2011 оны 9-р сараас 2012 оны 9-р сарын хооронд Монголян Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс 21 аймаг, 9 дүүргийн Эрүүл мэндийн газар, Нэгдлүүдийн дунд зарласан энэхүү болзолт уралдааны Тэргүүн байрыг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар, 2-р байрыг Увс аймгийн Эрүүл мэндийн газар, 3-р байрыг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар тус тус эзэлж, тусгай байруудад Дундговь, Орхон, Булган аймгийн Эрүүл мэндийн газрууд шалгарсан байна.
ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс дээрх болзолт уралдаанд байр эзэлсэн аймаг тус бүрийг 2 саяаас 10 сая төгрөгийн санхүүжилт бүхий “Халдварт бус өвчин, зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, хянах” төслийг тус тусын аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх эрх-Батламжаар шагнав. Шагналыг ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн Захирал А.Мөнхтайван, Дэд захирал Б.Мөнхбат, төслийн зөвлөх байгууллага “Epos-Health Management”-ын Зөвлөхүүдийн багийн ахлагч Елена Максименко болон Эрүүл мэндийн төслийн мэргэжилтэн Н.Оюунбилэг, Б.Сэлэнгэ нар хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
Шилдэг аймаг, дүүрэг шалгаруулах болзолт уралдааны гол зорилго нь Халдварт бус өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийг амжилттай хэрэгжүүлж буй аймаг, дүүргийг шалгаруулахад оршиж байсан бөгөөд үр дүн нь Халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх талаарх иргэдийн мэдлэг, хандлага сайжирч, эрүүл зан үйл төлөвшин, эрт илрүүлэлтийг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэгдсэн юм.
Болзолт уралдааны шалгуурыг;
1-рт, Жижиг тэтгэлэгийн хөтөлбөрийн хэрэгжилт:
2-рт, Богино хугацааны сургалтын хэрэгжилт:
3-рт, Эрүүл зан үйл төлөвшүүлэх үйл ажиллагааны хэрэгжилт:
4-рт, Халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн хэрэгжилтийг уралдаанд оролцлогч аймаг, дүүрэг бүр хэрхэн хэрэгжүүлж ирсэн үзүүүлэлтийг харгалзан үзэж, уралдааныг дүгнэх Үнэлгээний комиссын шийдвэрийг үндэслэн гаргасан юм.
Уралдаанд идэвхтэй оролцсон аймаг бүхэн өөр өөрийн онцлогтой байлаа, Тухайлбал, Увс аймгийн хувьд Эрт илрүүлгийн тогтолцоо бусад аймгуудтай харьцуулахад үлгэр жишээ үзүүлэлттэй байв. Аймгийн Эрүүл Мэндийн Газараас Эрт илрүүлгийн үзлэгийн талаар сургалт, сурталчилгааг аймаг орон нутагтаа эртнээс зохион байгуулж, энэ тухай баримтат кино бүтээж, бүх сумдад үзүүлсэн байна. Үүний зэрэгцээ Увс Аймгийн ЗДТГ-ын дэмжлэг, оролцоо сайн байсан нь 2011 оны 1-р сарын 13-нд Монголын Мянганы сорилтын сан, 21 аймгийн ЗДТГ-ын хооронд байгуулсан “Хамтран ажиллах тухай” Гэрээнд гарын үсэг зурсан бид бүхний хамтын ажиллагааны үр дүн бодит амьдралд биеллээ олсон гэж үзэхэд болно.
Уралдааны 3-р байрт шалгарсан Өмнөговь аймаг газар орон нутаг байршлын хувьд цаг агаарын болоод, монгол орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн онцгой бүсэд хамаарч байгаа хэдий ч уралдааны болзол, шалгуурын дагуу идэвхи санаачлага гаргаж, нийгмийн эрүүл мэндийн бүхий л чиглэлээр үр бүтээлтэй сайн ажилласан нь тус аймгийн Эрүүл Мэндийн Газрын дарга Ч. Баяржаргалын тавьсан илтгэлээс тодорхой харагдаж байлаа. Энэ мэт бусдад үлгэр дууриал үзүүлэхүйц олон сайхан жишээ баримтыг ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй шилдэг аймаг, дүүргийг шалгаруулах болзолт уралдаанд оролцсон аймгуудын илтгэлүүдээс сонсоход таатай байсныг энд дурьдах нь зүйтэй.
Жишээ нь, “Тамхигүй аймаг”-Сүхбаатар аймаг, “Архигүй -Дундговь аймаг” зэрэг монгол орны маань нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт улмаар нийт ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, цаашлаад эрүүл амьдрах хэв маягт суралцах, зан үйлийг өөрчлөхөд үлгэр жишээ болохуйц шинэлэг, цогц санаачлагуудыг манай аймаг орон нутгийнхан, тодруулан хэлэхэд дээрх аймгуудын Эрүүл Мэндийн Газарууд санаачлан гаргаж, бусдыгаа уриалын дуудаж, хамтран туршдага солилцох уулзалтуудыг удаа дараалан зохион байгуулсан нь Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн үйл ажиллагаа хөдөө орон нутагт, аймаг, сум бүрт хүрч, энэ хэмжээгээрээ Төслийн үр шимийг хүртэгсдийн тоо, цар хүрээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа бодит жишээ болж байна.
Уралдааны Тэргүүн байрын шагнал хүртсэн Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа хэлэхдээ; “Мянганы Сорилтын Сангийн Эрүүл мэндийн төслөөс зарласан болзолт уралдаанд манай аймгийн ЭМГ-ын нийт хамт олон идэвхтэй оролцож, энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авч байгаадаа туйлын баяртай байна. Манай аймгийн хувьд болзолт уралдааны удирдамжинд заасан үндсэн 4 шалгуурын дагуу олон талт үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлж ажилласан.
Үүний нэг жишээ нь, төслийн зүгээс “Архи тамхи шинэ үеийн сонголт биш” уриа бүхий архи тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх 2 дахь удаагийн кампанит ажлын хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр туршлага солилцох аялал”-ыг 2012 оны 10 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга суманд зохион байгуулсан юм.
Аялалын зорилго нь халдварт бус өвчин, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлж байгаа аймгуудын үйл ажиллагааг сурталчлах, харилцан туршлага солилцох, мөн эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлсэн сургууль, ажлын байрны шилдэг туршлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой байсан” хэмээн ярьсан юм.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон Туршлага солилцох аялалын хүрээнд “Тамхигүй аймаг” болох уриалгыг Монголд анх удаа санаачлан, Аймгийн ИТХ-ын 2011 оны 1 тоот тогтоолоор 2011 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”, 2012 оныг “Эрүүл орчин бүрдүүлэх жил” болгон зарлаж удирдамж, төлөвлөгөө, уралдааны болзол боловсруулан эмхтгэл бэлтгэн бүх сум, байгууллагуудад хүрч ажилласан байна.
Аймгийн ИТХ-аас “Тамхины хяналтыг сайжруулах тухай” 66 тоот тогтоол гаргаж аймгийн бүхий л сумдад хүргүүлж, зөвлөгөө өгөн хамтран ажиллах зэрэг ажлуудыг зохион байгуулснаар дараах амжилтанд хүрчээ. Тухайлбал;
- Тамхины суурь судалгааг зохион байгуулсан.
- Байгууллага бүр Тамхигүй орчин бүрдүүлэх дотоод журамтай болсон.
- Жанжин Сүхбаатарын талбай, ресторан, нийтийн хоол, бар, цэнгээний болон үзвэр үйлчилгээний газрууд тамхигүй орчин бүрдүүлж чадсан.
- Тамхи зарахгүй өдөртэй болсон.
- Тамхи ширхэглэн зарах, насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдаалах нь бүрэн зогссон.
- 66-р тогтоолын биелэлтийг хангуулж, аймаг сумдыг ажил дүгнэх үзүүлэлтэд оруулсан үр дүнг тооцож ажиллладаг болжээ.
Ийнхүү ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс зарласан уралдааны Тэргүүн байрын эзнээр “Тамхигүй аймаг”-Сүхбаатарчууд тодорлоо. Та бүхэнд Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн нийт хамт олны өмнөөс чин сэтгэлийн халуун Баяр хүргэе!
Мөн энэхүү болзолт уралдааны удаах байрууд, тусгай байруудын шагналын эзэд болсон Увс, Өмнөговь, Дундговь, Орхон, Булган аймаг болон уралдаанд идэвхтэй оролцсон нийт аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газар, нэгдэл, төвийн хамт олонд талархал дэвшүүлье!
Эрүүл амьдралын хэв маяг
Эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг
Эх орныхоо өнцөг булан бүрт
Хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарих мэт
Эрчимтэй, идэвхтэй, санаачлагтай түгээн дэлгэрүүлж,
Иргэдийнхээ эрүүл саруул амьдрах
Арга ухаан, мэдлэг, дадал, хандлагыг төлөвшүүлж яваа
Аймаг, орон нутгийн Эрүүл мэндийн салбарынхандаа амжилт хүсье!
Эрүүл амьдрал –Бидний сонголт!
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСЛӨӨС МЭДЭЭЛЭВ