УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2013-05-01/ хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын танилцуулгыг сонслоо.
Сайдын мэдээлэлд дурдагдсанаар, үндсэн чиглэлийн нийт зорилт, арга хэмжээний биелэлт 2012 оны жилийн эцсийн байдлаар 74.3 хувьтай гарч, нийт 145 арга хэмжээнээс 18.6 хувь буюу 27 арга хэмжээ бүрэн биелсэн байна. Үүнээс хүний хөгжлийг хангах нийгмийн бодлого 83.4 хувийн биелэлттэй гарчээ. Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний салбарын сайд нараас гишүүд зарим асуудлыг тодруулж саналаа хэлсэн. Тухайлбал, Я.Содбаатар гишүүн, “ Өнөөдөр их дээд сургуулийн барилгын 80 хувь нь шаардлага хангахгүй байгаа гэсэн судалгаа байдаг. Иймд их дээд сургуулийн хотхон барих асуудал ямар шатанд байна вэ “гэдгийг тодруулсан бол С.Ганбаатар гишүүн, “Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг хүн амд чанартай хүргэх механизм байна уу. Тендерийн асуудлыг тодорхой системд оруулах тал дээр ямар ажил хийгдэж байна вэ. Түүнчлэн боловсролын салбарт хүүхдийн хөгжлийг өртөгжүүлэн санхүүжүүлэх асуудал орсон байгаа. Мөн гадаадад дарга нарын хүүхдүүдийн дийлэнх явдаг. Эдгээр асуудалд системийн хэмжээнд ямар өөрчлөлтүүдийг хийж байна вэ” гэсэн асуултыг асуув. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өгсөн хариултдаа, “Багануурын чиглэлд оюутны хотхон барих ажил хийгдэж байгаа. Инженер, техникийн зураглал хийх асуудлаас болж ажил түр хойшлогдсон. Гадаадад суралцах асуудалд хамгийн гол нь мэдээллийг өргөн хүрээнд авах шаардлагатай байна. Иймд мэдээллийг идэвхжүүлэх төвийг ажиллуулж байна. Тэнд хаана, хэрхэн суралцаж болох, хүссэн сургуульдаа яавал тэнцэх боломжийн талаар сургалт явуулна. Түүнчлэн гадаадад суугаа Элчин сайдуудад тухайн оронд суралцах мэргэжлийн талаарх мэдээллийг Боловсролын яаманд өгч байх асуудлыг ярьж байна. “ гэлээ. Эмнэлгийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд иргэдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах нь гол асуудал.Эмнэлгийн байгууллагын ажилтнуудын зан харьцаа муу байгаа талаар иргэд ярьдаг. Яамны зүгээс иргэдийн сэтгэлд нийцсэн найман үйл ажиллагааны сургалтыг бүх эмнэлгийн байгууллагуудад зохион байгуулж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэллээ. Ингээд гишүүдийн асуулт хариулт дуусч, санал хэлсний дараа үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.