logo
Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэсэн саналыг дэмжив

Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэсэн саналыг дэмжив

2013/04/26
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойшх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Улсын Их Хурлын зарим гишүүд уг асуудалтай холбогдуулан үг хэлсний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат бүлгийн хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг уншиж танилцуулав. Тэрээр санал дүгнэлтдээ, шинэ Засгийн газар ажлаа эхлэхэд улсын санхүү, эдийн засгийн байдал ямар байсныг дурдаад, Монгол Улсын нэг жилийн төсөвтэй бараг тэнцэх эдийн засгийн тааламжгүй нөхцөлийг өнөөгийн Засгийн газар нуруун дээрээ давхар үүрсэн нь бодит зүйл юм гэдгийг онцлон тэмдэглэв.

 

Тэрээр цааш нь, шинэчлэлийн Засгийн газар өвлийн хүнд ачааллыг амжилттай туулж, анхны их бүтээн байгуулалтын гараанд ирэх үед Засгийн газрын тэргүүнийг огцруулах нийгэм, эдийн засгийн алдаа гараагүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, МАН-ын гишүүдийн өргөн бариад байгаа огцруулах саналын цаад мөн чанар нь үнэн хэрэгтээ Засгийн газрын тэргүүний нэр төрд хууль бусаар, нотлогдоогүй баримтаар эрээ цээргүй халдан, улмаар Засгийн Газрын нэр хүндийг унагах, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх ашиг хонжоо хайсан, намын явцуу эрх ашгаа хамгаалсан, төрийн албанд байгаа авлигачдыг өмгөөлөх гэсэн санаархлаа хэрэгжүүлэхийг эрмэлзсэн, монголын ард түмний эрх ашгийг умартан улсынхаа эдийн засгийг сөхрүүлэх гэсэн далд оролдлого юм гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат дүгнэлээ.

  Түүний дараа санал дүгнэлтээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд илэрхийллээ. Хуулийг оройлон зөрчдөг Ерөнхий сайдыг албан тушаалд нь үлдээх нь хуулийг дагахгүй байж болно гэсэнтэй адил дохио болно, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврын хариуцлагыг эцсийн дүнд Монгол Улсын Их Хурал өөрөө хүлээх болно гэдгийг УИХ-ын гишүүд ойлгож байгаа гэж найдаж байна гээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулснаар харин ч Засгийн газрын ажлыг улам сайжруулах нөхцөлтэй юм гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ.

  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлж, өөрийг нь  огцруулах талаар тавьсан шаардлагын үндэслэлийн талаар байр сууриа илэрхийллээ.

  Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 66,7 хувь нь түүнийг огцруулах шаардлагагүй гэсэн саналыг дэмжлээ.

  Мөн өдөр Улсын Их Хурлын гишүүд Маршалын албаны тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдаж гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулав.

  Тэрээр төслийн зорилт, түүнийг боловсруулах болсон үндэслэл, төслийн үзэл баримтлалын талаар Улсын Их Хурлын гишүүдэд танилцууллаа.

   Энэ хуулиар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий Маршалын албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, маршалын алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах ажээ.

   Маршалын албаны үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх, хамтран ажиллах зарчимд үндэслэх бөгөөд нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байхаар хуулийн төсөлд тусгагдсан байна. Үүнээс гадна Маршалын албаны тогтолцоо, чиг үүргийг төдийгүй Маршалын алба нь төв байгууллага болон тойргийн шүүхийн маршалын албадаас бүрдэхээр,түүнчлэн тэдгээрийн эрх хэмжээг нарийвчлан тусгасан байна.

  Төсөлд шүүн таслах үйл ажиллагааны явцад гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах зэрэг асуудлыг тусгажээ.

Мөн төсөлд маршалын алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоож, үйл ажиллагааны баталгааг хангах, хяналт хариуцлагын асуудлыг зохицуулж өгсөн тухай хууль санаачлагч танилцуулав.

   Илтгэлтэй холбогдуулан асуулт, хариулт явуулсны дараа Маршалын албаны тухай хуулийн төсөл түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь тэдгээрийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

   Дараа нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдаж гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

  Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулав. Төсөлд гэрч, хохирогчийг хамгаалах зарчмыг Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна шуурхай байх, хамтран ажиллах, хүний хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, нууцлалыг хадгалах, хариуцлагатай байх хэмээн тусгасан байна.

  Аюулгүй байдлын хамгаалалтаас гадна гэмт хэргийн хохирогчид сэтгэл зүйн хамгаалалт хэрэглэх шаардлагатайг олон улсын баримт бичгүүдэд зөвлөснийг үндэслэл болгон шүүх хуралдааны танхимд болох үйл явдлыг урьдчилан мэдээлэх, шүүх хуралдааны хүлээлгийн өрөөнд гэрч, хохирогчтой сэтгэл зүйчийг хамт байлцуулах зэрэг сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэглэхээр хуулийн төсөлд тусгажээ

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд хууль хэрэгжүүлэхтэй холбоотой гарах эдийн засгийн зардлыг хэрхэн судалж тооцоолсон, дээрх хуулийг хүний эрхийг хангах асуудалтай хэрхэн уялдуулсан талаар тодруулж асуув. УИХ-ын гишүүдийн олонх нь Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжиж Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл түүнийг дагалдаж гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

  УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавихдаа, ийнхүү яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэхээс гадна төлбөрийн чадваргүй сэжигтэн, хохирогчийг үүнд хамааруулах эсэх зэрэг асуудлыг тодруулсны дараа санал хурааж улмаар олонхийн саналаар түүнийг хэлэлцэхийг дэмжиж холбогдох байнгын хороонд нь шилжүүлэв.

  Үүний дараа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг мөн хэлэлцлээ. Хуулийн төсөлд Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгө нь ямар эх үүсвэрээс бүрдэхийг тусгасны зэрэгцээ сангийн хөрөнгийг Монгол судлалыг хөгжүүлэх судалгааны төсөл, зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол судлалын чиглэлээр олон улсын хурал, чуулган, хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэм шинжилгээний бүтээл, мэдээлэл солилцох, угсаа нэг орнуудад Монгол судлалын төвийг шинээр үүсгэх чиглэлээр ажиллах, гадаад дахь монгол судлалын төвийг сэргээх, тус төвд ажиллаж байгаа монголын эрдэмтдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа монголын соёлын өв, түүхэн дурсгалт зүйлийг сэргээн засварлах, мэдээллийн сан бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, монгол судлалыг хөгжүүлэх орчин бүрдүүлэх, монгол судлаачдыг бэлтгэх арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулахаар төсөлд тусгагдсан байна.

  Улсын Их Хурлын гишүүд энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлснээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Ж.Нэргүй

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш