-“Төмөр замын тээврийн тухай” хуулийн дагуу төмөр замын тээврийн салбарын суурь бүтцүүдийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг харилцан уялдуулан зохион байгуулж, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий “Галт тэрэгний хөдөлгөөн
зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын бүтэц, зохион байгуулалт, орон тооны хязгаар, дүрмийг Зам, тээврийн сайдын тушаалаар батлуулан үйл ажиллагааг нь эхлүүллээ. Зам, тээврийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар “Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөрийн хүрээнд УБТЗ ХНН-т 3.8 хувийн хүүтэй, гурав хүртэл жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Ерөнхий хорооны хурлаас гаргасан шийдвэрийн дагуу УБТЗ-ын эзэмшилд байгаа 56 орон сууцны асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж, төмөр замчдад үнэгүй хувьчлах ажил дуусах шатандаа явна. Мөн 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг захирамж гаргасан. Тээврийн төрлүүдийг уялдуулан хөгжүүлэх нэгдсэн бодлогыг тодорхойлох, “Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Ложистикийн салбарын чадавхийг бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлэх саналыг Азийн хөгжлийн банкинд тавьж шийдвэрлүүлээд байна.
-Сүүлийн үед Засгийн газрын хуралдааныг алсгалахгүй шахам төмөр замтай холбоотой асуудал оруулж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Олон асуудлыг Зам, тээврийн яамнаас оруулж байна. Төмөр замын тээврийн тухай хууль 2007 онд, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” 2010 онд батлагдан гарч, төмөр замын тээврийн зах зээлд өрсөлдөөн бий болгох, бүтээн байгуулалт эхлүүлэх үндэс суурь тавигдсан. Гэвч уг хууль, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байгаа учраас бодлогын асуудлыг яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Би дээр Засгийн газарт тавьж шийдвэрлүүлсэн бодлогын чиглэлийн гол гол асуудлаас дурьдсан. ЗГХЭГ-т хүргүүлэх “Богд Хан төмөр зам”-ын төсөл зэрэг асуудал ч бий.
-"Шинэ төмөр зам" төслийн зарим хэсгийг “Чингис бонд”-оос санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Бүтээн байгуулалт хэрхэн өрнөх бол. Голчлон ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Шинэ төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой гэж үзэн тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон. Мөн тус тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар төмөр замын суурь бүтцийг барихад хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. “Шинэ төмөр зам” төслийн явцын талаар өнгөрсөн сард болсон Засгийн газрын хуралдаанаас “Шинэ төмөр зам” төслийг Монголын талын хөрөнгө оруулалт болох 400 сая ам.долларын эхний ээлжийн 200 сая ам.доллараар санхүүжүүлэх шийдвэр гарсан.
-Тодорхой ямар асуудлыг хэлэлцэж тохиров?
-Шинээр баригдах төмөр замын төслийн тусгай зориулалтын компаний 49 хувьд хөрөнгө оруулах дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын урилгыг нээлттэй зарласан. Тус урилгын дагуу нийт давхардсан тоогоор 12 орны 20 байгууллагаас санал ирүүллээ. Хураангуй жагсаалтыг гарган Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу концессын гэрээ байгуулаад байсан “Энержи Ресурс” ХХК-ий Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд баригдах төмөр замын төсөлд зарцуулсан хөрөнгийг шалгаж, баталгаажуулан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамтай хамтран байгуулах юм. “Шинэ төмөр зам” ХХК байгуулж Иргэний бүртгэлийн газарт бүртгүүлэн “Улсын бүртгэлийн гэрчилгээ” авсан.
-Сайншандаас Чойбалсан чиглэлийн төмөр замын зураг төсөл хийгдсэн үү. Ажил нь хэдэн онд эхлэх вэ?
-Сайншандаас Чойбалсангийн чиглэлд шинээр барих төмөр замын чигийг тогтоож, геодези, геологи, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг техникийн зураг төсөл боловсруулах суурь судалгааг гүйцэтгэсэн. “МТЗ” ТӨХК-иас зарласан техникийн зөвлөх шалгаруулах тендерийг өнгөрсөн сарын 27-ны өдөр нээсэн. Тендерт шалгарч, гэрээ байгуулсан компани “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын I, II үе шатны 1600 орчим км төмөр замын техникийн зураг төслийг боловсруулах, мөн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг боловсруулах зэрэг ажлуудыг 2013 онд хийж гүйцэтгэнэ. Барилгын ажлыг 2014 оноос эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-“МТЗ” зээл авч шинэ төмөр замын ТЭЗҮ-г хийлгэсэн гэсэн. Зээлийг хэрхэн барагдуулав?
-Цаг хугацаа алдахгүйн үүднээс 2013 оны нэгдүгээр сарын 26-нд Засгийн газрын 28 дугаар тогтоол гарч, 2011 оны 266 дугаар тогтоолын дагуу “Шинэ төмөр зам” төслийн өмнө хийж гүйцэтгэсэн болон энэ жил шинээр нэмж хийх зарим судалгааны ажил, төслийн техникийн зураг төсөл боловсруулах ажлын санхүүжилт олгохыг Хөгжлийн банкинд даалгасан. Үүний дагуу “Хөгжлийн банк”, Зам, тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, “МТЗ” ТӨХК дөрвөн талт гэрээ байгуулж, санхүүжилтийг зохих журмын дагуу “МТЗ” ТӨХК-д олгож эхэллээ. Хаан банкны зээлийг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр төлж барагдуулсан.
-УБТЗ-ын техникийн шинэчлэлтэй холбоотой ямар арга хэмжээнүүд авах вэ. Мөн шатахууныг ОХУ-аас шууд авдаг болох уу?
-УБТЗ-ын дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх хүрээнд Монголын талаас оруулсан 125 сая ам.доллараар тус нийгэмлэгийн суурь бүтцийн дохиолол холбооны байгууламжийг шинэчлэх, автомат хориглол нэвтрүүлэх, зам хэмжигч, сэв шалгагч вагон худалдан авах, замын их засварын ажил хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэснээр төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд мэдээлэл холбооны технологийг өргөнөөр нэвтрүүлэх боломж бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Дотоодын банкаар дамжуулан 22 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанкнаас авах асуудлыг УБТЗ-ынЕрөнхий хорооны хурлаар шийдвэрлүүлж, ОХУ-ын "Роснефть" ХК болон БНСУ-ын “KB Energy” ХХК-тай шатахуун бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Эхний ээлжинд БНСУ-аас 1500 тн шатахуун авлаа. Мөн хөтөлбөрийн хүрээнд УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний паркыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Шинэ төмөр зам барих мэргэжлийн боловсон хүчин хэрхэн бүрдэх вэ. УБТЗ хэрхэн оролцох боломжтой юу?
-Төмөр зам барих мэргэжлийн боловсон хүчнийг дотоодоос бүрдүүлэх зорилгоор УБТЗ-ын Төмөр замын дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Сайншанд дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан 2011 оноос бэлтгэж байна. Манай улсад төмөр замын тээврийн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг гол бааз суурь бол УБТЗ ХНН-ийн харьяаны ТЗДС, МСҮТ шүү дээ. Манай яам ТЗДС-ийг Тээврийн дээд сургууль болгон өргөжүүлэх, төмөр замын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн салбарыг орон нутагт байгуулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
-Шинэ төмөр зам баригдсанаар хичнээн ажлын байр гарах вэ. Хүмүүсээ гадаад, дотоодын мэргэжлийн сургуулиудад бэлтгэж эхлэх үү?
-“Шинэ төмөр зам” төсөл хэрэгжсэнээр ойролцоогоор хоёр мянга гаруй ажлын байр бий болно гэсэн төсөөлөлтэй байдаг. Шинээр хэдэн ажлын байр бий болох нь техникийн зураг төсөл хийгдсэнээр тодорхой болно. Төмөр замын мэргэжлийн боловсон хүчинг ОХУ, БНХАУ-д бэлтгэж байгаа. Цаашид Герман, Солонгос болон бусад оронд мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах, нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх чиглэл баримтлан ажиллаж байна. Манай яам БНСУ-ын Тээврийн институт болон БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Эдгээр санамж бичгийн хүрээнд манай яамны гурван мэргэжилтэн хоёр сарын хугацаатай Солонгосын Тээврийн институтэд туршлага судлахаар ажиллаж байна. Хятадын Зам, харилцааны их сургуультай байгуулсан Санамж бичгийн дагуу тус сургуульд манай улсаас суралцах оюутны тоог нэмнэ.
-2013 онд төмөр замтай холбоотой хийгдэх ямар ажил, өөрчлөлт оруулах хууль эрхзүйн ямар баримт бичгүүд боловсруулахаар ажиллаж байна вэ ?
-Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн 18 журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Шинээр таван журам, стандарт боловсруулж батлуулах, бүтээн байгуулалтын чиглэлээр “Шинэ төмөр зам” төслийн ажлыг эрчимжүүлэх, зураг төслийн ажлыг дуусгах, барилгын болон “Замын-Үүдийн холимог тээврийн терминаль ложистикийн төв”-ийн барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлэх шаардлага тулгарсан. Баруун бүсэд шинээр барих төмөр замын сүлжээний чиглэлийг тогтоох, “Ложистикийн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх, “Богд Хан төмөр зам” төслийг Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэх, УБТЗ-ын дохиолол, холбооны байгууламжийг шинэчлэх, автомат хориглолын систем нэвтрүүлэх, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркыг нэмэгдүүлэх зэрэг ажил хийхээр төлөвлөсөн.