Энэ гурав хоногт 5 форум, 9 сэдэвчилсэн хуралдаан, бүс нутгийн нэг уулзалт, олон хоёр талын уулзалт боллоо. Мөн албан ёсны сайд нарын хурлыг оролцуулвал нийтдээ 18 хуралдаан болсноос гадна иргэний нийгмийн шугамаар маш олон арга хэмжээ зохиосон байна.
Эдгээр олон хуралдаан дээр нийтдээ 100 орчим өндөр түвшний төлөөлөгчид илтгэл тавьж, үг хэлсэн байна. Монголд хүрэлцэн ирсэн бүх сайд, төлөөлөгчдийн тэргүүн нарт үг хэлэх, илтгэл тавих бололцоо олгосон нь Улаанбаатарын хурлын онцлог, шинэлэг зүйл байлаа.
Хурлын үр дүнд Улаанбаатарын Тунхаглал хэмээх төгсгөлийн баримт бичиг батлан гаргалаа. Энэ баримт бичигт Монгол Улс АОХН-ийг өнгөрсөн 2 жилд даргалахдаа хийсэн ажлыг дүгнэж, цаашид тавих зорилтоо тодорхойллоо.
Улаанбаатарын Тунхаглалын онцлог нь АОХН-ийн тулгуур бүтэц болох 5 форумаас гаргасан зөвлөмжүүдийг Тунхаглалын хавсралт болгон албажуулсанд оршиж байна.
Бид Тайландын Ерөнхий сайд, Коста Рика, Нигерийн Дэд ерөнхийлөгч гээд олон өндөр түвшний төлөөлөгчдийн хэлсэн үгийг сонслоо. Мөн Мьянмарын нэрт зүтгэлтэн Аунг Сан Суу Чий, Йемений ардчиллын зүтгэлтэн Таваккол Карман нарын халуун цогтой үгсийг сонсоход урамтай байлаа.
Хурлын хажуугаар 2 талын албан ёсны, ажлын айлчлалууд болж, хэд хэдэн чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Ингэснээр бид өөрсдөө гадагш явж, зардал гарган шийдэх байсан олон асуудлыг Улаанбаатарт хэрэгжүүлж чадлаа.
Монголыг зорьж ирэхээргүй алс холын олон орны төлөөлөгчид энэ хурлын далимаар манай оронд зочлон ирж, дахин Монголд ирэх хэрэгтэй юм байна гэж ойлгоод буцлаа. Үндсэндээ улс орноо дэлхий дахинд амжилттай сурталчилсан арга хэмжээ болжээ.
Үүнээс гадна ардчиллын асуудлаар мэргэшсэн эрдэмтэд, судлаачид энэ хуралд олноор оролцсоныг тэмдэглэх хэрэгтэй. Тэд мэргэжилтний нүдээр Монгол Улсыг хараад энд үнэхээр ардчилал ул суурьтай тогтсон юм байна, монголчууд ардчилал, эрх чөлөөг чин сэтгэлээсээ эрхэмлэдэг юм байна гэдгийн баталгаа, нотолгоог олж яваад буцаж байгаагаа хэлж байна.
Улаанбаатарчууд бас энэ арга хэмжээтэй холбогдсон автомашины хязгаарлалт зэргийг ойлгон хүлээж авсанд талархал илэрхийлье. Эцэст нь хурлыг амжилттай болгоход хүчин чармайлт гаргасан хүн болгонд баярласнаа илэрхийлье.