2009 оноос хойш анх удаагаа инфляц нэг оронтой тоонд хүрч, 9,8 болж буурлаа. Энэ нь Засгийн газар Монгол банктай хамтарч үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлсний үр дүн юм гэдгийг Засгийн газрын тэргүүн эхлээд тодотголоо.
Засгийн газар нефьт импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгож, дэмжлэг үзүүлсэн. Уул уурхайн яамныхан ОХУ-ын нефть үйлдвэрлэгч томоохон компаниудтай уулзаж хэлэлцээ хийсний дүнд нефьт бүтээгдэхүүний үнэ өсөхгүй, буурах боломж бүрдэж байна гэлээ. Шатахууны үнэ тавдугаар сараас 50-60 төгрөгөөр буурах ажээ.
Манай газрын тосоор Хятадад боловсруулсан “Монгол 93” автобензин тавдугаар сараас ирэх гэж байгааг Ерөнхий сайд мэдэгдлээ. Солонгосоос мөн бензин оруулж ирж байгаа. Энчлэн хэд хэдэн сувагтай болж байгаа учир шатахууны үнэ цаашид тогтвортой байх боломж бүрдэж байна.
Ард иргэдийн өвлийн нүүрсний хэрэгцээг хямд нүүрсээр хангаж чадсан. Харин нөөцийн махны борлуулалтын сүлжээг боловсронгуй болгох шаардлага байгааг Ерөнхий сайд хэллээ. Нөөцийн махыг нийслэлд 388 цэгээр өдөрт 90 тн-ыг борлуулж байгаа бөгөөд 4000-6000 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Иргэдийн ачаа Замын-Үүдээс Улаанбаатарт 24 цагт ирдэг болсон. Энэ нь үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийн нэг хэсэг нь юм. Замын-Үүд боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд долдугаар сар гэхэд нэвтрэх чадвар нь 2 дахин сайжирсан байх болно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Барилга, орон сууцны үнэ өсөөд байгаа нь барьж байгаа байшин барилга эрэлтээ гүйцэхгүй холбоотой. Тиймээс Засгийн газар барилгын компаниудаа дэмжиж, баригдаж байгаа болон дутуу барилгуудыг гүйцээхэд анхаарч байна. Орон сууцны зээлийн хүүг 7-9 хувьтай байхаар шийдвэрлэсэн. Үндэсний компаниуд нэгдэж орон сууцны барилгын ажил эхлүүллээ, чанар сайтай, хямд орон сууцны эхний ээлж намраас ашиглалтад орно.
Гадаадад гаргах нүүрсний нийлүүлэлт сүүлийн гурван сард зогсоод байсан. Чалко компанийн Ерөнхийлөгч манай улсад ирж холбогдох хүмүүстэй уулзсан, ирэх долоо хоногоос нүүрсээ ачиж эхлэхээр боллоо гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Ингэхдээ хоёр талдаа алдагдалгүй байхаар ярилцсан гэлээ. Ийнхүү хил дээр 337 мянган тн, уурхай дээр сая гаруй тн нүүрс хүлээгдэж байсан нь эргэлтэд орохоор болж байна.
Ерөнхий сайд Чингис бондын мөнгөний 60 хувийг дэд бүтэц, бүтээн байгуулалтад, үлдсэн 40 хувийг эргэн төлөгдөх, өртөг нэмэгдүүлэх салбарын хөгжилд, тухайлбал, ноос ноолуур, оёдол, өвлийн хүлэмж, сүү, сүүний аж ахуйг дэмжихэд зарцуулагдаж байгаа гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.