logo
Бага хуралд оролцохоор 104 орны 1215 төлөөлөгч бүртгүүлжээ

Бага хуралд оролцохоор 104 орны 1215 төлөөлөгч бүртгүүлжээ

2013/04/25
Монгол Улсад энэ сарын 27-29-ны өдрүүдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал болох гэж буйтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Л.Болд, Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Ганболд, С.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга Ё.Батбаяр, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

  Гадаад харилцааны сайд Л.Болд, "Бага хурлын хүрээнд Сайд нарын хуралдаанаас гадна үндсэн таван чиглэлээр чуулга уулзалтууд явагдана. Одоогийн байдлаар хуралдаанд оролцохоор 104 орны 1215 төлөөлөгч бүртгүүлээд байгаа. Үүнээс сайд, дэд сайдаас дээд түвшний төлөөлөгч илгээж байгаа орны тоо 50 орчим байна. Ерөнхийлөгч 1, Дэд ерөнхийлөгч 2, Ерөнхий сайд 1, шадар сайд 4 ирнэ. Бусад төлөөлөгчид нь сайдын түвшний хүмүүс бөгөөд иргэний нийгмийн төлөөллүүд, удирдлагууд оролцоно. Хуралдаанд олон улсын 20 байгууллагын төлөөлөгч, удирдлагууд оролцохоос НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Женев дэх НҮБ-ын дарга тэргүүтэй НҮБ-ын төлөөлөгчдийг дурдаж болохоор байна" гэлээ.

  Бага хурлын ажиллагаа дэлхийн олон нийтийн анхаарлын төвд байгааг мөн тэрбээр онцолсон. Хурлын үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын хэвлэл, мэдээллийн 50 гаруй байгууллага мэдүүлгээ авчээ. Мөн дотоодын хэвлэл мэдээллийн 200 гаруй байгууллага бүртгүүлсэн байна.

  Хурлын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд энэ сарын 27-29-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дугаараар хязгаарлалт хийгдэх тухай Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Ганболд мэдээлсэн. Мөн онцын шаардлагагүй бол хотын төв рүү тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгааг дамжуулсан юм. Энэ өдрүүдэд томоохон захын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд ихэнх үзвэр үйлчилгээний газрууд, бар, рестораны ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй гэлээ.

   Хуралдааныг зохион байгуулагчдын зүгээс олон улсын арга хэмжээг хүндэтгэн үзэж, энэ өдрүүдэд аль болох унаа машин хэрэглэхээс татгалзан, хотын төв хэсэгт томоохон арга хэмжээ зохион байгуулах гэж буй бол татгалзах, түр хугацаагаар хойшлуулахыг уриалж буйгаа энэхүү мэдээллийн үеэр мөн уламжилсан юм.

  “1990 оноос хойш Монголчууд дэлхийд ардчиллын үлгэр жишээ болоод явж байгаа. Нэг дор олон орны төр засгийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл цуглаад санал бодлоо хуваалцаж байгаа нь Монгол Улсын ардчилсан хөгжлийн цаашдын төлөвт ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байгаа. Ардчиллын сэдвээр болж байгаа дэлхийн хамгийн том бага хурлыг иргэд, олон нийт сэтгэл зүрхээрээ хүлээж авна гэж итгэж байна хэмээн Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Ганболд хэлсэн. Гадаад харилцааны сайд Л.Болд, гадны улсуудын төр засгийн тэргүүнүүд ирж байгаа  болохоор тодорхой дүрэм журмын дагуу төрийн ордон тойрсон хэсэгт өндөр хамгаалалт гарна. Харин иргэд үзэл бодлоо илэрхийлж, цуглаан хийх тохиодолд хууль журмын дагуу зөвшөөрлөө аваад явах боломжтой" хэмээсэн.

   УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа, “Энэхүү бага  хурал Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын дарга АНУ, Канадад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр энэхүү өндөр түвшний бага хурлыг Монгол Улсад зохион байгуулж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байсан. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага  хурлын гол хуралдаан Даваа гаригт болно. Мөн салбар хуралдаанууд байгаа. Хөтөлбөрийн дагуу 27-ны өдрийн Бямба гаригт Төрийн ордонд Парламентчдын чуулга уулзалт болно. Нобелийн шагналт дэлхийд нэр хүндтэй хоёр эмэгтэй ирж байгаа.Иймд салбар хуралдаануудаар яригдах хөгжлийн загварын талаарх санаа оноонуудад сэтгүүлчид анхаарлаа хандуулан ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш