Тус байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажилтай танилцах Ажлын хэсэг байгуулан ахлагчаар нь УИХ-ын дэд дарга М.Энхболд, гишүүдэд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Батцогт нар ажиллаж байгаа юм.
Ажлын хэсэг энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Сонгуулийн ерөнхий хороонд ажилласан талаарх мэдээллийг УИХ-ын дэд дарга М.Энхболд танилцууллаа. Тэрээр мэдээлэлдээ сонгогчийн нэрсийн жагсаалтад 1.902.988 иргэн бүртгэгджээ. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд сонгогчийн нэрсийн жагсаалтыг баталж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгөх ёстой байсан. Гэвч хуульд заасан хугацаанд энэ маягтаа баталж гаргаагүй. Мөн 21 аймагт 1531 санал хураах хэсгийн хороо байгуулагдсан гэсэн ч 205-аар тоо нь зөрсөн байсныг ажлын хэсгийнхэн илрүүлж, зөрчлийг арилгасан байна гэлээ. Цаашид бичиг баримтын зөрчилтэй байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх, санал тоолох машины програмыг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатай гэдгийг тэрээр онцолсон юм.
Сонгуулийн дараа сонгогчдоос санал гомдол, шүүмжлэл ирдэг. Иймд энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажил ямар байгаа болон гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдээс ямар хэлбэрээр санал авах талаар гишүүдийн зүгээс тодруулж байлаа.
Байнгын хорооны дарга А.Бакей жил ирэх тусам сонгуульд оролцох сонгогчдын оролцоо буурч байгааг сануулаад, энэ чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо судалгаа хийсэн эсэхийг тодруулав. Тухайлбал, 1992 онд сонгууль болоход сонгуульд оролцсон сонгогчдын ирц 96 хувьтай байсан бол 2009 онд 73,5 хувь байсан. 2012 оны УИХ-ын сонгуулийн үед дээрх хувь буурч 67 хувьтай гарсан гэдгийг тэрбээр хэллээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгогчдын ирц буурч байгаад судалгаа хийж байгаа. Зарим орны хувьд сонгуульд оролцоогүй сонгогчийг торгодог юм байна. Сонгуулийн нэгдсэн хууль гаргах үед Сонгуулийн ерөнхий хорооноос энэ чиглэлээр саналаа өгнө гэж бодож байгаа. Одоогийн нөхцөлд бол манайх сонгогчдод сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалсан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан цацах, үүрэн холбооны оператор компаниар дамжуулж сонгуулиа хаана очиж өгөхийг нь байршил, цагтай нь зар хэлбэрээр өгөхөөс өөр дорвитой зохицуулалт байдаггүй. Цаашид сонгууль өгснийг нь урамшуулдаг, өгөөгүйг нь торгодог системд шилжих шаардлага бий” гэсэн хариулт өгөв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаж 1896 хэсгийн хороо буюу санал авах байр бэлэн болоод байна. Ерөнхийлөгчийн сонгуульд 17,2 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 15,8 тэрбум төгрөгийг УИХ-аар баталсан. Одоогоор аймаг, сум, баг руу төсвийн хувиарлалт хийгдээгүй байгаа гэсэн хариултыг Сонгуулийн Ерөнхий хорооноос өглөө.