logo
Нийтийн тээвэр цахим картаар үйлчилдэг болно

Нийтийн тээвэр цахим картаар үйлчилдэг болно

2013/04/20
Нийслэлийн тээврийн газраас зарлан хэрэгжүүлж буй “Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” аяны хүрээнд яригдаж эхэлсэн бас нэгэн шинэ сэдэв бол нийтийн тээврийн цахим картын систем билээ. Үнэхээр алсын зайнаас картаа уншуулчихаад, цүнхээ ухаж мөнгө хайх асуудалгүйгээр нийтийн тээврээр зорчдог болчихвол хичнээн сайхан. Ийм боломжийг  бодит амьдрал дээр хэрэгжүүлэхээр нийслэлийн тээврийн газрын шинэ удирдлагууд ажиллаж байгаа юм байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Ухаалаг тээврийн систем” төсөл нь НИТХ-аар дэмжигдсэн бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар соёрхон батлагдах юм бол нийтийн тээвэрт энэхүү төслийг хэрэгжүүлж эхлэх юм байна.

Монголчууд бол аливаа шинэлэг зүйлийг хүлээж авах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэхдээ төдийлэн түүртдэггүй ард түмэн. Үүнийг аль ч банкны үйлчилгээний танхим үйлчлүүлж буй хүмүүсийн төрх байдлаас харж болно. Харин өнөөдөр хамгийн “хоцрогдсон” гэж хэлж болох хэлбэрээр үйлчилгээ нь явагддаг салбарын нэг бол нийтийн тээвэр гэдэгтэй цөөнгүй хүн санал нийлэх байх. Хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл, телевизэд ярилцлага өгч буй иргэдийн санал бодол, интернэтэд тавигдсан мэдээлэл, сэтгэгдлүүдээс үзвэл, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид нь ч, зорчигчид нь цахим картын системийг хүлээж авах сэтгэл зүйн бэлтгэлтэй байна гэж урьдчилан дүгнэж болохоор харагдлаа. Тэгээд ч нийтийн тээврийн алдагдлын дийлэнх хувь нь үнэ төлбөргүй зорчдог зорчигчдоос үүдэлтэйг автобусны жолооч, кондукторууд олонтаа дурьдсан байна. Үнэхээр энэ бүхнийг зохицуулах, шийдэх гол гарц нь цахим төлбөрийн систем болж чадах уу?     

Нийслэл хот метротой болно, цахим тасалбарын системд шилжинэ гэсэн мэдээлэл зөвхөн иргэдийн дунд төдийгүй нийслэлийн удирдлага, улмаар УИХ, Засгийн газрын түвшинд яригдаж эхэлсэн болохоор мөрөөдөл биелэх цаг ойртож буй хэмээн найдаж, хойд хөршийн туршлагыг судлан сийрүүлэхийг хичээлээ.

Санкт-Петрбургийн туршлага

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг том оврын автобус болон тролейбусаар голлон гүйцэтгэж байгаа одоогийн нөхцөлд хотын нийтийн тээврийн ижил төстэй зохион байгуулалт бүхий ОХУ-ын зарим хотуудад (Санкт-Петрбург, Киров гэх мэт) хэрэгжүүлж байгаа цахим картын систем нь манайд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нийтийн тээврийн төлбөрийн цахим картын системд үлгэр болохуйц туршлага болж болох юм.

Тухайлбал, Санкт-Петрбург хотын “Подорожник” цахим картын систем нь өнөөдрийн байдлаар тухайн заагдсан мөнгөн дүнгийн хүрээнд хотын нийтийн (газрын дээрх болон газрын доорх) зорчигч тээврийн хэрэгслээр зорчих эрх олгохоос гадна зорчигч тээврийн төлбөрийн цахим хяналтын тогтолцоог хөгжүүлэх бас нэг үе шат нь болж байгаа ажээ. Энэхүү олон үйлдэлт хөнгөлөлтийн цахим картын системийг хэрэгжүүлэхдээ нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлэгч зорчигчдод ихээхэн урамшуулал үзүүлэх үнийн уян хатан бодлого баримталдаг ба урамшууллын дээд хэмжээ нь 7 рубль байна. Үүний үр дүнд нийтийн тээврээр үйлчлүүлэгч нь хэд хэдэн төрлийн хөнгөлөлтийн зорчих тасалбар худалдан авах шаардлагагүй болж, нийтийн тээврээр үйлчлүүлэх шаардлага гарсан тохиолдолд тасалбарын хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд санаа тавих нэгэнт хэрэггүй болсон байна. 
 
Хөнгөлөлтийн картны энэхүү төрөл нь нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчигчдод төлбөрийн хялбар хэлбэрийг олгоод зогсохгүй, тухайн карт эзэмшигчид өргөн хүрээний үйлчилгээг хүргэх зорилготой боловсруулагджээ. Ойрын ирээдүйд энэхүү хөнгөлөлтийн картанд цахилгаан галт тэрэг, усан тээвэр зэрэг хотын болон хот орчмын бүх төрлийн тээврийн хэрэгсэл, мөн түүнчлэн төлбөртэй автозам, авто зогсоол зэргийг нэгтгэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн түүнчлэн одоо байгаа дэд бүтцийн  үйл ажиллагаа, түүний хамгаалалтыг сайжруулах боломж олгож улмаар уг картыг ашиглах нэмэлт үйлчилгээ суулгах  өргөн боломжуудыг нээх дэвшилтэт Mifare Plus X – цахим тээгчийг ашигласан явдал “Подорожник” хөнгөлөлтийн картны шинэлэг давуу тал юм.

Санкт-Петрбургийн Тээврийн Холбооны зүгээс “Подорожник” цахим картыг нэвтрүүлснээр зорчигчдод үзүүлэх үйлчилгээний түвшинг сайжруулж, нийтийн тээврээр ая тухтай зорчих, бэлэн мөнгөөр төлбөр хийх зорчигчдын тоог цөөрүүлэх, хувийнхаа автомашинаар зорчихийг илүүд үзэгч хүмүүсийг цөөрүүлж, нийтийн тээврийн үйлчилгээг сонгох нөхцлийг нь бүрдүүлнэ хэмээн тооцоолжээ. Мөн түүнчлэн ойрын ирээдүйд хөнгөлөлтийн картыг өөртөө үйлчлэх АТМ, гар утас болон интернетийн терминалуудаар дамжуулан хялбар, түргэн шуурхай цэнэглэх боломжтой борлуулалтын сүлжээг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. 

Цахим картыг худалдан авах болон ашиглах дүрэм

Өнөөдрийн байдлаар “Подорожник” цахим картыг  метрополитений болон “Тээвэр Зохион Байгуулагч”-ийн кассуудаас худалдан авч байгаа бөгөөд сүүлийн цэнэглэлт ба сүүлийн төлбөр хийсэн өдрөөс тооцон “Подорожник” цахим картны хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа 3 жил байх юм. Цахим картыг худалдаж авахдаа нэг удаа зорчих мөнгөн дүнгийн урьдчилгаа төлөх (метро-25 руб.; бусад нийтийн тээвэр- 21 руб.) ба цахим картанд багтах хамгийн их мөнгөн дүн нь 15 мянган рубль ажээ. Цахим картнаас мөнгө буцаан олгогдохгүй хэдий ч картыг худалдаж авсанаас хойш 45 хоногийн дотор цэнэглэгчийн үнийг /Цэнэглэгчийн үнэ 51 рубль/ мөнгөн дүнгээр нь буцаан авч болохоор зохицуулсан байна.

 “Подорожник” нэгдсэн цахим карт төслийн хэрэгжилтэнд “Петрбургийн метрополитен” нь метронд суухад дамжин өнгөрдөг нэвтрэх цэг дээр зорчигчдийн төлбөрийг хүлээн авах, өөртөө үйлчлэх терминалууд болон кассаар цахим картыг борлуулах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна. “Тээврийг зохион байгуулагч” Улсын байгууллагын хувьд зорчигч тээврийг гүйцэтгэх, өөрийн кассаар хөнгөлөлтийн цахим картыг борлуулах, түүгээр хийгдэх төлбөрийн гүйцэтгэлийг хянах хэлбэрээр оролцож байгаа ажээ. Харин “Русский Стандарт Банк” ХХН-ийн хувьд үйлчлүүлэгчдэдээ олон улсын төлбөрийн картыг зайнаас мэдрэгч бүхий хөнгөлөлтийн цахим “Подорожник” карттай нэг дор байршуулан нэгдмэл картыг худалдан авахыг санал болгож байгаа бөгөөд уг картыг метрополитений кассуудаар шуурхай бүрдүүлэн өгч үйлчилж байгаа юм байна. Мөн үүрэн холбооны Баруун-хойд Мегафон НХН нь үйлчлүүлэгчийн гар утсан дахь дансаар хөнгөлөлтийн цахим “Подорожник” картыг хялбар шуурхай цэнэглэх боломжийг олгож байна. Үйлчлүүлэгч нь 8411 дугаарт “Подорожник” картны дугаарыг мессежээр илгээснээр тухайн зорчигчийн хөнгөлөлтийн карт цэнэглэгдэх боломжтой байгаа аж.

ОХУ-ын хотуудад нийтийн тээвэрт цахим картаар хийгдэх төлбөрийн системийг нэвтрүүлсэн туршлагаас харахад тухайн цахим карт эзэмшигч нь нийтийн тээврээр урт хугацаанд байнга үйлчлүүлснээр тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлж байдаг урамшууллын уян хатан бодлого хэрэгжүүлдэг нь нийтийн тээврийг сонгон үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх хөшүүрэг болж чадсан байна. Цахим картны системийг нэвтрүүлэхдээ дэлхийн бусад орнууд өөрийн орны үүрэн холбооны операторын томоохон компаниудтай хамтран ажиллаж тэдний цахим тогтолцоог ашигладаг энэ туршлагыг хойд хөрш маань амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ.

ОХУ-ын томоохон хотууд болон төлбөрийн цахим картын систем үйлчилгээний бүхий л салбарт аль хэдийнэ нэвтэрсэн баруун европын хөгжингүй орнуудад хотын нийтийн тээвэрт цахим карт ашиглахын давуу талыг хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх бас нэгэн боломж болгон ашиглаж чадсан байдаг.

Харин Улаанбаатар хотын тухайд нийтийн тээврийн үйлчилгээнд төлбөр ба хяналтын цахим системийг нэвтрүүлэхдээ ойрын ирээдүйд хүлээгдэж байгаа нийтийн тээврийн төрлүүдийг (метро гэх мэт) ашиглалтанд орох үед тухайн нэвтрүүлсэн цахим систем маань улам боловсронгуй болж, өргөжин хөгжих тэр ачааллыг дааж чадах хүрэлцээтэй багтаамжтай байх ёстойг урьдчилан тооцоолсон байх шийдэл нь энэхүү төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн тооцоонд эхнээсээ сууж өгсөн байвал  зохилтой.

“ЦАХИМ КАРТ” БА ОЮУТНЫ АМЬДРАЛ
Нийслэл хот маань нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим карт ашиглахаар төлөвлөж байгааг сонсоод, энэ карт оюутнуудад ямар их хэрэгтэй болохыг урд хөршид суралцдаг оюутны амьдралын бодит жишээн дээр ойлгуулахыг хичээе. 
Бүх оюутнуудад цахим карт байдаг. Энэ нь оюутны үнэмлэх биш, бас аль нэг банкны карт биш. Гэхдээ оюутанд хэрэгтэй бүх үйлчилгээг төлөхөд хамгийн хэрэгтэй карт. Банкны картнаасаа шууд мөнгө шилжүүлээд энэ картандаа хийчихдэг. Энэ картаар дараах зүйлсийн тооцоог хийж болно:
Автобусанд суух: Автобусанд ороод жолоочийн дэргэдэх цахим “хайрцаг” шиг зүйлдээ картаа ойртуулахад автоматаар уншигдаж, автобусны мөнгө нь энэ картнаас “унана”. Ингэж цахим хэлбэрээр төлөхөд 5%-ийн хөнгөлөлттэй. Хэрэв бэлэн мөнгөөр төлөхөд нэг юаниар зорчдог бол ингэж цахимаар төлснөөр 95 мо унана гэсэн үг. Гэхдээ энэ үнэмлэхийг зөвхөн оюутнууд гэхгүй, жирийн хүмүүс ч ашиглаж болдог. Томоохон их дээд сургуулиудын дэргэд ихэвчлэн байрладаг тээврийн газрын цэг дээр нь очиж карт аваад, мөнгөө байршуулаад л болоо. Ажил хийдэг хүмүүс автобусны задгай мөнгө гэж санаа зовох ямар ч хэрэггүй. Нэг дор бүтэн сар, улирлынхаа мөнгийг баримжаагаар бөөнд нь картандаа хийчихнэ гэсэн үг. Карт нь цүнхний цаанаас ч нэвт уншигддаг тул автобусанд орж ирээд түрийвчээ гаргах, тэндээсээ картаа гаргах гэж цаг алдахгүй, цүнхнийхээ карт байгаа хэсэгт, эсвэл цүнхний нэг халаас, эсвэл зөвхөн түрийвчээ гаргаж ирэхэд л уншина.
Хоол идэх: Оюутны кафенд ороод хүссэн хоолоо захиалаад, өнөөх жижигхэн хайрцганд картаа ойртуулаад наахад л болно. Дэлгэц дээрх үнийн дүн картнаас нь хасагдана.
Энэ мэтчилэн сургуулиудын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг канон принтерийн үйлчилгээ, хоолны газар, усанд орох газар, сургуулийн бассейн, фитнесс төв гээд л бүх газарт тэр хайрцаг шиг зүйл бий.
Картаа цэнэглэхийн тулд сургуулийн ойролцоо байрлах АТМ шиг машины дэлгэц дээр банкны картныхаа дугаар, кодыг хийгээд энэ цахим картруугаа мөнгө шилжүүлчихнэ.
Ингээд л оюутны амьдралыг “дарамтгүй” болгох бүх боломжийг ганцхан ширхэг цахим карт олгож чаддаг юм даа.
Судлаач Ш.Эркегуль
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш