logo
Д.Эрдэнэбат: Төв банкны асуудлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэдэг хүний нэртэй шууд холбох боломжгүй

Д.Эрдэнэбат: Төв банкны асуудлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэдэг хүний нэртэй шууд холбох боломжгүй

2013/04/23
УИХ дахь Ардчилсан намын  бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өгч,  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Монголбанк Чингис бондын мөнгөнөөс алт худалдан авсан байж болзошгүй гэж үзэн, ажлын хэсэг байгуулах шийдвэрт хүрээд байна. Танай намын бүлэг ажлын хэсэгт орохгүй гэдэг үнэн үү. Ямар шалтгаанаар ажлын хэсэгт орох шаардлагагүй гэж үзсэн юм бэ?

-Ардын намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлынхаа хүрээнд УИХ-аас завсарлага авсан шалтгааны нэг нь энэ. Манай бүлэг энэ асуудлаар өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн. Учир нь Монголбанкны асуудал Ерөнхий сайдын асуудал биш. Төв банкны удирдлагыг УИХ-аас томилдог. Тийм учраас төв банкны асуудлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэдэг хүний нэртэй шууд холбох боломжгүй. Өөрөөр хэлбэл, Чингис бондоор алт худалдан авсан гэх хардалтын асуудлыг хэлэлцэх эсэх нь УИХ-ын хувьд нээлттэй. Тэрнээс биш ажлын хэсэг байгуулж Н.Алтанхуяг гэдэг хүнийг шүүх маягаар шийддэг юм биш. 

-Тавантолгойн тендерт Ерөнхий сайдын хамаатан оролцсон байж магадгүй, үүнийг бас нягтална гэж цөөнхийн бүлэг үзэж байна?


-Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотойгоор Ардын намын тавьсан гурван үндсэн шаардлагын нэгд, Алтанхуягийн ах, дүүгийн компанийн тухай асуудал багтсан. Энэ хүрээнд ажлын хэсэгт Ардчилсан намын гишүүдээс орох уу гэж цөөнхийн бүлгээс асуусан, бид ч хариултаа өгсөн. Энэ бол ажлын хэсгийн хийдэг ажил биш, өөр өөрийн хариуцдаг субьект байж байхад УИХ дээр шүүх байдлаар ажлын хэсэг байгуулах нь буруу гэдгийг УИХ-ын даргад давхар хэлсэн. Тийм болохоор энэ бүх хардалт байгаа бол түүнийгээ Ардын намын бүлэг өөрсдөө ажлын хэсэг байгуулаад явах эрх нь нээлттэй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш