logo
Нисэхийн товчоо – Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын ажил эхэллээ

Нисэхийн товчоо – Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын ажил эхэллээ

2013/04/19
Нисэхийн товчоо – Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нээлтийн ёслолын ажиллагаа болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж болон холбогдох албаны хүмүүс тус тус оролцлоо.

Хан-Уул дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах энэхүү 22.5 км урттай авто замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөж шинэчлэх ажил ийнхүү эхэлж байна. Зам барилгын ажлын хүрээнд Бөхөгийн гол, Түргэний гол дээр 30 метр урттай 2 гүүр барих юм. Хоёр эгнээ, 9 метр өргөнтэй баригдах уг замыг “Тотал Инж” ХХК энэ оны 11 дүгээр сарын 01-нд улсын ашиглалтад хүлээлгэж өгөх гэрээ байгуулсан. Зам барилгын ажлын төсөвт өртөг 30.4 тэрбум төгрөг байна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газраас зам барилгын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллана.     
Нээлтийн ажиллагаан дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ: “Төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг захиалагч тал бүрэн хариуцаж, ажиллах бололцоогоор хангаж өгөх үүрэгтэй. Харин замын компани замынхаа ажлыг сайн хийх ёстой. 2014 оны 8 сард ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байсан энэ замыг нэг жилийн өмнө барьж дуусгана гэж амлалт өгөөд ажлаа эхэлж байгаа “Тотал Инж” компанийн замчдад нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсье. Нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, цаг хугацаанд нь чанартай зам барьж хүлээлгэж өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.

Нисэхийн товчооноос Биокомбинат хүртэлх авто замыг 1972 онд, Биокомбинатаас Шувуун фабрик хүртэлх авто замыг 1985-1987 онд барьж ашиглалтад оруулсан бөгөөд үүнээс хойш их засвар хийгдэж байгаагүй юм.

Хучилтын хийц:
Гео тор                                               9х22.5 км
Дэд суурь                                           0.3 м
Цементээр бэхжүүлсэн суурь         0.24 м
Харлуулсан дайрган суурь              0.08 м
Өнгө асфальтбетон хучилт                         0.05 м
Энэхүү замын 1-р хэсэг – Нисэхийн Шалган бүртгэх товчооноос эхэлж Морингийн даваагаар даван Биокомбинатын хойгуур, “МТ” шатахуун түгээх станцийн урдуур гарч, Бөхөгийн гол, Түргэний гол дээр 30 у/м хоёр гүүр барьж, Шувуун фабрикийн баруун хойд айлууд хүртэлх 20.591 км

2-р хэсэг – 1-р хэсгийн замын 11.408 км-ээс эхэлж, Туул голыг хөндлөн гарч байгаа төмөр зам хүртэлх 2.22 км тус тус үргэлжилнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш