logo
“Монгол улс ардчилалын загвар орон болох нь”

“Монгол улс ардчилалын загвар орон болох нь”

2013/04/23
Монгол улсын ардчилалыг бэхжүүлэхийн төлөөх санаачлага ба  ололт амжилт

Тухайн үедээ дэлхийн  хамгийн нөлөө бүхий коммунист орнуудад тооцоогдох 2 их гүрний дунд хавчуулагдсан, далайд гарцгүй, 70 гаруй жил ленинч, сталинч замаар замнасан  Монгол улс ЗСБНХУ-ын  дараагаар дэлхий дээрх 2 дахь буюу хамгийн ууган коммунистуудын нэг байсан  бөгөөд 1990 оноос харьцангуй хурдан  хугацаанд,  хамгийн чухал нь тайван замаар ардчилалд шилжсэн цорын ганц улс юм.
 Ардчилсан улс орнууд нэг ижил үнэт зүйл, нийтлэг шинж ихтэй боловч ардчилалын тогтсон загвар гэж үгүй өөрийн онцлог, бүс нутагт тохирсон ардчилалыг хөгжүүлсэн байдаг. Харин  Монгол улс бол ардчилалд дөнгөж хөл тавьж байгаа болон шилжилтийн үедээ яваа орнуудад томоохон үлгэр жишээ болохуйц онцлогтой, амжилт ололттой орон юм.
 
Монгол улсын ардчилалын өнөөгийн  байдал

Монгол улс Ардчилалын үнэт зүйлийг бэхжүүлэх зорилго бүхий,  засгийн газар хоорондын олон улсын байгууллага болох Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг 2011- 2013 оны хооронд даргалж байгаа нь манай улсын ардчилалыг бэхжүүлэхийн  төлөөх ололт амжилт дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдсний илрэл бизээ. Манай улс ардчилалыг хөгжүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэг, дэлхийн улс орнуудын  засгийн газар хоорондын болон иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллаж байгаа юм. Хэдийгээр далайд гарцгүй хоёр хөршөөр хүрээлэгдсэн газар зүйн хувьд тийм ч таатай бус ч Монгол улс “гуравдагч хөрш” – ийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж дэлхийн өндөр хөгжилтэй ардчилсан орнуудтай харилцаа хамтын ажиллагаа  хөгжүүлж байгаа нь манай улс хувьд түгжигдмэл байдлаас гарч, ардчилалын ололт амжилтаа улам бэхжүүлэн баталгаажуулах нэг гарц юм. “Ардчилал бол Монгол улсын оршин тогтонохуйн нэг үндэс , харин “гуравдагч хөрш” – ийн бодлого бол оршин тогтохуйн аюулгүй байдлаа хангаж ардчилалыг бэхжүүлэх нэг стратеги юм” гэж хэлэхэд хилсдэхгүй бизээ. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалд гуравдагч хөршийг “ардчилсан орнууд” гэж тодотогож өгсөн бол Гадаад бодлогын үзэл баримтлалд “АНУ, Европын Холбоо, БНСУ, Турк, Энэтхэг зэрэг өрнө дорнын улс, холбоо” гэж бүр тодорхой болгохын сацуу дан ганц улс бус Холбоо, улмаар Олон улсын байгууллага байж болох юм гэдгийг тодотгож өгсөн. Өдгөө Монгол улс АОХН-ийг даргалж, ийнхүү манайд дэлхийн 1000 гаруй төлөөлөгч дэлхийн 60 гаруй орны засгийн газрын тэргүүн, гадаад хэргийн сайд нар цугларч АОХН-ын Сайд нарын 7-р бага хурал, түүний хүрээнд Иргэний нийгэм, Эмэгтэйчүүд, Залуучуудын чуулган тус бүр зохион байгуулагдаж ийм өргөн хүрээний үйл ажиллагаа анх удаа болох гэж буй нь ардчилалыг бэхжүүлэх, хөгжүүлэх гарц болсон“гуравдагч хөрш”- ийн бодлого амжилттай хэрэгжиж буйн жишээ юм.
Монгол улсад ийнхүү ардчилалын соёл, үнэт зүйлс улам бүр дэлгэрч байгаа нь доорх  судалгаануудаас бэлхнээ харагдаж байна.
The Economist Intelligence Unit байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол улс 2012 онд Ардчилалын индексээрээ 167 орноос 65 тавд жагсч өмнөх оныхоос 4 байраар урагшилсан байна . Уг судалгаа нь ардчилал хамгийн өндөр хөгжсөн улс орнуудыг 10 оноо харин огт ардчилалгүй улсыг 0 оноогоор тооцож гаргадаг бөгөөд сонгуулийн явц болон олон ургалч байдал, засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөө гэсэн 5 үзүүлэлтэнд тулгуурлаж оноогоор дүгнэх аргаар жагсаадаг. Харин Democracy Ranking Association–аас гаргасан судалгаагаар Манай улс 104 орноос Ардчилалын  эрэмбээрээ  49-т жагссан бол мөн уг байгууллагаас гаргасан Ардчилалд ахиц дэвшил гаргаж буй эрэмбээрээ / Democracy Improvement Ranking/ мөн 104 орноос 19–т жагссан бөгөөд өмнөх оныхоос 3 байраар урагшилсан байна.

Монгол улсын ардчилалыг бэхжүүлэхийн төлөөх санаачлага ба ололт амжилт

Ардчилалын боловсрол:Монгол улс АОХН-ийг даргалах хугацаандаа ардчилалын боловсролд онцгой ач холбогдол өгч ажилласан бөгөөд үүний үр дүнд Монгол улсын санаачилсан “Ардчилалын боловсролын тогтоолын төсөл” Нэгдсэн Үндэстний Байгуулллагын Ерөнхий Ассамблейн 67-р чуулганаар батлагдсан нь манай улсын хувьд томоохон амжилт болсон билээ. Ардчилалын боловсролын ажлын хэсгийг Польш улсын хамт хариуцаж байх энэхүү хугацаандаа ардчилалын болоовсролтой холбоотой сургалт семинар, уулзалт зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулсаар байна.
Миний бие 2 сарын өмнө Австрийн нийслэл Венад болсон НҮБ-ын Соёл Иргэншлийн Холбооны 5-р чуулганд оролцох явцдаа “Ардчилал, хүний эрхийн боловсролоор дамжуулж ардчилалыг төлөвшүүлэх нь” сэдэвт семинарт сууж мөн тэнд ирсэн хэд хэдэн сэтгүүлчтэй ярилцаж, ойлгож ухаарсан зүйлийн нэг бол Ардчилалын боловсрол нь асуудлыг зөрчил мөргөлдөөн бус ардчилсан арга барилааар шийдвэрлэх, ардчилалын соёлыг дэлгэрүүлэх, улмаар иргэншил, шашны ялгаатай байдлаас үүдэлтэй зөрөлдөөн, үл ойлголцлыг байхгүй болгох ирээдүйн сайн сайхныг цогцлоох үндэс юм байна гэж бодсон. Ардчилалын боловсролоор дамжуулж энх тайван, аюулгүй байдлыг төлөвшүүлэх нь Хамтын Нийгэмлэгийн гишүүн орнуудын дунд тэргүүлэх чиглэлийн нэг болж байна. Сайн боловсрол гэдэг бол сайн зүйлийн үр байдаг тиймээс ч манай улс хэтийг харж  ирээдүйн энх тайван, сайн сайхны үрийг ийнхүү тарьж ургуулахын төлөө анхаарал хандуулан шамдан ажиллаж байгаа нь үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд ардчилын төлөө хийж байгаа нэг чухал алхам юм.
“Ардчилсан засаглалыг хөгжүүлэх, хүний эрхийг баталгаажуулах” Монгол улсын Мянганы хөгжлийн 9 дэх зорилт :Монгол улс Мянганы хөгжлийн бусад 8 зорилтыг хэрэгжүүлэх урьтал нөхцөл болсон ардчилсан   засаглалыг хөгжүүлэх, хүний эрхийг баталгаажуулахад чиглэсэн Мянганы хөгжлийн 9 дэх  зорилгыг баталсан дэлхийн анхны улс болсон юм.  Энэхүү мянганы хөгжлийн 9 дэх зорилгын хүрээнд ардчилалсан засгийн бэхжүүлэх, үүний хүрээнд шийдвэр гаргалтан дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тэр дундаа төсвийн ил тод байдал, улсын төсөв гаргахад иргэдийн саналыг тусгасан хэлэлцүүлэг зохиосон нь нэгээхэн дэвшил гэлтэй. Монгол улс хэдийгээр төлөөллийн ардчилалыг сонгосон ч гэсэн, энэ нь иргэдийг парламентад бүх зүйлийг найдаад зүгээр суух гэсэн үг биш юм. Бодлого боловсруулалт, шийдвэр гаргалтан дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь иргэний нийгэм байгуулах манай улсын зорилтын нэг хэсэг билээ.
Иргэн нь оролцдог иргэний ардчилсан нийгэм: Өнгөрсөн онд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Шууд ардчилал, иргэдийн оролцоотой төсвийн менежмент” үндэсний сургалт- зөвөлгөөнийг зохион байгуулсан бөгөөд тэрбээр уг сургалтын үеэр хэлсэн үгэндээ “Иргэн нь оролцдоггүй иргэний нийгэм гэж байж болохгүй, Хүн нь эдэлдэггүй хүний эрх гэж байж болохгүй. Иргэний нийгэм байгуулах нь бидний гол баримтлах зарчим” гэсэн .
Ерөнхийлөгч засаглалын хэт төвлөрлийг сааруулах, үүний тулд нийслэлд төдийгүй орон нутагт ч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд эрх мэдэл олгохыг уриалж Монгол улсад шууд ардчилалын иргэдийн оролцоог дээд түвшинд бий болгодог туршлага хэрэгтэй байгааг олж харан, энэ чиглэлд олон санал санаачлага, үйл ажиллагааг зохион байгуулж эхлээд байна. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь манай улсад ил тод байдал, сайн засаглал хөгжүүлэхэд түлхэц болох бөгөөд улмаар манай улсын ардчилал шинэ түвшинд гарах хэмжээнд ахих боломжтой гэсэн үг юм. Манай улсад өдгөө нэн шаардлагатай зүйл бол ил тод байдал, тэгвэл иргэд, иргэний нийгмийг чадавхижуулах нь засаглалд хяналт тавьж авлига хээл хахуулиас ангид ил тод , хариуцлагатай байдлыг бий болгоход чухал хувь нэмэр оруулах юм.
Авлига ардчилалд сөргөөр нөлөөлөх нь  хийгээд авлигыг үл тэвчих үзэл:Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 67-р чуулганы үеэр хэлсэн үгэндээ “Төгс ардчилал гэж үгүй. Бусад ардчилсан орнуудад тулгадаг сорилт манайд ч тулгарч л байгаа”  гэсэн.Тэгвэл манай ардчилалд тулгарч байгаа бас аюул учуулахуйц тэр зүйл бол “Авлига” гэдэгтэй та бүхэн надтай дуу нэгтэй санал нийлэх бизээ. Мөн уг чуулганы үеэр манай Ерөнхийлөгч “Бид нийгэмдээ төрийн өндөр албан тушаалтнаас эгэл жирийн иргэн хүртэл, авлигыг үл тэвчих үйлсийн төлөө ажиллаж байна” гэж хэлсэн5. Монгол улс авлигатай тэмцэх, ил тод байдлыг бий болгох ажилд ханцуй шамлан орсон нь өдгөө хорин жилийн турш тэмцэж бий болгосон ардчилалын ололт амжилтаа хамгаалахын төлөөх авлига гэгчийг үл тэвчих үзэл, үйл хэрэг юм. Манай улсын авлигатай тэмцэх ажлын хүрээнд хэрэгжүүлсэн бодлого, үйл хэрэг амжилтанд хүрсний тод жишээ нь Транспэрэнси Интерншл байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол улсын Авлигын төсөөллийн индекс 2012 онд 174 орноос 94-т жагсаж  өнгөрсөн онд 120-р байранд жагссан үзүүлэлттэй харьцуулахад 26 байраар урагшилсан буюу дэлхийн хамгийн авлига огцом буурсан орноор шалгарсан. Мөн түүнчлэн АНУ-ын Азийн сан Сант марал судалгааны төвтэй хамтран гаргасан “Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа- 2012” – оос харахад 2006 онд Авлига Монгол орны өмнө тулгамдаж буй асуудлын 2-рт байсан бол 2012 оны байдлаар тавдугаарт жагссан . Мөн уг судалгаагаар Авлигатай Тэмцэх Газарт итгэх иргэдийн итгэл мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн төдийгүй Ирэх гуван жилд авлигын түвшин хэр мх өөрчлөгднө гэж бодож байна? Гэсэн асуултанд 2006 онд 25% нь ирэх 3 жилийн хугацаанд авлига ихэснэ гэж хариулсан бол 2012 онд 10% болон буурсан .
Ийнхүү Монгол улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн авлигыг үл тэвчиж, нийгмийн амьдралын бүхий хүрээг хамарсан авлигатай тууштай тэмцэх аяныг эхлүүлж ардчилалаа хөгжүүлэхийн тулд эхлээд хамгаалж үлдэх нь чухал гэсэн сорилтыг даван туулж буй энэ үйл явдал  шилжилтийн ардчилалтай орнуудад томоохон туршлага, мөн үлгэр жишээ болох байхаа хэмээн бодож байна.
Төгсгөлийн үг
Дээр дурьдсанчлан 2 сарын өмнө Венад болсон НҮБ-ын чуулганд оролцож дэлхийн 100 орчим орны 150 гаруй залуустаа 3 өдрийн турш хэлэлцэж, мэтгэлцэж явахдаа хамгийн сайн ойлгосон нэг зүйл бол бид, Монголчууд ардчилал гэдэг зүйлийг бусдад үлгэр дуурайлал болохуйц хэмжээнд тууштай сайн хөгжүүлж яваа юм байна шүү, зарим хөгжиж буй орнуудад нөхцөл байдал бидний төсөөлж ч чадахгүй тийм хэмжээнд хүрч өөрчлөлт хийхийг ярьсаар явахад бид тэр өөрчлөлт гэдэг зүйлийг хэдийн бусдад үлгэр болохуйц хэмжээнд хийж тэрхүү өөрчлөлтөө хамгаалах, бэхжүүлэх шинэ зорилтын төлөө ажиллаж байгаа юм байна гэж бодогдсон. Монголын ардчилал олон саад бэрхшээлтэй тулгарч байна, цаашид тулгарсаар ч байх болно. Гэхдээ бид туулж өнгөрүүлсэн алхамаа эргээд нэг хараад одоо үетэйгээ харьцуулж үзэх хэрэгтэй гэдгийг би “Даяаршиж буй капиталтзм”- ыг бус “Даяаршиж буй Монголын ардчилал” – ыг өмөөрч хэлмээр байна. 
Мөн Монголын ардчилалыг шүүмжлэгчдэд миний  хэлдэг  үг бол цэл залуухан 20 хэдэн настай Монголын ардчилалыг Европын зуун зуунаар тоологдох өтөл ардчилалтай бүү харьцуулж дүгнэ бас шүүмжил. Энэ хорин жилийн хугацаанд бид их идэвхи зүтгэл гаргасан мөн цаашид ч суралцах зүйл ч их бий. Бидний өмнө хорин жилийн турш бий болгосон ололт амжилтаа баталгаажуулахын сацуу цаашид хөгжүүлэх, бэхжүүлэх шинэ сорилт бий болж байна.

Бэлтгэсэн: Э.Наранцацрал
Эх сурвалж: “ Залуучуудын үнэн “ сонин



 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш