Манай улс 1998 онд “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийг батлан хэрэгжүүлж эхэлснээр хэвлэл, мэдээллийн салбар хараат бус, бие даасан байдлаар хөгжих үндэс суурь бүрдсэн. Өнгөрсөн хугацаанд чөлөөт хэвлэлийн салбар өргөжиж, дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн.
Улс үндэстнийхээ нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, хариуцлагатай, ёс зүйтэй, хүнлэг, иргэнлэг сэтгүүл зүйг хөгжүүлэхэд сэтгүүлчдийн идэвх санаачлага, бүтээлч ажиллагаа чухал үүрэгтэй.
Сэтгүүлчид та бүхнийг, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, шударга ёс, олон ургальч үзэл, ил тод байдал, улс орынхоо хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулах ёстойгоо ухамсарлаж ажиллана гэдэгт итгэж байна.
Монголын хэвлэл, мэдээллийн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлч, ажилтнууд болон уншигч, сонсогч, үзэгчиддээ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэндийг хүргэж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
2013 оны 05 дугаар сарын 3-ны өдөр. Улаанбаатар хот