logo
Нөөцийн махны бодлогыг халж, фермийн аж ахуйг дэмжинэ

Нөөцийн махны бодлогыг халж, фермийн аж ахуйг дэмжинэ

2013/05/03

Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн талаар хэлэлцлээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар мэдээлэл хийсэн юм.

 

Ингэснээр Үндсэн чиглэлийн биелэлт 2012 оны жилийн эцсийн байдлаар 74.3 хувьтай гарсан байна. Үүнээс өрсөлдөх чадварыг дээшлүүлэх макро эдийн засгийн бодлого 78 хувь, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн бодит салбарын хөгжлийн бодлого 68.5,байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлого 64.4, хүний хөгжлийг хангах нийгмийн бодлого 83.4, төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого 80, гадаад бодлого, батлан хамгаалах бодлого 76.4 хувийн хэрэгжилттэй байгаа аж.

Байгаль орчны салбарт “Ногоон хэрэм” төсөл 100 хувь хэрэгжиж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг ололттой тал байгааг С.Оюун сайд хэлж байсан.

Мөн Туул голын сав газарт үйл ажиллагаа явуулдаг 84 карьерын 14 нь хаагдсан тухай мэдээлсэн юм. Гэхдээ карьерыг хааснаар барилгын ажил зогсох, барилгын үнэ өсөх зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүй тул карьер ажиллуулж болох боломжтой газрыг сонгон тодорхой болгох шат дараалсан арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолж байсан.

Энэ нь бүтээн байгуулалт эхлэх гэж байгаа үед анхаарах ёстой асуудал учраас ажлыг яаравчлан хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг Байнгын хорооны гишүүд хэлж байлаа. ҮХАА-н салбарын хувьд Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ҮХАА-н салбарт хамаарах арга хэмжээний ерөнхий гүйцэтгэлийг 88.1 хувьтай байна гэж үзжээ.

Газар тариалангийн салбарт техник технологийн шинэчлэлийг үргэлжлүүлж, атаршсан талбайг ашиглах, үр тариа төмс хүнсний ногоо хадлан тэжээл бэлтгэх ажлыг эрчимжүүлэх ажил хангалттай хэрэгжилттэй байгаа аж.

Харин эрчимжсэн аж ахуйг эрхлэгчдийг дэмжих зорилгоор импортоор авах сүү, махны чиглэлийн 1000 гаруй үхрийг авах хөрөнгө тусгагдаагүй байгаа гэнэ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Манай улс хүн амын махны хангамжийн асуудлыг анхаарч арга хэмжээ авч байгаа ч өндөр үнэтэй хэвээр байж, инфляцид нөлөөлөх хүчин зүйл болсоор байна. Тэгэхээр энэ махны бодлогыг эргэн харах хэрэгтэй. Цаашид мах сүүг ямар системээр нийлүүлэх вэ” гэдгийг Х.Баттулга сайдаас асуусан юм.

Сайд энэ талаар хэлэхдээ, “Жилдээ нэг удаа нядалгаа хийж, нөөцөлдөг нь манай бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой. Энэ жилийн хувьд нөөцийн махны арга хэмжээг арай өөрөөр хийсэн.

Нийтдээ 80 орчим тэрбум төгрөгийн мах худалдан авч нөөцлөн нийлүүлэлт хийж байгаа. Өдөрт 100 орчим тонн мах зарагдаж байгаагийн 90 орчим хувь нь нөөцийн мах байна. Хэрэв ингэж нөөцлөөгүй бол махны үнэ өсөх байсан. Тиймээс цаашдаа жилд нэг удаа мах бэлтгэдэг одоогийн системийг өөрчилж, хот суурин газрыг тойрсон 300-350 үхэртэй, мах сүүний чиглэлийн 30-40 эрчимжсэн ферм байгуулахаар төлөвлөж байгаа. Тэгэхээр нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулна гэсэн үг. Жилийн дөрвөн улиралд мал нядалгаа хийдэг болсноор махны үнийг тогтворжуулах боломжтой” гэсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш