logo
	  ХААИС-ийн Оюутан хариуцсан мэргэжилтэн Б.Ганбат: Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх нь зөв

ХААИС-ийн Оюутан хариуцсан мэргэжилтэн Б.Ганбат: Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх нь зөв

2013/04/23

Уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе!

-За баярлалаа. Монголынхоо нийт ард түмэнтэй энэ сайхан өдөр танай сайтаар дамжуулан уулзаж байгаадаа баяртай байна.

-Манай уншигчдад та өөрийгөө танилцуулна уу?

-Би Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрж өссөн. 2011 онд МУИС-ийг төгссөн. Одоо  ХААИС-ийн оюутан хариуцсан мэргэжилтнээр болон “Шинэ ирээдүйн хөгжил сан”-ийн захирлаар ажиллаж байна.

-Тантай оюутны хөгжлийн талаар ярилцъя гэж бодлоо. Залуу хүний хувьд оюутан хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Оюутан, залуус бид бол эх орны маргаашийг тодорхойлох хүмүүс. Оюутан хүний хамгийн нэн тэргүүний зорилго бол эрдэм мэдлэгийг сурч сургуулиа амжилттай төгсөх байдаг. Нөгөө талаар ёс зүйтэй хүн болж төлөвших,  харилцааны соёлоос суралцах. Ийм л сайхан дөрөв таван жил байдаг. Энэ дөрөв таван жилийг хүний амьдралд тохиох хөгжлийн тулааны талбар гэж хэлж болно. Тулааны талбарт авхаалж самбаа, эр зориг гаргаж чадсан нь ялдагтай адил өөрийгөө дайчилж шамдан суралцаж чадсан нь насан туршийнхаа амьдралын баталгааг олж авдаг. Ингэснээр сургуулиа төгсөөд ямар нэгэн зүйлд санаа зовох зүйлгүйгээр ажлын байран дээр гардаг. Заримдаа оюутнууд маань идэвх зүтгэлгүй хандах нь ажиглагддаг юм. Тэдэнд яг хэрэгтэй үйл ажиллагааг зохион байгуулах гэхээр оролцдоггүй. Жишээлбэл тодорхой амжилтанд хүрсэн хүмүүсийг уриад лекц, илтгэх урлагийн сургалтыг зохиох гэдэг. Иймэрхүү үйл ажиллагаанд оюутанууд маань идэвхгүй оролцдог.  Оюутан бүр энэ хандлагаа өөрчилж өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх нь зөв юм.

-Сүүлийн үед оюутнуудыг чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхгүй байна. Мөн архи, тамхи их хэрэглэж байна гэж шүүмжлэлтэй хандах болсон энэ талаар?

-Оюутан хүн нэг талаар муу нэртэй байдаг. Гэхдээ тэр дотор муу, сайн хоёулаа бий. Миний бодлоор сайн нь илүү давамгай байгаа байх гэж хардаг. Ер нь архи, тамхины асуудал нэлээн хэцүү болсон. Одоо тамхийг гангараа маягаар хэрэглэдэг болчихсон байна. Найз нөхөдтэйгөө уулзахдаа архи хэрэглэхгүй зүгээр сайхан ярьж, хоол идээд өнгөрдөггүй болжээ. Энэ  нь нийгэмд маш том  сөрөг үзэгдлийг авч ирж байгаа. Оюутан хүний эрхэм зорилго сурч боловсрох ёстой болохоос тэр архийг ууж, тамхийг татах бол биш гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Тэдгээр хүмүүс аав ээжийнхээ хөдөлмөрлөж олсон мөнгийг хэрэггүй зүйлд зарцуулж байгаагаа мэддэггүй. Харин ар гэрийнхэн нь миний хүү эрдэм ном сурч яваа гэсэн нандин сайхан итгэл өвөртөлж явдаг.

-Төр засгийн зүгээс оюутнуудыг дэмждэг болсон. Ер нь тэтгэлэг урамшуулалд хамрагдах боломж хэр байдаг вэ?

-Оюутан хүнд санхүүгийн асуудал байнга тулгарч байдаг. Сар бүр мөнгөн урамшуулал олгодог болсон нь маш зөв шийдвэр гэж харж байгаа. Хамгийн гол нь энэ дэмжлэгийг зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Энэ дэмжлэгээс гадна амжилттай суралцсан тохиолдолд тэтгэлэг, урамшуулалд хамрагдах боломж нээлттэй гэдгийг санах хэрэгтэй. Миний хувьд л гэхэд оюутан байхдаа Монгол улсын Ерөнхий сайдын тэтгэлэг, “Ардчилсан залуучуудын холбоо”-ноос зарласан шилдэг 10 оюутны мөн “Голомт банк”-ны гэх мэтчилэн тэтгэлгийг хүртэж байлаа. Эдгээрээс гадна “Хаан банк”, “Зориг сан”, “Хөх сүлд сан”-гийн тэтгэлэг гэх мэт олон байгууллагаас сайн суралцаж байгаа оюутнуудыг дэмждэг болсон. Мөн тухайн оюутны суралцаж байгаа сургууль ч сургалтын төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэх зэргээр тэтгэлэг олгодог. Өөрийгөө дайчилж амжилттай суралцаж байгаа оюутнуудад боломж үргэлж нээлттэй байдаг.

-ХААИС-д оюутан хариуцсан мэргэжилтнээр ажилладаг гэлээ.  Оюутныг хөгжүүлэх талаар ямар ажлыг зохион байгуулж байна?

-Дээд боловсролын салбарт анх удаа манай Хөдөө Аж Ахуйн Их Сургууль дээр Боловсрол шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Оюутны хөгжил, маркетингийн алба байгуулагдлаа.   Энэ албанаас маш олон ажил төлөвлөж зарим ажлыг хэрэгжүүлж эхэлж байна. Албаны гол зорилго бол оюутныг оюутнаар нь хөгжүүлж, оюутан бүрт хүрч ажиллах юм. Байгуулагдсанаас хойш явуулсан зарим нэг ажлын үр дүн харагдаж эхэлж байгаа. Ер нь оюутнуудын сэтгэлгээнд эерэг өөрчлөлт оруулах талаас нь анхаарч ажиллаж байна.

-Оюутны хөгжил, маркетингийн албанаас “Оюутны төлөө” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Энэ талаар ярьж болох уу?

-Бололгүй яахав. Энэ хөтөлбөр нь ХААИС-ийн хэмжээнд төдийгүй дээд боловсролын салбарын нээлттэй тогтолцоог хангаж хувь хүн болон албан байгууллагуудтай хамтран ажиллах, тэдний дэмжлэгтэйгээр оюутныг хөгжүүлэхэд чиглэгдсэн маш чухал хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хамтарч ажиллах хүрээнд эерэг сэтгэлгээний 15 багш, үйл ажиллагаагаар дэмжих 15 байгууллага, санхүүгээр дэмжих 15 байгууллага шалгаруулж авна. Хамтарч ажилласнаар оюуныг дэмжсэн бодит ажил болох бөгөөд байгууллагаа ХААИС-ийн 10,000 гаруй оюутанд шууд сурталчлах ховорхон боломжийг олгож байгаа юм. Үйл ажиллагааны хүрээнд Оюутны асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдийн анхдугаар зөвлөгөөн, “Оюутны нэг өдөр” нээлттэй өдөрлөг, ХААИС-ийн салбар сургуулиудаас арав, арван оюутныг сонгон  авч “Идэвх оролцоотой оюутан” сургалт зохион байгуулж тэдний сурлага, нийгмийн оролцоог дээшлүүлэхэд анхаарч ажиллах гэх мэт хөтөлбөрийн хүрээнд хийх олон ажил бий.

-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Оюутныхаа төлөө илүү ихийг хийж тэднийхээ дуу хоолой нь болж яваа танд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш