logo
Малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хангалтгүй байна

Малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хангалтгүй байна

2013/04/25
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга  З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар өнөөдөр /2013.04.24/ Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж, малчид нийгмийн даатгалд хэрхэн хамрагдаж байгаа талаарх мэдээлэлтэй танилцлаа.

    Өнөөдрийн байдлаар даатгалд хамрагдах ёстой 285 мянга гаруй малчин байгаа ч тэдгээрийн 4,4 хувь нь буюу 12 мянга 500 гаруй нь нийгмийн даатгалд, 32,7 хувь нь буюу 114 мянган малчин иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг байна. Харин тэтгэвэр авагч  малчны тоо 42,6 мянгад хүрчээ. Малчид нийгмийн даатгалд шимтгэл төлж чадахгүй байгаа нь хэд хэдэн бэрхшээлтэй холбоотой гэж НДЕГ-ын Нийгмийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Дашдондог ярилаа.  Түүний ярьснаар өргөн уудам нутагт тархмал байдалтай, байнга нүүдэллэж амьдардаг малчдад мэдээлэл хүрдэггүйн дээр малчдын орлого, малын ашиг шимийн борлуулалт улирлаас хамааралтай байдаг нь нийгмийн даатгалд хамрагдаж чаддаггүйн нэг бэрхшээл болдог байна. Тухайлбал, Ховд аймгийн Үенч сумын зарим малчин сумын төвөөсөө 130 км зайтай нутагт нутагладаг. Ноолуурын орлого 4-5 дугаар сард, мал, мах зарсны орлого 8-9 сард, сүү, айраг, цагаан идээ худалдаж борлуулсны орлого 7-8 сард орж ирдэг гээд малчдын орлого тогтмол бус байдаг. Эдгээр нөхцөл байдлаас хамаарч зөвхөн Үенч сумын 400-гаад малчны дөнгөж 66 нь даатгалд хамрагджээ. Мөн төвийн бүсэд багтдаг Дундговь аймгийн Хөвсгөл сумын 550 малчны  дөнгөж 42 нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байна. Энэ мэтчилэн улсын хэмжээнд нийгмийн даатгалд шимтгэл төлдөг малчны тоо хангалалтгүй байгаа аж.

    Цаашид малчдыг нийгмийн даатгалд хамруулах даатгалын бодлогын хүрээнд шинэчлэл хийж, шимтгэлийн хөнгөлөлтийн систем бий болгох, малчнаар ажилласан жилийг нэмэгдүүлж тооцох, шимтгэлийн хэмжээг хатуу тогтоох, шимтгэл төлөлтийн хугацаанд уян хатан систем бий болгох, жилд 2 хувааж төлөх зэрэг арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна гэдгийг мэргэжилтнүүд УИХ-ын гишүүдэд ярилаа.

  Нийгмийн даатгалын байгууллагаас дэвшүүлж буй дээрх саналуудыг гишүүд анхааралдаа авахаа илэрхийлээд орон нутаг дахь Нийгмийн даатгалын улсын байцаагчдын ажлыг нийгмийн даатгалд хамрагдсан малчдын тоогоор үнэлэх, малчин бүрийг биш малчин өрхөөр нь нийгмийн даатгалд хамруулах системийг судлах зэрэг ажлыг хийж болохыг нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудад зөвлөлөө.

Б.Алтантуул

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш