Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, энэ сарын 15-наас дагаж мөрдүүлж эхэлсэн. Энэ хуульд аймаг, нийслэлийн иргэний болон эрүүгийн давж заалдах шатны шүүхийг тус бүр 9 тойрог байхаар баталсны дагуу “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” УИХ-ын 1993 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 59 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын “Дүүргийн прокурорын газар” гэсэн гурав дахь хэсгийн 1-6 дахь заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Ерөнхий прокурорын газраас ирүүлснийг хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар шийдвэрлэв.
Мөн хуралдаанаар УИХ-аас санал болгосны дагуу эрх зүйч мэргэжилтэй Дондовын Ганзоригийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дэмжив.
Дараа нь Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл”-ийг ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж танилцуулав. Тус тайланд тусгуулахаар дөрвөн чиглэлээр хийгдсэн судалгааны мэдээллүүдтэй холбоотой асуултуудыг гишүүд асууж, тодруулга авч, саналаа хэлж эхэлсэн боловч хэлэлцэх асуудлууд маш өргөн хүрээтэй, хэлэлцэх хангалттай цаг хугацаа шаардлагатай учир энэ удаагийн хуралдааныг завсарлуулж, хэлэлцүүлгийг дараагийн долоо хоногт үргэлжлүүлэхээр боллоо.
Хүний эрхийн үндэсний комисс “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг судалгаа, шинжилгээнд үндэслэн жил бүр бичиж УИХ-д илтгэдэг. Энэ 2013 оны 12 дахь удаагийн илтгэлд уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд учруулж байгаа сөрөг нөлөөллүүдийн тухай, хүүхдийн эрхтэй холбоотой асуудлуудаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, шашны сургуулийн сурагч хүүхдүүдийн сурах орчин нөхцлийн талаар зэрэг дөрвөн чиглэлийн судалгааны мэдээллүүд орсон байна.
Байнгын хорооны гишүүд “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл” болон Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай холбогдуулан асуулт асуун хариулт авч, саналаа хэллээ. Тухайлахад гишүүн З.Баянсэлэнгэ илтгэлд маш ерөнхий асуудлууд тусгагдсан байна гээд хүүхдийн эмчийн хүрэлцээ, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, ял эдэлж байгаа хоригдлуудын жам ёсны эрх зөрчигдөж байгаа, нас барсан хүнийг хөдөөлүүлэх газрыг гадаадын хүнээс өндөр үнээр худалж авч байгаа зэрэг асуудлыг яагаад анхаарч, илтгэлд тусгаж болдоггүй юм бэ гэдгийг тодруулав. Гишүүн Ц.Оюунбаатар уул уурхайтай холбоотойгоор хүний амь нас үрэгдэж байгаа тохиолдлуудын хэдэд нь буруутай этгээдээр хохирлыг барагдуулсан талаар тодорхой тоо баримт илтгэлд тусгагдаагүй байна. Гэтэл энэ чиглэлд иргэний нийгмийн байгууллагууд үнэхээр бодитой ажил хийж, үр дүнд хүрч байна. Харин тэднийг төрийн байгууллагууд нь огт дэмжихгүй байна гэдгийг хэллээ.
Харин гишүүн С.Баярцогт жендэрийн тэгш эрхийн асуудал бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Эсрэгээрээ өнөөдөр манайд энэ нь эрэгтэйчүүдийн асуудал болчих хандлага харагдаж байгаа. Өнөөдөр манайд эмэгтэйчүүд илүү өндөр боловсролтой, тэр хэрээрээ илүү цалинтай, илүү боломжтой ажил хийж байгаа гээд унаач хүүхдийн асуудлыг олон улсын түвшинд гаргадаг илтгэлээс хасаж, улсынхаа хэмжээнд мөрдөх стандарттай болгох хэрэгтэйг анхааруулав. Мөн гишүүн Ж.Батзандан Хүний эрхийн үндэсний комисс тодорхой асуудлуудаар ололттой ажиллаж байгаад баяр хүргээд гэхдээ хангалтгүй байна, хүний эрхийн асуудал бол олон нь цөөндөө туслах, баян нь хоосноо дэмжих тухай асуудал. Тйимээс ХЭҮК УИХ-ын Хүний эрхийн дэд хороотой хамтарч ажиллах тал дээр анхаарах хэрэгтэй гэлээ.