Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ ойд зориулан Монголын сайтын холбооноос олон арга хэмжээг зохион байгуулсны нэг нь “Үг хэлэх эрхээ хамгаалья” сэдэвт нийлэлийн уралдааныг зарласан юм. Энэхүү уралдаанд shudarga.mn сайтын эрхлэгч Баянмөнхийн Цоожчулуунцэцэгийн “100 жилийн ой ба зуу зуун дарамт” нэртэй нийтлэл шалгарлаа.
100 жилийн ой ба зуу зуун дарамт
Монголын сэтгүүл зүй 100 жилийн ойгоо тэмдэглэж, 2013 он сэтгүүлчдийн хувьд дурсагдах зүйлтэй өнгөрөх нь. 100 жил... Урт цаг хугацаа. Гэхдээ Монголын сэтгүүл зүйн түүх зуунаар бичигдэх ч чөлөөт хэвлэлийн түүх дөнгөж хорь гаруйхан настай. Нэг намыг магтан дуулж, нэг хүнийг тахин шүтэж, нэг л уриа лоозонг барьж, Монголын сэтгүүл зүй дал гаруй жил хэсэг бүлэг хүний урдаа барьдаг цагаан хоолой шиг үйлчилж ирсэн.
1989 он, тодруулбал Монголын Ардчилалтай чөлөөт хэвлэл, хэвлэн нийтлэх эрх чөлөө нас чацуу. Харамсалтай нь “Монголд ардчилал бүрэн утгаараа хөгжсөн” гэж өнөө цагийн эрх баригчид цээжээ дэлдэж байгаа энэ үед Монголын чөлөөт хэвлэл, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хөсөр хаягдаж байна. Саяхан л чөлөөт хэвлэлүүдийг урдаа барьж, Монголд ардчилал хөгжиж байгаа хэмээн гадныханд гайхуулдаг байсан ардчилагчид маань өнөөдөр төрийн эрхэнд гарч ирмэгцээ чөлөөт хэвлэл, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд бүдүүлгээр халдах болов.
Монгол улс Сэтгүүл зүйн 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ үед Монголын сэтгүүл зүй түүхэндээ байгаагүй том дарамт, шахалтыг амсав.
Сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүлчээр ажиллаж байсан Монгол Улсын төрийн тэргүүн хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хуулийн төсөл санаачилж, саяхан л үзэг, микрофон бариад сэтгүүлч хийгээд явж байсан УИХ-ын гишүүн эмэгтэй “Тухайн хэвлэлийн байгууллагын хувьцааг нэг хүн 20 хувь л эзэмшиж болно” хэмээн мэдэгдэж, эрх мэдэлд хүрсэн сэтгүүлчид маань эргээд сэтгүүл зүйн тогоо руугаа нулимж, цонх руугаа чулуу шидэлж эхэллээ.
Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсний 100 жилийн түүхт ойн өдөр кабелийн телевизийн есөн сувгийг хааж, сэтгүүлчдийг нь гудамжинд гарган эрх баригчид тохуурхлаа. Баярын өдрөө эрхээ цагдуулсан олон арван сэтгүүлчид 100 жилийн ойгоороо ажилгүйчүүдийн эгнээнд зуу зуугаараа нийллээ. Эрх баригчид кабелийн сувгуу¬дыг чухам ямар шалтгаа¬наар хааснаа тодорхой тайлбарласангүй. Сэтгүүлч эзэдтэй, ядуу даржин сэтгүүлчдээс бүрдсэн багтай телевизүүд хаагдаж, эрх мэдэл мөнгөөр дулдуйдан Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд ноёрхолоо тогтоогоод байгаа телевизүүд энэ халдлагаас ангид хоцорсон гээд хэлчихэд буруудахгүй л болов уу? Хэдэн зуун саяар үнэлэгдэх техник, тоног төхөөрөмжийг худалдан авах бэл бэнчингүй учраас телевизүүд хаагдаж байна. Энэ бол хөрөнгө мөнгөний асуудал. Харин үүний цаана хүний үзэл бодлыг хяхах хавчих том араа шүд хавиралдаж эхлэв. “Мэдээллийн сайтуудын сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам” гэгчийг гаргаж, сэтгэгдэл бичигчийн иргэний үнэмлэх, утасны дугаараас эхлээд регистрийн дугаарыг хүртэл ил тод гаргахыг зарим нэг эрх баригчид шаардаж, хүний эрхэнд ч мэдээллийн эрх чөлөөнд ч увайгүйгээр халдахыг санаархав. Тэдэнтэй олон сар тэмцсэний эцэст мэдээллийн сайтууд арай ч уншигчийнхаа иргэний үнэмлэх, регистрийн дугаарыг ил тод зарладаг болсонгүй. Гэхдээ сайтад ажиллаж байгаа сэтгүүлчид өнөөдөр удирдлагын цэсээ байнга хянаж, хэн нэг даргын тухай мэдээнд түүнийг муулсан, эхнэр хүүхдийг нь матарласан, авлига авсан, албан тушаалаа ашигласан гэдэг сэтгэгдэл орж ирээгүй байгаа даа хэмээн нүдээ хөхөртөл харж, даргатай холбоотой таагүй зүйл байвал шүүрч авч устгадаг, бас тэрний ийм сэтгэгдлийг ингэж устгав хэмээн баяр ёслолын байдалтайгаар Харилцаа, холбооны зохицуулах хороонд тайлан гаргаж өгч байна. Тайлангаа гаргаж өгсөөр байтал Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэн нэг нь байн, байн утас цохиж “Танай сайтын сэтгэгдлийг хянаж байгаа шүү” хэмээн үе үе дарамтлах болов. Сэтгэгдэл бичих талбар дээр хориотой үгсийн шүүлтүүр ашигласны үр дүнд ална хядна гэдэг үгнээс эхлээд Алтанхуяг Ерөнхий сайдын нэр ч энэ талбар дээр бүтэн гарахгүй болчихоод байхад тэд аанай л дарамталсаар...Сонин сэтгүүл гаргахын тулд Монгол улсын иргэн Хууль зүйн яаманд бүртгүүлдэг, телевизийн суваг нээхийн тулд баахан тусгай зөвшөөрөл авдаг байсан бол өнөөдөр домайн хаяг авахын тулд төрийн албан хаагчийн үүд сахих болж байна.
Үүнээс гадна улс төрчид Эрүүгийн хууль барин сэтгүүлчдийг дарамталсаар...Тэдний хамгийн гол нэхдэг зүйл нь эх сурвалж... “Худлаа бичлээ” гэж элдвээр дарамталдаг, эцэст нь “Эрүү үүсгэлээ” айлгадаг. Хамгийн сүүлд нь “Эх сурвалжаа гаргаад өгчих” гэж зандардаг улс төрчид, бас баячуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр...
Телевизүүдийг хөрөнгө мөнгөөр нь ялгаварлан хааж, сайтуудыг хянаж чадсан улс төрчид одоо “Монгол шуудан”-гийн шимтгэлийг нэмэх замаар сонин хэвлэлтэй хийх дайнаа эхлүүлэх гэж байна. Урьд нь таван хувийн шимтгэл төлдөг байсан сонин хэвлэл удахгүй 20-25 хувийн шимтгэл төлнө. Чөлөөт хэвлэл гэлтгүй өдөр тутмын олон сонингууд захиалгын мөнгөнийхөө 20-25 хувийг шимтгэлд төлчихвөл дампуураад ирнэ. Үүний үр дүнд баян эзэдтэй хэдхэн телевиз, сонин, эрх мэдэлтнүүдэд л үйлчилдэг цөөхөн сайтууд л зах зээл дээр үлдэнэ. Тэдний юу бичих, юу ярихыг мөнгөжсөн улс төрчид л шийддэг цаг хаалганы гадаа хүлээж байна.
Баян хүн бааштай гэгчийн үлгэрийг хөөрхий муусайн сэтгүүлчид л хамгийн түрүүнд мэдэрч байгаа. Хаалтын гэрээ байгуулна хэмээн нэг хэсэг нь мөнгө барин гүйж, нөгөө хэсэг нь Эрүүгийн хуулиар айлган дарамталж, харин зарим нь сэтгүүлчдийг элдвээр доромжилсон захиалгат нийтлэлийг сэтгүүлчдээр нь бичүүлэн мөнгө төлөн тарааж байна.
Саяхан гадаадад сая ам.долларын хадгаламжтай хэмээн олон улсад зарлагдсан, улс төрч авилга авч, ард түмнээ хуурсан уу, алгын чинээ газраа бусдад худалдсан уу гэдэг нь тодорхой бус байхад түүнийг ёс зүйтэй хүн хэмээн зарим хэвлэл ичиж улайхгүйгээр магтаж байна. Үүний цаана өнөөх л хөрөнгө мөнгөний асуудал бий гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой.
Монголын газар шороог ухаж, баяжсан нэгэн хатагтай сэтгүүлчдийг муулахын тулд төрийн бус байгууллагад мөнгө төлж, хийгээгүй ажлаа хийсэн мэтээр өөрөө өөрийгөө магтуулж, ачтан гавьяатан хэмээн цоллуулж, энэхүү төлбөртэй нийтлэлээ өдөр тутмын арваад сонингоор тараачихаад эцэст нь сэтгүүлчдэд Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад гомдол гаргаж байна. Одоо тэр хатагтай “Эх сурвалжаа л гаргаад өгчих” хэмээн эрээ цээргүй аашлаж байна.
УИХ-ын сонгуулийн өмнө нэр төрдөө ухаангүй хайртай нэгэн нэр дэвшигч 18 сайтад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад гомдол гаргаж, харин сайд болсныхоо дараа өргөдөл гомдлоо татаж авсан байх юм.
Баян нөлөөтэй эрхмүүдийн өөдөөс ганц өмгөөлөгч хөлслөөд авах бэлгүй олон сэтгүүлчид өнөөдөр шүүх цагдаагийн хаалга татаж, тэдний эсрэг гомдол гаргагсад хуульчдийг бөөн бөөнөөр нь хөлслөн сэтгүүлчдийг дарамтлах ажилдаа ханцуй шамлан орцгоож байна.
Өнөөдөр сэтгүүлчид баян хүнд үйлчилдэг барлаг болон хувирахад ойрхон байна. Их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж, мэдээллийн хэрэгслийг гартаа оруулсан улс төрчид, бизнесменүүд ажилчдаа зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө дуугарахыг шаардаж, үгэнд орохгүй бол ажлаас халдаг, сольдог үзэгдэл үргэлжилсээр...
Хөрөнгөжсөн улс төрчид, төрөөс төрсөн тэрбумтнууд, эрүүгийн гэмт хэрэгтнүүд “Хаалтын гэрээ”, “Сонгуулийн гэрээ” нэрээр сэтгүүлчдийг багахан мөнгөөр худалдан авч, нэр төрөө үнэлсээр...
Зуун жилийн түүхтэй Монголын сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид зуу зуун дарамтан дор амьдарч түүхээ зузаатгаж байна.
Хэвлэлийн эрх чөлөө гэдэг ойлголтыг манай эрх баригчид хэдхэн сэтгүүлчийн эрх чөлөө мэтээр тайлбарлах гэж оролддог. Үнэндээ хэвлэлийн эрх чөлөө сэтгүүлч нарт, тэдний ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагад л үйлчилдэг эд биш. Харин Монголчуудын үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тэр л эрх чөлөөг хамгаалж байгаа гэдгийг ухаарах цаг болоод байна.
Б.Цоожчулуунцэцэг
www.shudarga.mn сайт