Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан 2013 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах 50.0 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгаж баталсан байна.
Төсвийн тухай хуулийн төсөлд нэн тэргүүнд шаардлагатай 7 хөтөлбөр, арга хэмжээнүүдэд шинэчлэлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг зарцуулах тухай асуудлыг байнгын хороогоор хэлэлцүүллээ. Хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнээр байнгын хорооны тогтоол батлагдлаа.
Дараа нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын танилцуулгыг сонслоо.
Үндсэн чиглэлд хийсэн аудитыг Ерөнхий аудитор А.Зангад танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 21 зорилт 145 арга хэмжээнд аудит хийж, 8 арга хэмжээ биелээгүй байна гэж үзжээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл Ерөнхий аудитороос асуулт асууж хэрэгжээгүй арга хэмжээг сонсож, төсөв алдагдалтай байгаа учраас түүнийг багасгахын тулд зарлагаа хумихыг санал болголоо.
Танилцуулгыг сонсож санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн Улсын Их Хурлаар төсвийн төсөл хэлэлцэх, төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах бодлогын зөвлөмж гаргах, дүн шинжилгээ хийх бие даасан албаны үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай байнгын хорооны тогтоол гаргахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.