logo
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ

2013/04/23
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа  хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд бүлгийн гишүүд   энэ хавар хийх томоохон  бүтээн байгуулалтын  ажлын  талаарх  Засгийн газрын  мэдээллийг сонслоо. Юуны түрүүнд “Чалко” компанитай хийсэн гэрээтэй холбоотойгоор нүүрс олборлолтын ажил зогссон байсан асуудлыг шийдэж, өнөөдрөөс “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко” компанид нүүрсээ нийлүүлж эхэлснийг зөв алхам хэмээн дүгнэлээ. Тавантолгойгоос нүүрсээ тээвэрлэхэд хоёр дамжлага дамжуулж тээдэг байсныг нэг болгож, шууд эцсийн цэг дээр хүргэхээр болсон. Хоёрт, нүүрс олборлолт, борлуулалтыг тодорхой хэмжээгээр бууруулах, гуравт, үр ашиггүй зардлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч эхэлжээ. Нөгөөтэйгүүр, нөхцөл байдал амаргүй хэдий ч нүүрсний борлуулалт эхэлснээр энэ салбарт тодорхой хэмжээгээр итгэл авчирч эдийн засгийн сэргэлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө хэмээн бүлгийн гишүүд үзэв.

Үүнээс гадна  ойрын хугацаанд төмөр зам, автозамын  бодлогын асуудлаар Засгийн газар Ардчилсан намын бүлэгт байр сууриа илэрхийлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзлээ.

Мөн Хөшгийн хөндийд барих Улаанбаатар хотын  Олон улсын шинэ нисэх буудлын нэмэлт гэрээ болон ажлын явцын талаар Зам тээврийн сайд А.Гансүхийн мэдээллийг сонслоо. Өнгөрсөн гуравдугаар сард манай улсад айлчилсан Японы Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хувьд ашигтай ажиллахаар хэлэлцээр хийжээ. Хоёр талын 2006 онд  байгуулсан Хөшгийн хөндийд Олон улсын нисэх буудал барих тухай гэрээ өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаад дүгнэлт хийж, 19,6 тэрбум иенийн нэмэлт хөрөнгө оруулалтыг Япон улсын тал оруулах  болсныг А.Гансүх сайд танилцуулж, бүлгийн гишүүд дэмжив. Тиймээс ирэх сарын 1-ний өдрөөс уг ажлыг эхлүүлэхийг Зам тээврийн сайд А.Гансүхэд үүрэг болголоо.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Чингис бондын санхүүжилтаар хэрэгжүүлэх ажлын жагсаалтуудтай танилцаж, энэ долоо хоногоос эхлэн эхний санхүүжилтаа хийх нь зүйтэй гэж үзэв.
Хуралдааны төгсгөлд Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчид нэр  дэвшигчийг тодруулах ҮЗХ-ны хурлаа Ардчилсан нам ирэх сарын эхний 10 хоногт багтаан хийхээр шийдвэрлэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш