logo
Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2013 оны 15 дахь дугаар хэвлэгдэн гарлаа

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2013 оны 15 дахь дугаар хэвлэгдэн гарлаа

2013/04/19

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ. Тогтоол ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарлаж, санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар болжээ. Мөн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхихй иргэний саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд авахаар тогтоов.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын дээд хэмжээг 15 846 846 804 төгрөгөөр тогтоосон УИХ-ын тогтоолыг нийтэллээ.

Мөн дугаарт нийтлэгдсэн УИХ-ын тогтоолоор, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрогт явагдах дахин санал хураалтын зардлын дээд хэмжээг 397 473 328 төгрөг байхаар тогтоожээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Зарим хүмүүсийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Зарим шүүгчдийг сэлгэн ажиллуулах тухай, Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв.

Түүнчлэн “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”аас хассан төсөл, арга хэмжээтэй эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоос танилцах боломжтой.

 “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш