УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын 26 дугаар тойрогт явагдсан дахин санал хураалтаар МАН-аас нэр дэвшсэн Д.Сумьяабазар ялалт байгуулсныг СЕХ баталгаажуулан, Ерөнхийлөгч, УИХ-д өргөн мэдүүлээд байхад түүний тангараг өргөх асуудлыг яагаад хэлэлцэх асуудлын дараалалд оруулсангүй вэ гэдгийг тодруулсан. Тэрбээр энэ асуудлыг асуудлын дараалалд оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн.
УИХ-ын дарга З.Энхболд, Их Хурлын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг ярилцах үед энэ тухай хэн хэн нь саналаа хэлээгүй. Тэр хуралд УИХ дахь намуудын бүлгийн дарга нар оролцсон гэдгийг хэлээд бүлгүүдийн дарга нараас тодруулга авсан юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Их Хурлын даргын зөвлөлийн хурал дээр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг ярьж байхад тангараг өргүүлэх тухай яригдаагүй. Ер нь өмнө нь АН-ын бүлэг 26 дугаар тойрогт явуулсан дахин санал хураалт хууль зөрчин явагдсан гэсэн байр сууриа илэрхийлсэн. СӨХ-той холбоотой асуудлаар нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэц асуудлыг шийдсэний дараа асуудлаа ярих хэрэгтэй байх гэсэн бол “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг бүлгийн зүгээс тухайлсан санал байхгүй. Тойрог дээр хууль зөрчигдсөн тухай асуудлыг цаасаар авч уншиж, танилцаагүй тул хэлэх зүйл алга гэлээ. УИХ-ын дарга нэгэнт зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг тогтоох үеэр дараалалд багтаагүй болохоор өнөөдөр хэлэлцэх боломжгүй хэмээсэн учир төлөвлөсний дагуу Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм.
УИХ дахь АН-ын бүлгээс гишүүн Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх талаар гаргасан саналыг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдаанд танилцууллаа. 1975 оноос Монгол Улсын их сургуулийн багшаас ажлын гараагаа эхлүүлсэн Р.Гончигдорж 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, 1992 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр нийтдээ 6 удаа сонгогдон ажиллажээ. 1990-1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын дарга зэрэг төрийн өндөр албанд удаа дараа сонгогдож ажилласан төрийн ажлын арвин туршлагатай, өндөр мэдлэг чадвартай парламентч гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэлдээ онцлов.
Төрийн байгуулалтын байнгын хороо 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Р.Гончигдоржийг сонгох тухай саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей танилцуулсан.
Дараа нь гишүүд нэр дэвшигчээс асуулт, асууж хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан олон жил хамт ажилласан, Монголын парламентын түүхийг бичилцэж яваа энэ хүний талаар ярих зүйл алга. Монголд парламентат ёсыг төгөлдөржүүлэх, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд их зүйл хийнэ гэж найдаж байгаа хэмээгээд ард түмний сонголтыг авсан Д.Сумьяабазарын тангараг өргөх асуудлыг хойшлуулж байгаад ямар байр суурьтай байгааг нь тодруулав.
УИХ-ын дэд даргад нэр дэвшигч Р.Гончигдорж сонгогчдын сонголт бол дээдлэн хүлээн зөвшөөрөх зүйл. Аливаа зүйл дагаж мөрдөж буй хуулийн дагуу шийдэгдэх учиртай хэмээн хариулсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын 26 дугаар тойрогт болсон дахин санал хураалт хууль зөрчөөгүй, СЕХ түүнийг баталгаажуулсан, тангарагийг нь өргүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа энэ үеэр илэрхийлж байлаа. Тус намын зарим гишүүд, тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар нэр дэвшигчийг аливаа хууль зөрчсөн үйлдлийг хаацайлж байна хэмээн шүүмжилж байв. Гишүүд асуулт асуун, хариулт авсны дараа саналаа хэлэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд УИХ-ын дэд даргыг сонгох асуудлаар бүлэг завсарлага авч байгааг мэдэгдлээ. Тэрбээр тус намын бүлэг УИХ-ын гишүүний эрхийг эхлээд баталгаажуулсны дараа дэд даргын асуудлыг ярилцах нь зүйтэй гэж үзэж байгаа хэмээн уламжилсан.
Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.