Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригийг Үндэсний бичиг соёлын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ жил “Үндэсний бичиг соёлоо дээдэлье” уриан дор зохион байгуулах аж. Тэгвэл яг одоо Үндэсний төв номын санд бичиг соёлын өдрийн нээлт болж байна. Энэ үеэр “Судар бичгийн алтан сан” номын хурим, “Дурсамж тээсэн монгол бичиг” цагаан толгойн үзэсгэлэн гарах юм. Мөн зохиолч, уран бүтээлчид шилдэг бүтээлийнхээ гар бичмэлийг Үндэсний номын санд хадгалуулж, гэрээ байгуулах бөгөөд “Бичиг соёл төв”-ийнхөн хүмүүст хүссэн үгийг нь уран бичлэгээр бичиж үйлчлэх гэнэ. Одоогоор бүх номын салбар дэлгүүрүүд төдийгүй зохиолч, сэтгүүлчид төв номын санд зочлоод байгаа аж.