logo
Хонконгийн Ерөнхий захирагчтай уулзав

Хонконгийн Ерөнхий захирагчтай уулзав

2013/04/25
Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул Ц.Ганболд Хонконгийн Ерөнхий захирагч, ноён Люн Чун Инд 4 дүгээр сарын 24-нд бараалхав.
Ноён Ч.И.Люн Хонконг, Монголын хамтын ажиллагаа, харилцан ашигтай түншлэл өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд төрийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд Хонконгийн Засгийн газар цаашид ч анхаарна гэлээ.

Ерөнхий консул Ц.Ганболд хоёр талын харилцааны хүрсэн  түвшинг ахиулахын тулд ойрын үед өндөр хэмжээний харилцан айлчлал хэрэгжүүлэх, 1998 онд байгуулсан Иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол, Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийж эхлэх, тухайлбал, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хэлэлцээрийн дагуу Монгол, Хонконгийн иргэд хоёр талдаа визгүй 14 хоног зорчиж байгаа хугацааг 30 хоног болгон сунгах санал тавилаа.

Хонконгийн Ерөнхий захирагч Ерөнхий консулын саналыг судалж хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдэв. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий консул Ц.Ганболд БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Хонконг дахь бүрэн эрхт төлөөлөгч, ноён Сун Жэ-тэй уулзаж Монгол, Хятадын харилцааны зарим тодорхой асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр ноён Сун Жэ Ц.Ганболдод Монгол Улсаас Хонконгт суух Ерөнхий Консулаар томилохыг БНХАУ-ын Засгийн газраас зөвшөөрсөн Консулын экзекватурыг гардуулав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш