logo
УИХ-ын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авав

УИХ-ын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авав

2013/04/19
Чуулганы хуралдаан үдээс хойш /2013-04-18/ үргэлжилж Улсын Их Хурлын дэд дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлаарх асуулт хариулт дууссаны дараа гишүүд үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга:-УИХ-ын 7 гишүүн Баярцогт гишүүнийг гишүүнээсээ огцрох ёстой гэж үзсэн. Швейцарийн банк харилцагчийнхаа дансыг ил болгож байгаа нь зүгээр нэг зүйл биш гэж үзэж байна. Энэ бол бүхэлдээ энэ их хуралд сууж байгаа олон олон “баярцогтод” сануулга өгч байгаа үзэгдэл. Долларын тэрбумтнууд монголд байгаа. Энэ дансны орлого хаанаас орсон орлого юм, дансны гүйлгээ нь ямар байгаа, үүнд Оюутолгойг тойрсон асуудал байгаа эсэх гээд олон олон асуудлууд урган гарч байна.

  АН шударга ажиллаж байна уу үгүй юу, үнэхээр шинэчлэгдэж байна уу үгүй гэдэг нь  энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс тодорхой болох ёстой. АН-ыг олон нийт харж байгаа. Энд хууль зүйн үндэслэлүүдийг ярьж байна. Ёс суртахуунгүйгээр хууль зүйг зохицуулахгүй. Улс орноо гадаад ертөнцөд сайхан харагдууллаа. Одоо таныг сайхан харагдуулах асуудал бол бүх зүйлээ үнэнээр нь дэлгэвэл монголын ард түмэн таныг уучилж чадах ууч сэтгэлтэй ард түмэн.

   Ирээдүйд бий болж болзошгүй олон олон “баярцогтоос” төрийг хамгаалах тухай хуулийг гаргах хэрэгтэй юм байна. Хэрвээ зөвхөн УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа татгалзаж байгаа бол ёс зүйн хариуцлага хүлээж байна гэж үзэхгүй.

   УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:- “Баярцогтын хувьд монгол төрийн буянаар сайн боловсрол эзэмшсэн гэж үздэг. Харамсалтай нь ичихгүй худлаа ярьж чадаж байна. Энэ компани чиний нэр дээр байгаа гэдгийг ОУ-ын байгууллагаас зарлаад байгаа. Өөрийгөө өмөөрөөд байгаа нь цаашид засрахгүй гэдгийг харуулж байна. Компанийг мэдүүлэхгүй байж болдог гэдэг ойлголт байж болохгүй. Уг нь энэ асуудлыг ёс зүйн хороогоор оруулаад мөнгө хаанаас гарч ирсэн, дансны бүх хуулга энэ байна гээд гаргаж ирээд бидэнд ямар нэгэн байдлаар илтгэл үнэмшил төрүүлвэл гоё харагдана. Яг Оюутолгойг хамгаалдаг шигээ асуудлыг өөрөөсөө зайлуудаад худлаа яриад байна. Өөрийг чинь ийм байдалд орсонд харамсч байгаа. Өөрийгөө нэгд тавиад төрөө хоёрт тавиад байж болохгүй. Тэгээд ч энэ асуудалд холбогдсон нь сонгуулийн өмнө байгаа. Иймд тэр хамт мөнгө оруулсан 3 нөхөдтэйгээ бидэнд энэ асуудал ямар ч хамаагүй гэдгийг батлал даа. Хэрвээ зүгээр гишүүн байсан бол яах вэ гэхээр хариулт байхгүй байна. Үнэхээр шинэчлэлт, шударга ёс тогтооё гэж байгаа бол дансны бүх гүйлгээг тодорхой болгол доо. Тэгвэл бид Баярцогт буруугүй юм байна лээ гэдгийг хэлнэ ш дээ. Олон суудал авсан намын хувьд монгол төр цэвэр байхыг баталж хариуцлагатай хандах хэрэгтэй. Энэ байгууллага АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй гэдгээр хандаагүй. Бусад орны дандаа том хөрөнгөтнүүд илчлэгдсэн байна лээ.

  УИХ-ын гиишүүн Ш.Түвдэндорж:-Өнөөдөр улстөржүүлж хүний мууг үзэх гэсэн зүйл ярьсаар байгаад өнгөрч байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар олон чухал асуудлыг шийдэх байсан. МАН Засгийн газрыг огцруулах асуудлын үндэслэлээ гадаадын хөрөнгө оруулалтыг буурууллаа гэсэн байсан. Гэтэл энэ асуудлыг ярих гэхээр завсарлага авч байна. 4 сарын 15-наас шүүхийн багц хууль хэрэгжээд эхэлсэн. Энэ хуулийг дагаж гарах хуулиуд хүлээгдэж байгаа. Өнөөдөр нэг хоногийн өмнө ч гэсэн эдгээр асуудлуудыг хэлэлцээд явсан бол улс оронд ямар хэрэгцээтэй болох нь ойлгомжтой. Бүтэн өдөр хүний мууг үзлээ. Би хүнийг өмөөрч байгаа юм биш. Ийм дэмий зүйл ярьж цаг нөхцөөж байгаад харамсаж байна. Улстөржихөө багасгаад ажлаараа ард түмэндээ хийсэн бүтээснээ харуулья.

  УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:- “ Ямар асуудал орж ирсэн, асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дэг журам замбараагүй болж гүйцлээ. Асуудлыг ял зэмийн асуудалтай хольж хутгаж байна. Өнөөдөр зохих байгууллагууд нь шийддэг асуудлыг энд чирж авчирч ярьж байна. Тэгээд МАН өөрсдийнх нь оруулж ирсэн асуудлыг шийдэх гэхээр үндэслэл нь байхгүй болохоор завсарлага авч байна. Баярцогтыг өөрийн холбогдсон тодорхой асуудлаар албан тушаалаасаа огцроё гэхээр бусад өөр асуудал руу ороод явчихаж байна. Олон жил Халдашгүй байдлын дэд хорооны даргаар ажиллалаа. Өөрөө ингэж саналаараа асуудлыг тавьсан хүн байсан юм уу. Дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөөд дараа нь энгийн гишүүний хувиар ярья гэж байхад авлигаар авсан мөнгөө нуучихаад түүнийгээ хэлэхгүй байна гээд байх юм. Тэгвэл та нар тийм сайн мэдэж байгаа юм бол түүнийг нь хэл л дээ.

 УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:-Дэлхийн 30-аад орны 40 гаруй сэтгүүлчдийг оролцуулсан оффшор компаниуд хуулийн хүрээнд татвараас зугтаасныг илчлэх төсөл хэрэгжиж үйл ажиллагаа нь дуусч байгаа юм байна. Үүний үр дүнд 3000 хүн илчлэгдээд байна. Тэдгээрээс ганцхан хүн нь би алдаа гаргажээ гээд албан тушаалаасаа огцорхоор өнөөдөр энд сууж байна. Улс төрийн жудаг гэж мэдэхгүй. Харин хүний жудаг гэж юу байдгийг мэднэ. Би унасан хүнийг зоддог хүн биш. Та бол 3000 хүний дундаас ёс зүйгээ хүлээж байгаа анхны хүн. Та ямар ч хууль зөрчөөгүй гэж байгааг би үнэмшиж байна. Ямар ч гэсэн хүний ёс жудаг гэж юм бий. Тэр тусмаа гэр бүл нь хүнд тохиолдолд байгаа хамгийн хэцүү үед энэ хүн өөрөө ёс зүйгээ ухамсарлаад сууж байхад тал талаас нь өшиглөж болохгүй. Энэ үгний төлөө намайг олон хүн үзэн ядаж магадгүй. 5 удаа монгол төрийг төлөөлж хар залуугаасаа маш их туршлага хуримтлуулсан энэ хүнийг ёс зүйн алдаа гаргасны төлөө дээд зэргийн байцаагч нарт байдаггүй таамаглалыг гаргаж тал талаас нь дайрч байгаад харамсаж байна.

  УИХ-ын гишүүн Д.Арвин:-Баярцогт гишүүний хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагад итгэж байгаа. Ажлаасаа чөлөөлөгдөх тийм зөрчил хийгээгүй гэж үзэж байгаагаа бүлгийн хурал дээр ч, өөрт нь ч хэлсэн. Өнөөдрийн хуралдаан шүүхийн танхим шиг уур амьсгалтай байна. Иймд Баярцогтыг албан тушаалаасаа огцрох өргөдлөө татаж аваачээ гэж үзэж байна. Оюутолгойн асуудлыг ганц Баярцогт гишүүнтэй холбоотой мэт үзээд байгаа. Иймд дэд даргын албан тушаалд байхдаа асуудлаа шийдээд дараа нь огцрох асуудлыг тавибал яасан юм бэ. Иймд энэ асуудлыг дэмжихгүй байхыг гишүүдээс уриалж байна.

  УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:-Ёс зүй, шударга ёс бол нэг л зүйл. Баярцогт туршлагатай парламентч. Танд туслах юмсан гэж шүүмжлэх, өширхөж шүүмжлэх хоёр огт өөр зүйл шүү. Бид маш хэцүү хүнд бохир замыг туулж ирсэн. Өнөөдөр таныг эрх мэдэлтэй албан тушаалтай байгаа үед шүүмжлэлтэй зүйлийг хэлэхээс өөр араггүй. Гол нь дараа дараагийн ийм асуудал дээр яах юм бэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй байна. Монголчуудын мөнгө гадаадад байж л байгаа. Нэг нэгээр нь оруулж ирж шийтгээд байх уу, эсвэл тэр мөнгийг монгол руу татаж авчирч эрүүлжүүлэх үү. Хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байгаа зүйлийг засаж залруулах ёстой. Иймд эр хүний зориг гаргаж татгалзах, огцрох шийдвэрийг гаргаж байх ёстой. Ингэхгүй бол төрийн бүх шатанд муу үр дагаварыг бий болгоно. Иймээс монгол төрийг цэвэр байлгах үүднээс шударга шийдвэр гаргах ёстой.

  УИХ-ын гишүүн О.Баасанхүү:-Гадаадад дансгүй хүн хэн байгаа юм бэ. Нямдорж, Элбэгдорж, М.Энхболд нар дансгүй юм уу. Данстай байгаа нь буруу гэж бодохгүй байна. Би ч гэсэн хэдэн төгрөгөөр данс нээж болно. Хамгийн гол нь Оффшор  буюу татвараас зайлсхийхийн тулд нууц компани байгуулж байгаа явдал. Дансгүй гэж битгий та нар мэлзээрэй. Цаг нь болохоор дахиад л хэн нэгэн нь байцаагдаад суух байх. Оюутолгойн гэрээ муу болсон  гэдэг. Баярцогт бол гар хөл нь л байхгүй юу. Энэ гэрээг хийсэн хамгийн гол буруутан нь бол Баяр шүү дээ. Харин тэр данс нээхэд мөнгөний эх сурвалж нь хаанаас гарав гэдгийг л ард түмэн сонирхоод байгаа юм.

    Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга ёс “ эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, “ Баярцогт гишүүнийг улс төрчийн хувьд, хүндэтгэж явдагаа хэлээд, асуудлыг бүлэг дээр яриагүй учир  шууд хэлэлцээд явах нь оновчтой бус гэж үзэж буйгаа илэрхийлж уг асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлгээс завсарлага авах горимын санал гаргаж буйгаа мэдэгдлээ.

   УИХ-ын дарга З.Энхболд саналыг хүлээн авч уг асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэгт завсарлага өгч буйг мэдэгдсэн юм.

   Үүний дараа өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд орсон Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөв.

Б.Янжинлхам

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш