Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л. Болд, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ажлын албаны ерөнхий зохицуулагч, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Ганболд нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Манай улс АОХН-ийн Сайд нарын VII бага хурлыг 2013 оны 4 дүгээр сарын 29-нд эх орондоо зохион байгуулна. Сайд нарын бага хурлын өмнө буюу 4 дүгээр сарын 27-28-нд АОХН-ийн Парламент, Эмэгтэйчүүд, Залуус, Иргэний нийгмийн чуулга уулзалтууд болно. Дээрх арга хэмжээнүүдэд 104 орны 1215 төлөөлөгч оролцохоор түрүүчээсээ ирж эхлээд байна. Бага хурлын үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын 50 гаруй, дотоодын 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт зочноор 12 орны төр, засгийн тэргүүн, дэлхий дахинаа нэр хүндтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүд уригдсан. Одоогоор зарим орны төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, сайдын түвшинд 50 гаруй орон ирэхээ нотлоод байна. Ардчилал, хүний эрхийн төлөө тууштай тэмцэж амжилтад хүрснийхээ төлөө Нобелийн энхтайвны шагнал хүртсэн Мьянмарын Ан Сан Суу Чий, Йемений Таваккол Карман нар бага хуралд оролцно.
Сайд нарын бага хурлын бэлтгэл ажил хангагдсан гэж хурал зохион байгуулагчид мэдэгдлээ. Гадаадын өндөр дээд хэмжээний төлөөлөгчид энэхүү бага хуралд оролцохтой холбоотойгоор аюулгүй байдлыг хангах чиглэлд Монгол Улс онцгойлон анхаарал хандуулж ажиллаж байна. Тиймээс Сүхбаатарын талбайн орчим болон зочид төлөөлөгчид буудалласан газарт аюулгүй байдлыг хангах ажлыг өндөр хэмжээнд зохион байгуулна гэж мэдэгдлээ.
Улаанбаатар хотод 2003 онд Ардчилалыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын бага хурлыг 500 орчим төлөөлөгчтэйгөөр хийж байснаас өөр ийм олон хүн оролцсон том арга хэмжээ зохион байгуулсан туршлага манай оронд байхгүй. Монгол улсын нүүр царайг олон улсад харуулах энэ бага хурлын бэлтгэлийг хангахад санаачлага идэвхтэй ажилласан нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагынханд хурал зохион байгуулагчид талархал илэрхийллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.