Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Мозамбик Улсын Төрийн захиргааны яамны дэд сайд Хосе Цамбе-г 4 дүгээр сарын 25-нд Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн талаар санал солилцов.
Д.Ганхуяг уулзалтын эхэнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгыг хүлээн авч Сайд нарын бага хурлыг зорин ирсэн Мозамбик Улсын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд хурлын зохион байгуулалт, ач холбогдлын талаар товч мэдээлэл өгөв. Мөн Монгол, Мьянмар, Мозамбик гэсэн гурван улсыг байгалийн баялгийн арвин нөөцтэй, ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн замаар замнаж байгаа, уул уурхайн салбарт түшиглэсэн хурдацтай өсөлт бүхий эдийн засагтай зэрэг нийтлэг зүйлсээр нь олон улсын зарим судлаач, судалгааны байгууллагууд тодотгон анхааралтай харьцуулан судалж М3 хэмээн нэрийдэх болсныг дурдаж, манай гурван улс хоорондоо туршлага солилцож, хамтран ажиллах нь зүйтэй гэдгийг онцлов. Энэхүү хамтын ажиллагааны эхлэлийг тавих үүднээс Улаанбаатар хотноо дээд түвшний гурван талт уулзалт зохион байгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг мозамбикийн тал дэмжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Хосе Цамбе олон улсын тавцанд нэр хүнд нь өсч буй АОХН-ийн Сайд нарын бага хуралд Мозамбик Улсыг урьсанд Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлээд ардчилсан хөгжлийн талаар Монголын ардчиллаас сурах, сонсох, харах юм ихтэй гэдэг утгаар өндөр ач холбогдол өгөн хуралд оролцох болсноо онцлов. Мөн АОХН-ийн үйл ажиллагаанд Мозамбикийн бодит оролцоог нэмэгдүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлж, энэ тал дээр Монгол Улсын дэмжлэгийг хүсэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх монголын талын санал, санаачилгын талаар Мозамбикийн Ерөнхийлөгч, Засгийн газартаа уламжлан хариу ирүүлэхээ мэдэгдэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.