logo
Хаврын хомсдлын үеэр

Хаврын хомсдлын үеэр

2011/08/06
Шатахуун импортлогчид үнээ 90 төгрөгөөр нэмлээ. 20, 30 төгрөгөөр нэмдэг байсан бол энэ удаад огцом нэмэгдүүлчихээд өнөөг хүртэл ямар ч тайлбар хийсэнгүй. Салбарын яамны холбогдох хүмүүс нь ч ганц үг ган хийхгүй сууцгааж байна. Оросын тал тонн тутамд 150-200 ам.доллараар нэмэгдүүлсэн гэнэ лээ гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа сонсоод л өнгөрлөө.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар шатахууны үнэ нэмэгдсэн нь салбарын сайд Д.Зоригттой холбоотой гэнэ. Хаврын тариалалтын цагаар шатахуун, дизелийн түлшээ өгөлгүй гэдийсэн Оросын талтай хэлэлцээр хийх гэж очихдоо тэрбээр “хэлсэн үнээр чинь л авья” гээд хушуу унжуулсан юм байх. Манайд хамгийн ойр байгаа нефьт боловсруулах үйлдвэрээсээ бус хамаагүй цаана байгаа газраас шатахуун ачуулж, түүнийгээ бас цагт нь илгээхгүй их гүрний үзэл гаргасан оросууд тэд авахгүй хаачдаг юм гэсэн байдлаар хандан үнээ нэмчихсэн аж. Хэдээр ч байсан хамаагүй авья гэж байхад нэмэхгүй өнгөрөх тэнэг хаана байх билээ.
Тийм бол тэр үед шатахууны үнэ яагаад нэмэгдээгүй юм бэ гэж та гайхаж байж магадгүй. Саяхныг хүртэл нөөцлөөд байсан шатахуунаа хуучин үнээр нь худалдаж байсан бөгөөд тэр нь дуусан өнөөх “хэдээр ч байсан хамаагүй авья” гэж байж авчирсан шатахуунаа нэмэгдүүлсэн үнээр зарж байгаа гэнэ. Нефьт боловсруулах үйлдвэр байгуулья гэсэн хүсэлтээ тавиад байгаа дотоодын компаниуддаа зөвшөөрөл өгөхгүй байж гаднаас өндөр үнээр авья гээд байгааг ойлгох аргагүй.
Нэг тонн гэдэг нь 1000 литр. Тэгвэл тонн шатахуун тутамд 200 ам.доллараар нэмэгдсэн гэж үзвэл нэг литр тутамд 2 цент буюу 20 гаруй төгрөг л ногдож байгаа аж. Гэтэл ШТС-ууд үнээ 90 төгрөгөөр нэмчихээд байхад чимээ ч үгүй сууж байгааг ойлгох аргагүй юм.
С.Онон
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш