logo
Я.Содбаатар: Нэг л өдөр Н.Алтанхуяг үнэнд гүйцэгдэж огцорно

Я.Содбаатар: Нэг л өдөр Н.Алтанхуяг үнэнд гүйцэгдэж огцорно

2013/04/23

МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулсан билээ. Гэвч Ерөнхий сайдын ам, ажил хоёр нь зөрж, үүнээсээ улбаалаад төрийн албанаас 7000 гаруй хүн халагдаад байгаа, мөн “Чингис бонд”-ын мөнгөөр Монголбанк алт худалдан авсан гэдэгт хоёр тал байр сууриа нэгтгэхийг хүссэн учир завсарлага авсан юм. Гэтэл АН-ынхан энэ асуудлаар ажлын хэсэг гаргахгүй хэмээн гэдийгээд суусан юм. Ингээд энэхүү асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулахаар зургаан үндэслэл бүхий шаардлага тавьсан. Гэтэл эдгээр шаардлага нь огцруулах хэмжээнийх биш гэдэг тайлбарыг зарим гишүүн гаргаад байгаа. Мөн Ерөнхий сайдад асуулт тавихаар сайд нараараа хариулуулж, өөрийгөө хаацаалсан зүйл гаргалаа гэх нь бий. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-МАН-аас Монгол Улсын Ерөнхий сайдыг зургаан үндэслэлээр огцруулахаар УИХ-д асуудал тавьсан. Үндсэн хуулийн Цэц Ерөнхий сайдын гаргасан гурван захирамжийг авч үзээд “Үндсэн хууль зөрчсөн байна” гэдэг шийдвэр гаргахын өмнө үүнийгээ цуцласан. АН хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа Төрийн болон жинхэнэ албан хаагчийн түр орлон гүйцэтгэгчийн журамд Засгийн газрын 26 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулаад төрийн албаны татгараг өргөөгүй, нөөцөд бүртгэлгүй хүнийг буюу иргэнийг өндөр албан тушаалд тавих хуулиас давсан тогтоол баталсан. Мөн Хөвсгөл, Дорнод аймгийн ИТХ-аас гаргасан Засаг даргыг томилох шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, түр орлон гүйцэтгэгч тавьсан, Хууль хүчний байгууллагын удирдлагыг хуулийн хүрээнээс гадуур томилсон гэсэн гурван асуудлаар Цэц шийдвэрээ гаргах хуралдааныг хийх үеэр цуцлагдсан. Цэц эцсийн шийдвэр гаргаж чадаагүй ч энэ нь өөрөө үйлдэх, эс үйлдэх үйлдлээрээ Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг нь хэнд ч тодорхой асуудал. Мөн Ерөнхий сайд бондыг бүтээн байгуулалт эхлэх хавар цагт биш, өвөл гаргасан нь их хэмжээний хүү төлөхөд хүргэсэн. Засгийн газар Монголбанктай менежментийн гэрээ хийж хүү төлөхгүй байгаа боловч арилжааны банкаар дамжуулж ямар нэг хэмжээгээр татах нь бий. Тэгэхээр зээлийн хүүний томоохон алдагдал хүлээлээ гэдэг асуудал тавьж, бондыг юунд, хэрхэн зарцуулж байгааг ил тод, мөн үр өгөөжтэй төсөлд хуваарилж байна уу гэдэг талаар үндэслэл тавьсан.

-Тэгэхээр төрийн алба төрлийнх болоод байгаа гэдгийг олон хүн хэлж байгаа. Ерөнхий сайд “Ажилдаа найман цагт ирдэггүй, авлигач нөхдийг халсан. Халсан хүнийхээ жагсаалтыг гаргаад өгч болно” гээд хэлсэн амлалтаасаа ухарсан ийм зүйлийг яриад байгаа шүү дээ?
-Монголын төр үндсэндээ түр орлон гүйцэтгэгчээр халаагаа сэлгэсэн. Төрийн алба түр орлон гүйцэтгэгч гэсэн нэр томъёотой болсон. Энэ нь Монгол төрийн чадавхийг сулруулах алдаатай бодлого гэж бид үзсэн.

-Манай улсын эдийн засаг буурч, хөрөнгө оруулалт зогслоо гэж байгаа ч үүн дээр анхаарахаас илүү ярих нь их байх шиг байна?
-Манай улсын эдийн засаг нэлээн муудсан. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засаг зогсонги байдалд орлоо. Хоёр оронтой тоонд байсан эдийн засгийн хөгжил нэг оронтой тоо руу унаж байна. Үүнийгээ дагаад иргэдийн худалдан авах чадвар муудаж, дарамт их ирж байгаа нь Ерөнхий сайдын гадаад харилцаанд гаргасан алдаатай бодлогоос Монголын эдийн засаг буурах, гадаад хөрөнгө оруулалт татагдахад нөлөөлсөн.

-Ерөнхий сайд хамаатан саднаа төрийн албанд оруулж, тэр битгий хэл 17 тэрбум төгрөгийг тендерээс завшуулсан гэж танай намын гишүүд үзээд байгаа. Энэ хэр бодитой вэ?
-Н.Алтанхуягийн төрсөн ах, дүү гээд дөрвөн хүн төрийн албанд ажиллаж байна шүү дээ. Цаашилбал газар, хэлтсийн дарга хийж байгаа маш олон байгаа. Эрдэнэс Тавантолгойтой холбоотой мэдээлэл энэ хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн. Засгийн газар энэ долоо хоногоос “Чалко” той дахин тохиролцоо хийж, нүүрсээ зөөвөрлөж эхэллээ. Харин ямар тохироонд хүрсэн гэдэг нь анхаарал татаж байна. Гэхдээ Өмнөговийн Цагаанхадын гаалийн бүсэд Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх охин Уянга гэх эмэгтэйгийн “Govi fover” компани нь Монголоос гарах нүүрс болгоноос 1.5 ам.доллар авч байх тендерт ялж байх жишээтэй. Уянгын нөхөр нь Эрдэнэс Тавантолгойн компанийн ТУЗ ийн дарга, ЗГХЭГ ын дэд дарга Дэнзэн гэх хүн байх жишээтэй. Гэх мэтчилэн Эрдэнэс Тавантолгойг тойрсон тендер болон гэрээг шалгах хэрэгтэй байгаа. Эх баригчид нэг юм ярьдаг, сөрөг хүчин нөгөө талаас хардаг ч дунд нь иргэд толгойн нь эргэж байна. Тэгэхээр энэ зүйлд анхаарал хандуулж, зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй. Тиймээс энэ чиглэлээр гурван ажлын хэсэг гаргуулж ажиллуулъя гэдэг саналыг УИХ д даргад хүргүүлсэн ч АН ын гишүүд шалгахгүй гэж байна. Харин манай намын бүлэг УИХ ын тухай болон Дэгийн тухай хуульд заасны дагуу бүлгийн дэд дарга С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсгийг гаргаж байгаа.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааныг харахад МАН ынхан зүйд нийцэхгүй, болоогүй юмыг болгосон мэт яриад, үүнийг нь АН ынхан олонхиороо сөргүүлээд байна уу гэдэг бодол бий. Та үүн дээр ямар саналтай байна вэ?
-Ер нь аль ч намын эцсийн зорилго нэг л байгаа. Монгол Улсын язгуур эрх ашиг, Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах. Нөгөө талаар  ард иргэдийнхээ ажил, амьдралыг өдрөөс өдөрт дээшүүлэх зорилго тавьж ажиллаж байгаа. Энэ том зорилгын төлөө МАН өөрөө тодорхой санал, санаачилга гаргаж, олонхиороо ялсан байсан ч АН ыг Засгийн газарт оруулан асуудлыг шийддэг. Эсвэл ямар нэгэн асуудал гаргаж тавих үед ажлын хэсэг гаргаж шалгаад, иргэд нэг чигтэй ойлголт өгөөд явж ирсэн соёл байдаг. Гэтэл харамсалтай нь парламентын түвшинд, өнөөдрийн улс төрд буруу жишиг орж ирээд байна. Эрх авсан бол нөгөө хүчнээ дарж, бүх юмнаас холдуулан араас нь шалгаж, дарамталдаг ийм соёл гарч ирсэн. Энэ нь нийгмийг талцуулах, ялгаварлах, намаар нь хуваах ийм үзэгдэл сүүлийн үзэгдэл сүүлйн саруудад эрчимтэй өрнөж байна. Тэгэхээр цөөнхөн монголчуудыг талцуулж, хуваах нь бидний сэтгэлийг их эмзэглүүлж байгаа. Бизнес эрхлэгчийг “Та хэрвээ АН ыг дэмждэг бол дөрвөн хувийн зээл авч болно. Хэрвээ дэмждэггүй бол 30 хувийн хүүтэй зээлээ ав” гэж хувааж байна. АН болон бусад гэсэн байдлаар юм болгоныг хувааж, талцуулж эхэлж байгаа нь өөрөө нийгэмд сэтгэлд эмзэгзүүлэх тал руугаа явчихлаа л даа. Үүнийхээ оронд том асуудлаар зөвшилцөл, ойлголцолд хүрэх хэрэгтэй байгаа юм. Бид энэ зүйлд байнга л санаачилга гаргаж байсан ч ухарчихлаа.

-Ерөнхий сайд баг зүүгээд иргэдийн өмнө аяглаж байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Баг зүүгээд л ярьж байгаа. Н.Алтанхуягийн нүд, цонхоор амьдрал гоё харагдаж байгаа байх. Монголын амьдрал үнэхээр хүндэрч байна. Хаврын улирал дундаа ороод байхад бүтээн байгуулалтын ажил эхлээгүй л байгаа. Н.Алтанхуягийн ярих нь гоё ч амьдрал дээр тэр газар бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн гэвэл харагдахгүй байна. Амьдрал дээр бодитоор хийх ажил, амаар гоё ярих бол хоёр өөр зүйл. Хэтэрхий юмаа гоёчилж, сурталчилаад байгаа болохоос яг иргэнд хүрч байгаа өгөөж одоогоор мэдрэгдсэн зүйл алга л байгаа. АН засгийн эрх авснаас хойш иргэдийн амьдрал руу чиглэсэн юу хийчих вэ, яриад байгаа шигээ Должин эмээ, Дорж гуайн үүдээр ороод юу хийсэн нь гарт баригдаж, нүдэнд харагдах юм байхгүй л байна. Цалин, тэтгэвэр нэмэгдсэнгүй. Баялгаас иргэдэд өгсөнгүй, ажлын байрны орон тоо, шинэ үйлдвэр байгуулагдаагүй л байна шүү дээ.

-Ерөнхий сайд сэтгэл гаргаж ажиллаад байгаа гэдэг шүү дээ. Үүнийг нь үнэлэхгүй байгаа юм биш үү?
-Монгол төрд зүтгэж байгаа хэн ч байсан Н.Алтанхуягийн яриад байгаа сэтгэл гаргаж байгаа гэдэг чинь Засгийн газрын өдөр тутмын хийдэг ажил байхгүй юу. Аль ч засгийн үед бүгдээрээ зүтгэж ажиллаж ирсэн. Бензиний үнийг 50 төгрөгөөр буулгах бол байж л байдаг асуудал. Ингэж ярьж байгааг ард түмэн ухаарах ч өнөөдөр гоёчлоод өнгөрөхөд маргааш өөрийн амьдралд бууна. Нэг л өдөр Н.Алтанхуяг үнэнд гүйцэгдэж огцорно. Өнөөдөр биш гэхэд маргааш ирнэ.
-Ярилцсанд баярлалаа.

С.МӨНХБАЯСГАЛАН
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш