгснийг санал нэгтэй тэмдэглэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш