Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс өмнө Төрийн ордны В танхимд боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн талаар байлаа.
УИХ-ын 2011 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтэд Засгийн газар 2012 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлснийг ийнхүү Байнгын хороодоор хэлэлцэж, Эдийн засгийн байнгын хороонд санал дүгнэлтээ нэгтгэхээр ажиллаж байгаа юм.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарын мэдээлснээр Үндсэн чиглэлийн биелэлт 2012 оны жилийн эцсийн байдлаар 74.3 хувьтай гарчээ. Хэрэгжилтийг бодлого тус бүрээр нь авч үзвэл:
- Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх макро эдийн засгийн бодлого 78.0 хувь,
- Өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн бодит салбарын хөгжлийн бодлого 68.5 хувь,
- Байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлого 64.4 хувь,
- Хүний хөгжлийг хангах нийгмийн бодлого 83.4 хувь,
- Төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого 80.0 хувь,
- Гадаад бодлого, батлан хамгаалах бодлого 76.4 хувийн хэрэгжилттэй байгаа юм байна.
Нийт 145 арга хэмжээнээс 18.6 хувь буюу 27 арга хэмжээ бүрэн биелж, 32.4 хувь буюу 47 нь 90 хувийн биелэлттэй, 24.8 хувь буюу 36 нь 70 хувийн биелэлттэй, 12.4 хувь буюу 18 нь 50 хувийн биелэттэй, 9.7 хувь буюу 14 нь 30 хувийн биелэлттэй, 0.7 хувь буюу 1 нь 10 хувийн биелэлттэй, 1.4 хувь буюу 2 нь хангалтгүй биелэлттэй гарчээ.
Байнгын хорооны гишүүд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн талаар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Засгийн газраас хот, суурин газрын хүн амын махны хангамжийн асуудлыг анхаарч арга хэмжээ авч байгаа хэдий ч махны үнэ өндөр, инфляцид нөлөөлөх хүчин зүйл болсоор байна, цаашид мах сүүг ямар системээр нийлүүлэх талаар юу хийх гэж байна хэмээн лавлаж байлаа. Мөн тэрбээр байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс учруулсан хохирлыг тооцох, нөхөн сэргээлт явуулах ажил хэрхэн хийгдэж байгаа, Говь-Алтай дахь Аж Богдын нурууг тусгай хамгаалалттай болгох асуудал ямар шатанд явж байгаа болон хориглосон бүсэд барилга байгууламж барих зөвшөөрлийг зогсоох ажлын биелэлтийг тодруулсан. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Үндсэн чиглэлийн биелэлтийг ингэж хэлэлцэх нь социализмын үеийн 5 жилийн төлөвлөгөө ярьдаг байсан үеийг санагдуулж байна, хий хоосон тоогоор биелэлт яриад бодит байдал дээр тэр тоотой дүйцэх ажил хийгдээгүй байдаг ийм байдлыг халах цаг болсон гэв. Гишүүн Л.Эрдэнэчимэгийн энэ шүүмжлэлтэй гишүүн Ц.Дашдорж санал нэг байна гээд Үндсэн чиглэлийг хэлэлцэх асуудалд цаашид арай өөрөөр хандаж, шинэчлэлийн Засгийн газраас байгуулсан Эдийн засгийн хөгжлийн яам нь зангидаж явах нь зүйтэй болов уу гэсэн санал хэлсэн юм. Гишүүдийн тавьсан асуултад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хариулахдаа, мал нядалгааг жилд нэг удаа хийдэг одоогийн системийг өөрчилж, хот суурин газрыг тойрсон 300-350 үхэртэй, мах сүүний чиглэлийн 30-40 эрчимжсэн ферм байгуулах, жилийн 4 улиралд мал нядалгаа хийдэг болсноор махны үнийг тогтворжуулах бодлого барьж ажиллана гэсэн бол Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Туул голын сав газарт байгаа 84 карьерын 14 нь хаагдсан гэлээ. Гэхдээ карьерыг хааснаар барилгын ажил зогсох, барилгын үнэ өсөх зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүй тул карьер ажиллуулж болох боломжтой газрыг сонгон тодорхой болгох шат дараалсан арга хэмжээ авах шаардлагатай байгааг тайлбарлаж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.