ЭМЯ-ны Олон улсын эрүүл мэндийн дүрмийн удирдах зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөх багийн ээлжит хурал 5 дугаар сарын 1-ний өдөр ЭМЯ дээр зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн хурлаар томуугийн А хүрээний H7N9 вирусийн хүний халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шувууны аж ахуй эрхлэгчдийн талаар хэлэлцэв.
Томуугийн А(H7N9) халдвараар 2013 оны 4 сарын 30-ны өдрийн байдлаар БНХАУ-д нийт 124 хүн өвчилж, 18 (14,5%) нь эдгэрч, 24(18,5%) нь нас барсаны зэрэгцээ Тайвань улсад 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг халдварын газар зүйн тархалт, өвчлөгсдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд халдвар БНХАУ-ын зүүн эргээс төв рүүгээ тархаж байгаа нь манай улсад халдвар дамжих эрсдэлийг нэмэгдүүлж байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байлаа.
Түүнчлэн БНХАУ-тай хил залгаа 6 аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газраас шувууны аж ахуйн судалгаа авч нэгтгэн, тандалт хийж байгаа талаар мэдээлэл хийв.
Цаашид мал эмнэлгийн болон бусад байгууллагатай тандалт, судалгааг хамтран хийх эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах талаар онцгой анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Хуралд ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд оролцсон байна.