Гандантэгчэнлин хийдэд Хаврын адаг сарын хуучдын өлзий ерөөл бүрдсэн сайн өдөр Майдар эргэдэг уламжлалтай билээ. Энэ жилийн Майдар эргэх их ёслол маргааш морин цагаас болох гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Хүрээ хийдүүд алтан Майдар бурхныг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг.
Ногоон морин тэргүүнт тэргэнд заслан Майдар бурханы баруун зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад түмэн олноо адис хүртээж явдаг. Гандантэгчэнлин хийдийн шар хэрэмний гол, барууун, хойд, зүүн зүгт тус тус үдлэн Түй мандал өргөн ерөөл талбин эргэн гол үүдэнд хүрч Манзуширийн үд хийж их ерөөл хуран өлзий хутаг оршоож их мандал өргөдөг уламжлалтай. Ийнхүү Майдар эргэхэд сайн цагийн Мянган бурханаас ирээдүйд залрах Майдар бурханы номын рашааныг хүртээн, Таван их номын хүрдэн эргүүлэх лугаа үүдзан учрахын билэг зохилдуулан бүх хуврага түмэн олон сүсэгтэн бүгд дагалдан ерөөл тавих уламжлалт их ёслол болно.
Ц.Од