logo
Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

2013/04/22
Улсын Их Хурлын чуулганы Баасан гарагийн үдээс хойшх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд улс орны эдийн засгийн өнөөгийн байдпын талаар товч мэдээлэл хийлээ. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын зарим гишүүдэд асуулт тавьж хариулт авав. Махны хангамжийг сайжруулах түүний дотор махны нөөцийг хэрхэн бүрдүүлж байгаа, боловсруулах үйлдвэр, хувийн хэвшлийнхнийг НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх талаар ямар бодлого баримталж байгаа, эдийн засгийг уналтад хүргэж буй хэт улс төржүүлэлтээс хэрхэн гарах, богино хугацаанд бүтээн байгуулалтыг сэргээх, бүс нутгийг хөрөнгө оруулалтаар хэрхэн дэмжих мөн түүнчлэн бондын мөнгөөр хэдийд, ямар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа, нүүрсээ борлуулж нүүрсний зах зээлийг тэлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах талаар ямар арга хэмжээ авч байгаа талаарх УИХ-ын гишүүдийн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, салбарын сайд нар тус тус хариулт өгөв.

 

  Үүний дараа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдаж гарах зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

  УИХ-ын зарим гишүүд эдгээр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байгаа, дэмжихгүй байгаа үндэслэлээ тус тус илэрхийлэхдээ, маш түүхий хууль болсон байна. Энэ нь холбогдох салбарын санал аваагүй буюу тусгаагүй, эдийн засгийн тооцоо байхгүй, холбогдох бусад хууль тогтоомжтой нийцүүлээгүйд шүүмжлэлттэй хандаж байв.

  Мөн энэ хуулийг улстөржүүлэхгүй байх нь төр хүчтэй байх, үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд нийцэх бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд дотоод хяналт, иргэний хяналтын тогтолцоо маш чухал талаар УИХ-ын зарим гишүүд саналаа илэрхийллээ.

   Ийнхүү хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд санал шүүмжлэл өрнүүлсний дараа уг хуулийн төсөл болон түүнийг дагалдаж гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 56,3 хувийн саналаар тэдгээрийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

   Дараа нь УИХ-ын гишүүд Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нар тус тус танилцуулав.

 Хууль санаачлагч илтгэлдээ, хуулийн төслийг шинэчлэн боловсруулах болсон зорилгоо тодорхойлохдоо, ардчилсан нийгмийн гол үзэл баримтлал, үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хүндэтгэх зарчмыг цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд байнга баримталж байх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, удирдах, хяналт тавих эрх бүхий субьектын чиг үүрэг, бүрэн эрхийг зааглан, тодорхой болгох, иргэний хяналт, иргэн болон цагдаагийн байгууллага харилцан бие биедээ тусалж, хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, цагдаагийн алба хаагчийн үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг дээшлүүлэхэд оршиж байна гэлээ.

  Мөн тэрээр, хуулийн төсөлд зарчмын шинжтэй ямар шинэлэг зохицуулалт тусгасан талаар танилцуулахдаа, Цагдаагийн байгууллага нь үйл ажиллагаагаа тайлагнах асуудал тодорхой хэмжээнд хуульчлагдсан гэж үзэх бололцоотой ч тус байгууллагын ажилтнуудын дунд явуулсан бүлгийн ярилцлагын дүнгээс үзэхэд, цагдаа тусгай албаны албан тушаалтан, ажилтнууд үйл ажиллагаагаа тайлагнах гэдгийг дээд шатны болон зохих эрх бүхий албан тушаалтнуудад ажлаа танилцуулахыг ойлгож байв. Иймд төсөлд цагдаагийн байгууллага иргэн, олон нийтэд үйл ажиллагаагаа тогтмол тайлагнаж байхаар тусгажээ.

  Төсөлд хууль тогтоомж сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг оролцуулах чиглэлээр ажиллах "олон нийтийн цагдаагийн ажилтан"-ы эрх зүйн үндэслэл, эрх, үүргийг тусгасныг тэрээр тэмдэглээд аймаг, нийслэлийн цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, цагдаагийн алба хаагчдын сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техник, орчин үеийн технологи, холбоо, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих зэрэг үйл ажиллагаа явуулах, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий Иргэний зөвлөлийг иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд байхаар, Цагдаагийн албаны бүтэц нь цагдаа болон иргэний хоорондын итгэлийг бататгах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй шуурхай зохион байгуулах зэрэг зарчимд үндэслэсэн байхаар зохицуулалт хуулийн төсөлд тусгагдсан талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа.

  Ийнхүү хууль санаачлагч болон Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд хуулийн төслийн агуулга, үзэл баримтлалтай холбоотой асуулт тавьж хариулт авав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш