logo
Эрүүл мэндийн яам авлигатай тэмцэнэ

Эрүүл мэндийн яам авлигатай тэмцэнэ

2013/04/26
Эрүүл мэндийн салбарт гарч болзошгүй авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдыг хувийн ашиг сонирхлоос ангид байлгах ажлыг эрчимжүүлэх үүднээс ЭМЯ, Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж байгаа билээ.

Уг ажлын хүрээнд ЭМЯ-ны бүх газар, хэлтсийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон болон тус хэлтсийн ажилтнуудыг хүлээн авч уулзаж авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх үүднээс хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө, дэмжлэг авсан байна.

Эрүүл мэндийн яамны зүгээс нэн тэргүүнд авлига, хээл хахууль үүсэх шалтгаан нөхцөл болон тэдгээрийг үүсгэж буй зарим дүрэм журмыг өөрчилж буйгаа дуулгаад иргэдийн саналыг авах утас, саналын хайрцаг ажиллуулж буйгаа хэлсэн юм. Мөн эмнэлгүүдийн төлбөртэй тусламж үйлчилгээний жагсаалтыг шинээр боловсруулж байгаа бөгөөд АТГ-аас хамтран ажиллах боломжтойг хэллээ.

АТГ-ын УССГХ-ийн дарга Б.Бат-Отгон: “Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн болон улсын эмнэлгийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг ил тод нээлттэй болгох хэрэгтэй. Мөн хөдөө орон нутгийн харьяа байгууллагын мэргэжилтнүүдэд мэдээллийг түгээх, мэргэжил аргазүйн дэмжлэг өгөх шаардлагатай байгаа юм” гэдгийг онцолж байлаа. Авлигатай тэмцэх газраас Төрөх эмнэлгүүд болон улсын чанартай эмнэлгүүдэд тандалт, судалгаа хийсэн бөгөөд судалгааны дэлгэрэнгүй дүнг яамны удирдлагуудад удахгүй хүргүүлнэ хэмээлээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш