Дорноговь аймгийн Сайншанд суманд олон тооны тугал үхсэн шалтгааныг судалж тогтоох, үүссэн нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлт гаргах үүргийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг холбогдох байгууллагуудад өгсөн юм. Энэ дагуу зохион байгуулсан хяналт шалгалтын дүнгээ ажлын хэсгийнхэн өнөөдөр танилцууллаа.
Сайншанд, Улаанбадрах сумдад 3 дугаар сарын 24-нөөс 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд мэргэжлийн байгууллагууд хээрийн хэмжилт судалгаа хийж, хөрс, ус, ургамал, малын эд эрхтний дээж авчран шинжилсэн байна. Лабориторийн шинжилгээний дүн, чиглэл тус бүрийн судалгаагаар Сайншанд сумын 5 дугаар багийн малчин Д.Норсүрэнгийн 22 тугал ионжуулагч цацраг болон ураны нөлөөллөөс болон халдварт өвчний үүсгэгчээс болоогүйг тогтоожээ. Малчин Д.Норсүрэнгийн бэлчээрээс авсан хөрс, усны дээжийн химийн найрлага стандартын хэмжээнд байсан, харин селен, зэс, сурьмагийн хордлого тугалын хорогдолд нөлөөлсөн байх магадлалтай тул цаашид гүнзргийрүүлэн судлах шаардлагатай гэж ажлын хэсэг дүгнэжээ.
Эдгээр бодис стандарт хэмжээнээс давсан нь ямар шалтгаантай, энэ нь мал хорогдоход нөлөөлсөн эсэхийг тодруулахаар олон улсын томоохон лабориторид дээж явуулахаар хөөцөлдөж байгаа аж. Ингэхдээ дотоодын мэргэжлийн лабориториудын гаргасан шинжилгээний дүнг ч нягтлуулахаар илгээхээ ажлын хэсгийнхэн дурьдлаа.
Үүнээс гадна Сайншанд сумын Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийн зорилтот бүлгийн иргэдэд хийсэн үзлэг шинжилгээгээр хүний эрүүл мэндэд ионжуулагч цацраг болон хүнд металлын нөлөөллөөс үүдэлтэй өвчлөл, эмгэг өөрчлөлтүүд илрээгүй байна.
Яам агентлаг, судалгаа шинжилгээний лаборитори зэрэг 42 байгууллагын 104 мэргэжилтэн, судлаач оролцсон томоохон хэмжээний шалгалтын эдгээр дүгнэлт нь анхан шатных тул цаашид нягтлан баталгаажуулж, эцэслэн тогтоохыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлын хэсгийнхэнд даалгалаа. Түүнчлэн, маргаан үүсгэсэн зарим асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгааг хэлээд, холбогдох албаныхан уялдаатай, хариуцлагатай ажиллах шаардлагатайг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.