logo
Хөдөө аж ахуйн цаг үеийн асуудлаар сайдын мэдээллийг сонсов

Хөдөө аж ахуйн цаг үеийн асуудлаар сайдын мэдээллийг сонсов

2013/05/02

Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал аж ахуйн салбарын хаваржилтын байдлын талаарх Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээллийг сонслоо.

Сайдын мэдээлснээр улсын хэмжээнд 10.1 сая эх мал төллөж, гарсан төлийн 99.0 хувь нь бойжиж байгаа ажээ. Харин сүүлийн нэг сарын хугацаанд 14 аймгийн 18 сумын нутагт 20 удаа хээрийн түймэр гарч, 35833 га бэлчээрийн талбай өртөн, байгаль экологийн хувьд 19.6 сая төгрөгийн хохирол учирсан байна. Нийт нутгаар эрчимтэй дулаарч байгаа тул шар усны үерийн аюулаас сэргийлэх, гол нуур бохирдож малын өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэхээр аймгуудад зөвлөмж хүргүүлэн ажиллаж байгаа юм байна.

Энэ онд үр тариа 324.7 мянган га-д, үүнээс улаанбуудай 313.7 мянган га-д, төмс 15.5 мянган га-д, хүнсний ногоо 7.6 мянган га-д, малын тэжээл 20.7 мянган га-д, тосны ургамал 20.0 мянган га-д, нийтдээ 393.5 мянган га-д тариалалт хийх зорилт тавин ажиллаж байна гэж салбарын сайд мэдээллээ.

Тариалалт, мал аж ахуйн салбарын хаваржилтын байдлын талаарх мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүн Ц.Дашдорж асуудлыг зөвхөн Сэлэнгэ, Төв аймаг зэрэг тариалангийн бүс нутагтай холбон ярих бус орон нутгийн хэмжээнд тариалалт хийж, өөрийгөө хангаж байгаа газруудын асуудлыг, тухайлбал, Говь-Алтайн Баянтоорой гэх мэт газруудад услалтын системийн асуудлыг шийдвэрлэх талаас нь анхаарах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байсан. УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Атар-3” аянаас эхлэлтэй иргэдэд хүлэмж олгодог, трактор хөнгөлөлттэй үнээр нийлүүдэг, ноосны урамшуулал өгдөг хэвээрээ байгаа эсэхийг тодруулсан бол УИХ-ын Ж.Энхбаяр хөрсний чанар муудаж байгаа энэ үед хөрсийг бордох ямар бодлого барьж байгааг лавласан. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хөрсний чанар муудаж байгаа гэдэгтэй санал нийлж байна гээд хэдийгээр манай орны хөрсөнд ургасан ногоо, жимсгэнэ байгалийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогдож байгаа боловч хөрсний чанар ихээхэн муудаж байгаа нь энэ байдлыг алдагдуулж, хүнсний аюулгүй байдалд заналхийлэх нөхцөл үүсэж байна. Гэтэл манай улс олон улсад хориглосон бордоог хэрэглэсээр байгааг анхаарах хэрэгтэй гэлээ.

Сайд Х.Баттулга гишүүдийн асуултад хариулахдаа дээр дурдсан урамшуулал хэвээрээ байгааг дуулгасан. Тухайлбал, тариаланчдад улаанбуудайн 1 тн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал өгч, тракторын үнийн 50 хувийн хөнгөлөлт, ноосны урамшуулал үр дүнгээ өгч байгааг онцолсон. Урамшууллын үр дүнд нийт ноосны 90 хувийг дотоодын үйлдвэрлэгчид худалдан авч байгаа ажээ. Мөн өнгөрсөн жил ургацаа 100 хувь хураан авсан ч улаанбуудайн чанар муу байсанд дүгнэлт хийж ажиллах шаардлагатай байгаа гэлээ.

БОХХААБХ-ны гишүүд ийнхүү мэдээлэл сонсож, асуулт асууж, санал хэлж, тодруулга хийснээр хуралдаанаа өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш